
Шатар Энэ оны долоодугаар сард эхлэх $70,450,000 (249 тэрбум төгрөг) шагналын сантай “Esports World Cup 2025” наадам нийт 21 төрлийн электрон спортыг хамрах дунд шатрын төрөл байгаа юм. Улмаар дэлхийн электрон спортын томоохон байгууллагууд шатрын тоглогчтой болсноо зарлаж эхэлсэн.
Шатрын IM /Олон улсын Мастер/ Батхуягийн Мөнгөнтуул Монголын электрон спортын хамгийн том байгууллага “The MongolZ”-д нэгдсэнийг багийн цахим хаягаар мэдэгдлээ.
Мэдэгдэлд “Жилийн хамгийн том испортын тэмцээнүүдийн нэг болох Esports World Cup 2025 энэ жилийн өрсөлдөөний төрлүүддээ шатрыг нэмснээр испорт болон шатар сонирхогчдын сонирхлыг ихээхэн татаад байсан билээ. Шатрыг онлайнаар тоглох боломжтой нь ч энэхүү оюун ухааны спортыг “Испорт” хэмээн хаяглахад ихээхэн нөлөөлж, өдрөөс өдөрт онлайнаар шинэ шинэ тоглогчид нэмж хүрээгээ тэлсээр байгаа юм” хэмээжээ.
Б.Мөнгөнтуулын яг одоо Энэтхэгийн Пуна хотноо “FIDE Women’s Grand Prix 2025 – Pune” тэмцээнд оролцож байгаа бөгөөд эхний өрөгтөө 17:30 цагаас Гүржийн Саломе Мелиатай тоглоно.