
2022 онд дэлхий даяар гурван сая гаруй хүүхэд антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараас болж нас баржээ. Тэр дундаа Африк болон Зүүн Өмнөд Азийн хүүхдүүд антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараас болж эндэх хамгийн өндөр эрсдэлтэй байна. Халдвар үүсгэгч нянгууд нь хувьсан өөрчлөгдсөнөөр тухайн нянг устгадаг эмийн бүтээгдэхүүнүүд цаашид үйлчлэхээ больсоноор антибиотикт тэсвэртэй нян үүсдэг. Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нь дэлхийн хүн амд тулгараад буй эрүүл мэндийн хамгийн том аюулын нэг болоод буйг ДЭМБ анхаарууллаа.
Судлаачид 2022 онд гурван сая гаруй хүүхэд антибиотикт тэсвэртэй нянгийн халдвараас болж нас барсан болохыг тогтоожээ. Түүнээс гадна хүүхдүүдийн дундах антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар нь өнгөрсөн гурван жилд 10 дахин нэмэгдсэн байна. Антибиотикийг арьсны өвчин, уушгины хатгалгаа зэрэг нянгийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг ба зарим үед нянгийн халдвараас сэргийлэхэд ч хэрэглэнэ. Мэс засалд орохын өмнөх, хими эмчилгээ хийлгэхийн өмнөх антибиотик эмчилгээ хийлгэдэг аж. Антибиотик нь томуу, томуу төст өвчин, коронавирусын халдвар зэрэг вирусээр үүсгэгдсэн халдварт өвчинд хэрэглэхэд нөлөө үзүүлэхгүй, үр дүнгүй юм.
Антибиотикийг замбараагүй, зохисгүй хэрэглэсний уршгаар зарим төрлийн нянд антибиотик үйлчлэхээ болиод байгаа юм. 2019 оноос 2021 он хүртэлх хугацаанд антибиотикт тэсвэртэй нян үүсгэх эрсдэл өндөртэй антибиотикийн хэрэглээ Зүүн Өмнөд Азид 160%, Африкт 126%-аар өссөн байна. Нөгөө талаас 2019-2021 оны хооронд хүнд хэлбэрийн, олон төрлийн эмэнд тэсвэртэй халдварын үед хамгийн сүүлд хэрэглэх “нөөц антибиотик”-ийн хэрэглээ Зүүн Өмнөд Азид 45%, Африкт 125%-аар өссөн байна. Хэрэв нянгууд “нөөц антибиотик”-уудад тэсвэртэй болбол хүнд хэлбэрийн, олон төрлийн эмэнд тэсвэртэй халдварыг эмчлэх эм үлдэхгүй гэдгийг судлаачид онцолж байна. Түүнээс гадна антибиотик нь бидний эргэн тойронд, идэж буй хоол хүнс, хүрээлэн буй орчинд гээд хаа сайгүй тааралддаг. Антибиотикт тэсвэртэй нянгийн халвар авахгүй байх хамгийн шилдэг арга бол ямар ч төрлийн халдвар авахгүй байх явдал бөгөөд үүнд дархлаажуулалтанд хамрагдах, ариун цэврийг сайтар сахих зэрэг багтах юм.