
Өнгөрсөн ням гарагийн өглөө ОХУ-ын зэвсэгт хүчний Украины Сумы хотод үзүүлсэн пуужингийн хоёр удаагийн цохилтын улмаас 34 хүн амь үрэгдэж, 117 хүн шархаджээ. Амь үрэгдсэн иргэдийн дунд хоёр, шархадсан иргэдийн дунд 15 хүүхэд байгаа аж. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын баллистик пуужингийн цохилтод Сумы хотын орон сууцны болон сургуулийн барилгууд өртсөн болохыг мөн Улаан өндөгний баярын өмнөх ням гарагийн өглөө цохилт үзүүлснээс болж сүм рүү явж байсан олон тооны энгийн иргэд амиа алдаж, шархадсан болохыг онцолжээ.
Тэрээр АНУ, Европын орнууд болон бусад улс орнуудаас ОХУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахыг уриалсан байна. Сумы мужийн Конотоп хотын дарга Артем Семенихины мэдэгдсэнээр оросууд цохилт үзүүлэх үед Сумы хотод Украины зэвсэгт хүчний албан хаагчдад шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байсан ба уг үйл ажиллагааг Сумы мужийн зэвсэгт хүчний удирдлагын тэргүүн Владимир Артюх зохион байгуулжээ. Тухайн үед түүнд ийм төрлийн арга хэмжээ зохион байгуулах нь эрсдэлтэй болохыг анхааруулж байжээ.