
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/-ийг хэлэлцэж буй.
Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хууль бол хууль батлагдаад л хэрэгжинэ. Өнөөдөр Монгол Улс даяар чонын асуудал үүсчхээд байгаа ч юм биш. Зохицуулалттай. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд ч, Эрүүгийн тухай хуульд ч тусгасан байдаг. “Мал сүргийг хамгаалах болон тодорхой нутаг дэвсгэрт тоо толгойг сийрэгжүүлэх зорилгоор чоно агнахад төлбөрөөс чөлөөлөх” зохицуулалт бий. Аймаг сумын Засаг дарга нар нөөцөөс тогтоогоод урьдчилсан байдлаар агнах зөвшөөрлийг авч байгаа. Гэтэл ахуйн чиглэлээр агнах гэж байгаа төлбөрийг чөлөөлөх гэж байгаа юм шиг харагдаад байгаа хэлбэр. Зөвхөн баруун аймагт чоно их байгаа юм биш. Бусад аймгуудад их байгаа юу. Үргэлжлүүлээд ирвэсний асуудал орж ирэх вий дээ, малын хотонд ордог гэдгээрээ. Одоо зохицуулалттай зүйлийг заавал ингэж хөндөх шаардлага байгаа юу. Чоно агнах сонирхолтой анчид, эд эрхтэн худалдаалах асуудал нэмэгдэж байгаа. Саарал чоно зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн 2-р хавсралтанд бүртгэгдсэн. Үүнийг судалсан уу. Эргээд сэргээх гэж улс байтугай олон улсын түвшинд бөөн асуудал үүсдэг.
2019-2024 оны хооронд 1056 саарал чоныг ахуйн зориулалтаар агнах зөвшөөрлийг олгосон. Гэвч 153-ыг л агнасан байна” гэв.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: Та бараг өөрийнхөө асуултанд хариулчихлаа. Чоно агнахын тулд зөвшөөрөл авдаг. 1900 орчим зөвшөөрөл авчхаад 150-ийг агнасан байна гэлээ. Яг л тийм байгаа. Модтой газар чоно агнах гээд дийлдэггүй. Зүүн гурван аймгийг эс тооцвол монгол даяар чоноо дийлэхээ больчихсон. 1987 оноос хойш чонын тооллого хийгдээгүй байна. Сүүлийн 40 гаруй жил гэсэн үг. “Яг эндээс агнана” гээд сумаасаа тав хоногийн зөвшөөрөл авдаг ч, чаддаггүй. Зөвшөөрлийнх нь хугацаа дуусчихдаг. Дахиад л явж зөвшөөрөл авах болдог. Шат дамжлага ихтэй байна. Хүн рүү, хот руу дайрсан чоныг агначихвал хууль бус ан агнасан болчихдог. Машин, буугаа хураалгадаг” хэмээн хариуллаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Нөөц тоотой холбоотой асуудлыг судлаагүй байж яаж агнах тухай асуудлыг шууд хөндөж байгаа юм бэ. Илүүдэлтэй гэж яаж тооцоод байгаа юм. БОУАӨЯ-ны ажилчид мэдээллүүдээ зөв өгөх ёстой. Хууль нэгмөр хэрэгжинэ гээд бүх газар чоно агнах вий дээ. Чонын тоо толгойг сэргээхийн тулд Монгол Улс нэлээн хүчин чармайлт гаргасан шүү. 2009 оны Засгийн газрын тогтоол бий. Хэнтий, Дорнод, Сүхбаатар чоногүй гээд” хэмээв.