
“Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан” Хангайн бүсээс эхэллээ. Засгийн газрын гишүүд болон Хангайн бүсээс сонгогдсон гишүүд, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Засаг дарга нар Хангайн бүсийн хөгжлийн гарц шийдлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Мөнхтулга автозамын асуудлаар ярилаа. Тэрээр, “Хөдөө орон нутагт иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудлаар олон төслийн санаа хэлсэн. Жишээ нь хот хөдөөгийн ялгааг арилгах, хөдөөгийн компани, ААН, ажил олгогч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх, бүсчилсэн татвар ноогдуулах талаар иргэд, ААН-үүд, Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан маань саналаа хэлж байна. Одоогийн татварын орчин бол, 1000 км-ээс цааш хөнгөлөлтөд ордог. Үүнээс дотогш үйл ажиллагаагаа явуулдаг ААН-үүд ордоггүй. Энэ асуудлыг уян хатнаар зохицуулж болох хуулийн саналуудыг хэлж байна.
Мөн УИХ-ын гишүүд Архангай-Баянхонгор, Архангай-Өвөрхангай аймгийг холбосон аялал жуулчлалын цагариг замын ТЭЗҮ-ийг 2025 оны төсөвт суулгаж батлуулсан. 2026 оноос улсын төсөв дээр автозамын асуудлаа шийдэж байж ая тухтай амьдрах, эдийн засгаа тэлэх, аялал аялал жуулчлалаа хөгжүүлэх асуудал яригдана. Наадмаар Хангайн бүсийг зорьж буй жуулчид Лүн, Элсэн тасархайд түгжирдэг. Энэ түгжрэлийг саармагжуулахын тулд Улаанбаатар-Лүн чиглэлд зургаан эгнээтэй авто зам барина.
Хархорум хотын тухайд улсын нийслэлийн статустай, ирээдүйн аялал жуулчлал технологийн төв болох зориулалттай хот. Энэ хотын талаарх иргэдийн итгэл үнэмшил сул байна. Тиймээс эдийн засгийн хөрөнгө оруулагч нарыг татахын тулд эхний ээлжид Хархорум хүртэлх автозамаа яаралтай барих нь улсын үүрэг мөн. Тийм учраас Лүнгээс Хархорум хүрэх замын зураг төслийг хийлгэж эхлэхээр шийдвэрлэлээ.