
Сэтгүүлч бүр Хүний эрхийн хамгаалагч юм
Мэдэх эрх болон мэдээлэл авах эрх нь хүний үндсэн эрх юм.
Сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаагаараа мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх зэргээр нийтийн мэдэх эрхийг хангадаг учраас тэд хүний эрх хамгаалагчид болно.
Мэдэх эрх нь иргэний мэдээлэлтэй байхыг хэлэх бөгөөд тэд үнэн зөв, бүрэн дүүрэн мэдээллээр хангагдах ёстой билээ.
Олон улсын хэмжээнд үйл ажиллагааны статус, төрлөөсөө (хэвлэл, радио, телевиз, эсвэл интернэт) үл хамааран хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлч бүр хүний эрх хамгаалагч юм.
НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 34 дүгээр Ерөнхий зөвлөмжид “Сэтгүүлчийг мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулсны төлөө эрүүгийн хуулиар шийтгэх нь хүний эрхийн ноцтой зөрчилд тооцогдоно” гэжээ. Эрүүгийн хуулиар хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах нь сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай талаар хүний эрхийн гэрээний хороодын дүгнэлт, зөвлөмжид дурдсан байна.
Улс орнууд сэтгүүлчдэд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцохоос татгалздаг бол манай улсад сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин хангалттай биш, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ажлыг хийхэд хууль, тогтоомжоор хориглосон зохицуулалт их байгаагаас сэтгүүлчид мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө худал мэдээлэл тараасан, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан, эдийн бус хохирол учруулсан гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдах нь нийтлэг байна.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” асуудлаар 2021-2024 оны эхний хагас жилийн байдлаар 56 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 30 нь сэтгүүлчтэй холбоотой байна. Тодруулбал,
- 2021 онд 18 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 9 буюу 50 хувь,
- 2022 онд 21 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 10 буюу 47.6 хувь,
- 2023 онд 10 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 6 буюу 60 хувь,
- 2024 оны эхний хагас жилийн байдлаар 7 хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэний 4 буюу 57.1 хувь нь сэтгүүлчидтэй холбоотой байна.
Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд зааснаар илт худал мэдээлэл тараах гэмт хэрэгт
- 2023 онд 3 сэтгүүлч,
- 2024 оны эхний хагас жилийн байдлаар 2 сэтгүүлчийн хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Хүний эрхийн үндэсний комиссоос 2024 онд сэтгүүлчтэй холбоотой эрүү, иргэний хэрэг маргаантай шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж үзэхэд, Эрүүгийн 10 хэрэгт 14 этгээдийг хохирогчоор тогтоосны
- 9 нь улс төрийн албан тушаалтан,
- 1 нь улс төрийн албан тушаалтантай хамаарал бүхий,
- 2 нь хууль сахиулах байгууллагын албан тушаалтан,
- 1 нь төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан,
- 1 нь ерөнхий боловсролын сургуулийн захирал байв.
Тэд өөрсдийнх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэж, нэр төр, алдар хүндээ сэргээлгэхээр цагдаагийн байгууллагад ханджээ. Эдгээр 10 хэрэгт 12 сэтгүүлчийг холбогдуулан шалгагдсаны 11-ийг нь гэм буруутайд тооцож, 8-д нь ял оногдуулж, 2 нь Өршөөлийн тухай хуульд хамруулсан бол, 1 сэтгүүлчид холбогдох хэргийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Дээрх ял авсан 8 сэтгүүлчид торгох болон зорчих эрх хязгаарлах гэсэн 2 төрлийн ял оногдуулсан.
Монгол Улсад нэр бүхий сэтгүүлчдийг баривчилж, цагдан хорьж, хорих ялаар шийтгэж буй явдал нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлийг нэн даруй хангах шаардлагатай байгааг “Хил хязгааргүй сэтгүүлчид”, “Олон улсын Сэтгүүлчдын холбоо” зэрэг олон улсын байгууллагууд сануулж, шаардсан.“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллага нь хараат бус “Ноорог” цахим мэдээллийн хэрэгслийн редакцын байранд цагдаагийнхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж, ажилтнуудыг нь шөнөжин байцаан, мэргэжлийн техник хэрэгслийг нь хураан авсныг буруушааж байна. “Ноорог” сайтынхан сонгуулийн тухай баримтат киногоо нээхээр зэхэж байгаа талаар олон нийтэд мэдээлсний дараахан “үндэсний эв нэгдлийг бусниулсан” гэх үндэслэл муутай шалтгаанаар энэхүү дур зоргын ажиллагааг явуулжээ гэсэн мэдэгдэл гаргасан.
