
Монголбанкны тайлан: Цаашид инфляц өсөх эрсдэлтэй байна
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн 7 сарын турш саарч, 2025 оны 1 дүгээр сард 11.6 хувьд хүрсэн талаар Монголбанкны шинэчилсэн тайланд дурджээ.
Үүнд гадаад валютын цэвэр орох урсгал буурч, банкны систем дэх гадаад цэвэр активын өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн гэв.
Харин зээлийн өсөлт өндөрт хадгалагдаж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг тэтгэсэн хэвээр байна. Тодруулбал, цалин болон хэрэглээ, хадгаламж барьцаалсан зээлийн өсөлт алгуур саарч байгаа ч бизнесийн зээлийн өсөлт үргэлжлэн эрчимжсэнээр банкны систем дэх нийт зээлийн өсөлт 2025 оны 1 дүгээр сард 35 хувьд хүрлээ. Бизнесийн зээлийн өсөлтийн дийлэнх буюу 79 хувийг хөдөө аж ахуй, уул уурхай, худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн өсөлт бүрдүүлж байна. Дотоод эдийн засгийн идэвхжил, цалин, төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор эрэлт, зардлын шалтгаантай инфляцын дарамт хүлээлтээс өндөр байж, инфляцын төсөөлөл өмнөхөөс нэмэгдсэн.
Инфляцын эрч оны сүүлээс буурах хүлээлттэй хэдий ч цаашид гадаад орчин дахь тодорхой бус байдал, энэ онд хэрэгжихээр хүлээгдэж буй томоохон төслүүдийн бүтээн байгуулалтууд дотоодоос санхүүжих нөхцөл байдал үүсвэл төлбөрийн тэнцэл, төгрөгийн ханшид ирэх дарамтыг нэмэгдүүлж, импортын бараа бүтээгдэхүүн, орцын үнээр дамжин инфляцыг эрчимжүүлэх эрсдэлтэй байгаа талаар тайланд дурджээ.