
Дэлхий дахин маш хурацтайгаар хүрнээс ногоон руу шилжиж байна. Монголчууд энэ шилжилтийн хаана явж байна вэ?
Хөрсөө хуулж хүрэн нүүрсээ ухан, утаан дундаа угаартаж, хилийн үнэд боомилогдсон та бид хэрхэх ёстой вэ?
Бид IT, технологи өндөр хөгжсөн, энергийн шилжилт явагдаж байгаа энэ цаг үед дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд газрын ховор элементийн асуудлуудыг яаралтай шийдэхгүй бол дэлхийгээс хоцрох нь тодорхой болоод байна.
Тэгвэл газрын ховор элемент гэж юу вэ? Химийн элементийн үелэх систем дэх нэршлээр нь харвал, лантанадын төрлийн 17 элементийг хэлдэг.
Газрын ховор элементүүдийн хүнд элементүүд нь дэлхий дээр эрэлт их, үнэ өндөр байна
Ө.Соёл-Эрдэнэ Газрын ховор элементийн судалгааны багийн судлаач
Газрын ховор элементийн 17 элементийн нэг хэсэг нь хөнгөн элемент нөгөө хэсэг нь хүнд элемент гэж ялгардаг. Хөнгөн элемент нь дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт ихтэй, үнэ багатай гэж хэлж болно. Хүнд гэж тодорхойлоод байгаа элементүүд дэлхийн зах зээл дээр нийлүүлэлт багасчихсан учраас өндөр өртөгтэй байдаг. Мөн хэрэглээ нь бидний сайн мэддэг ногоон эрчим хүч, салхины сэнс, цахилгаан машины соронзон моторыг хийхэд их чухал үр дүнтэй учраас тэр тал руугаа илүү анхаараад байна.
Хамгийн энгийн жишээ бол та бидний амин чухал хэрэглээ болсон Тоёота Приус машины батарейнд неодиум гэх элементийг 1 кг-ыг ашигладаг байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад газрын ховор элементийн зургаан орд нээгдсэн ба 6.1 сая тоннын нөөцтэй 5 орд, нэг шороон орд, 80 гаруй илрэлүүд тогтоогдсон байгаа. Халзан бүрэгтэй, Улаан дэл, Хотгор, Цагаан чулуут гэсэн газрууд газрын ховор элементийн илэрлүүд бий. Газрын ховор элементийн нөөцөөрөө бид дэлхийд 15-д эрэмбэлэгдэж байна.
Харин нээгдсэн ордуудаас ашиглаж эхэлж буй ганц орд бол Ховд аймгийн Мянгад суманд байрлах Халзан бүрэгтэйн орд юм.
Диспрози, терби, празоди, неоди гэсэн энэ 4 элементийн агуулга бий
А.Цолмон “Халзан бүрэгтэй” төслийн Гүйцэтгэх захирал
Ер нь бол диспрози, терби, празоди, неоди гэсэн энэ 4 элементийн агуулга, үүн дээр нэмэх нь танталнеоби гэсэн ийм элементүүд. Халзан бүрэгтэйн ордод байгаа нь бол 4 гэж харж байгаа. Энэ элементүүд эрчим хүчний шилжилтэд нэн чухал шаардлагатай, цахилгаан сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машины мотор нь дандаа эд ангид ордог ийм түүхий эдүүд байгаа. Тэгэхээр бид нар энийгээ өөрсдөө олборлоод, боловсруулаад, гаргаад, тэгээд буцаагаад цахилгаан машин байдлаар нь оруулж ирээд өөрсдөө унаад явах л ийм л цикл рүү орж байгаа юм.
Хэдийгээр манай улсад газрын ховор элементийн нөөцүүдийг тодорхой хэмжээнд тогтоогдсон ч гүн боловсруулах, цаашлаад ислийг үйлдвэрлэх үйлдвэрийн процессын үйл ажиллагаа хоцрогдсон гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Ө.Соёл-Эрдэнэ Газрын ховор элементийн судалгааны багийн судлаач
Монгол орны хувьд газрын ховор элементээр бүс нутгаар, Монгол орондоо бүрэн судалгаа хийгдээгүй байгаа. 5 орд байгаа дээр 70, 80-аад орчим илрэл гэж яриад байгаа. Үүний түвшинд дахин нарийн сайн судалгаа хийх шаардлагатай байгаа.
Дэлхийн зах зээл дээр батарейг хийдэг элементүүд болох никель, литумын эрэлт өссөн
А.Мөнхбадрал “Nomadic X” төслийн багийн гишүүн
Дэлхийн зах зээл дээр батарейг хийдэг элементүүд болох никель литум зэрэг материалуудын эрэлт үүсчихээд байгаа. Энэнтэй холбоотойгоор олон улс энэ материалууд дээр элементүүдийн хайгуулд их анхаарал хандуулж байгаа. Тийм учраас Монгол Улс тэр хэмжээгээр энд илүү их анхаарч ажиллах шаардлагатай байгаа.
Нэгэнт дэлхийн чиг хандлага хүрэн нүүрснээс татгалзаж ногоон руу шилжиж байгаа энэ цаг үед газрын ховор элементээ ашиглах та бидний ирээдүйн алхам болоод байна. Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэс Критикал Минерал” компанийг байгуулан ажиллаж байна.
Увс аймагт хүнд элементийн хүдэржилт ихтэй шинэ орд нээсэн
Ө.Соёл-Эрдэнэ Газрын ховор элементийн судалгааны багийн судлаач
Бид Увс аймгийн Өндөрхангай суманд жишээ нь судалгаа хийгээд ихрийн гэж нэрлэж болохоор газрын ховрын нэлээн их тийм хүдэржилт бүхий талбайг олоод байгаа. Талбай маань өөрөө хүнд элемент байж болох диспрози, итри зэрэг элементүүд бусад төрлийн ордоосоо илүү өндөр байгаа. Дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй, өндөр үнэтэй хүнд элементүүд манай тэр талбайд илэрсэн. Нийт 17 элемент цогцоороо байдаг учраас бусад хөнгөн элементүүд бас тэнд дагалдахаар байгаа.
БНХАУ бол дэлхийн газрын ховор элемент буюу чухал ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд монополь тогтоосон улс. Зах зээлд 70 гаруй хувийг дангаараа нийлүүлж байна. 2010 оноос хойш БНХАУ-ын газрын ховор элементийн экспорт огцом буурснаар дэлхийн зах зээл дээр эрэлт өсөж, газрын ховор элементийн үнэ ч огцом өссөөр байгаа юм. Газрын ховор элементийн хувьд дэлхийн дараагийн найдвартай эх үүсвэр Монгол байж болох юм аа гэж эрдэмтэн судлаачид дүгнээд байгаа.
Газрын ховор элемент нь зөвхөн техник технологи болон тодорхой салбаруудад ашиглагдаад зогсохгүй глобал эдийн засаг, улс орнуудын харилцаа, худалдааны дайны хэмжээнд хүртэл яригдаж байгаа асуудал. Энэ асуудлыг та бүхэнд дараагийн дугаараараа тоймлон хүргэе.