Түүнчлэн “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллага нь үүсээд буй энэхүү санаа зовоосон нөхцөл байдал, мөн Засгийн газраас Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэхээр төлөвлөж буйтай холбогдуулан Монгол Улсын хууль тогтоогчдод сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар багц зөвлөмж хүргүүлсэн байна.
Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо 2020 оноос хойш жил тутам буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал
- 2020 онд 513 байсан бол
- 2023 оны байдлаар 434 болж 79-өөр буурчээ.
- 2023 оны байдлаар 51 сонин, 41 сэтгүүл, 45 радио, 111 телевиз, 186 мэдээллийн сайт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
2024 оны байдлаар хэвлэл мэдээллийн салбарын 434 байгууллагад 4,378 хүн ажиллаж байна. Насны хувьд нийт ажиллагчдын 28 хувийг 30 хүртэлх насныхан, 38 хувийг 30-40 хүртэлх насныхан бүрдүүлж байна. Тус салбарт ажиллаж буй хоёр хүн тутмын нэг нь сэтгүүл зүйн бүтээлч ажилтан буюу сэтгүүлч, редактор, тоймчид байгаа бөгөөд тэдгээрийн тал хувь нь сэтгүүлч мэргэжилтэй байна.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн. Уг хууль зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагааар хязгаарлагдахгүй түүнд ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэргэжлийн ажлаа чөлөөтэй явуулах эрхийн тухай хууль бөгөөд Үүний цаан Монгол Улсын иргэн бүрийн мэдээлэл авах эрхийн тухай хууль юм.
Монгол Улсад сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас гадна төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс мэдээллийн хүртээмжийг хязгаарлах, шүүхийн дарамт үзүүлэх зэрэг ноцтой асуудал үргэлжилсээр байна. Олон улсын хэмжээнд сэтгүүлчдийг хамгаалах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нь ардчиллын суурь зарчим болох мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулахад чухал үүрэгтэй гэж үздэг.
Монгол Улсад сэтгүүлчид эрүүгийн гэмт хэрэгт яллагдах, шийтгэгдэх явдал нэмэгдсээр байна. Энэ байдал нь хувь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйгээс үл хамааран сэтгүүлчдийн эсрэг зориуд чиглэсэн шинжтэй бөгөөд шударга шүүмжлэл өрнүүлсэн сэтгүүлчийн дуу хоолойг хязгаарлах хэлбэрээр илэрч байна. Мөн сэтгүүлчид мэргэжлийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэх явцад сэтгэл санаа, ялгаварлан гадуурхалтад өртөх явдал түгээмэл гарч байна.
Эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын зүгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзах, шүүх, цагдаа, прокурор зэрэг олон газарт сэтгүүлчийн эсрэг гомдол өгч, залхаан цээрлүүлэх явдал түгээмэл байна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад тулгарч буй дээрх асуудлуудыг бууруулахын тулд авч хэрэгжүүлэх хамгийн чухал арга хэмжээ бол эрх зүйн орчныг сайжруулах гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулжээ. Мөн сэтгүүлчийн үйл ажиллагаанд заналхийлэл, айлган сүрдүүлэлт, дарамт шахалт ихсэж байгаа нь тэдний аюулгүй байдал, мэргэжлийн эрх чөлөөнд халдаж буй хэлбэр юм.
Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж байна. Тухайлбал “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2023 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу “асуудалтай” гэж дүгнэсэн бол 2024 онд Монгол Улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөг 51.34 оноотойгоор “муу” гэж дүгнэгдсэн бөгөөд 180 орноос 109 дүгээрт эрэмбэлэгджээ.71 Энэ нь 2023 оны үзүүлэлтээс 21 байр ухарсан үзүүлэлт бөгөөд хэвлэлийн эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа улс орнуудын тоонд багтсан гэсэн үг юм.
Эх сурвалж: Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл