
Дэлхийн зах зээлийн чиг хандлага, манай улсын түүхий эдийн нөөц, боломж, бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт зэрэг дээр тулгуурлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан-Алт” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж, УИХ-аас “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” тогтоол батлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд,
- ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг 20-40 хувь,
- ноосны бүрэн боловсруулалтын түвшинг 25-50 хувь,
- арьс ширний гүн боловсруулалтын түвшинг 30-50 хувьд хүргэх зорилго тавин ажиллаж байгаа.
“Цагаан алт”-ын эргэн тойронд буй зарим нэг тоог танилцуулья.
- Дэлхийн ширхэгт материалын үйлдвэрлэлд жилд 116 сая тонн шаардлагатай байдаг бөгөөд үүнээс амьтны гаралтай ширхэгт 1.6 хувийг эзэлж байна.
- Дэлхийн ноолуурын түүхий эдийн 40 хувийг Монгол Улс бэлтгэдэг.
- 2029 он хүртэл дэлхийн ноолуурын зах зээл жилийн 6.1 хувиар өсөж 4.3 тэрбум ам.долларт хүрэх судалгаа бий.
- Манай улс хонины тоо толгойгоороо дэлхийд 14 дүгээрт орж, жилдээ 30 мянга гаруй тонн хонины ноос бэлтгэдэг.
- 2029 он хүртэл дэлхийн ноосны зах зээл жилийн 3.2 хувиар өсөж 45.6 тэрбум ам.долларт хүрэх судалгаа байна.
- Дэлхийн арьсан эдлэлийн зах зээл жилийн дундаж өсөлт 4.3 хувь бөгөөд 2029 онд 376.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгааг юм. Энэ тоонуудаас харахад “Цагаан алт”-ад үнэхээр ирээдүй байна.
Тэгвэл Монгол Улсад ямар потенциал байна вэ?
Манай улс 2024 оны байдлаар 57.7 сая толгой малтай болсон. Үүнээс,
- ноолуур 8.5,
- хонины ноос 34.2,
- тэмээний ноос 1.9 мянган тонн,
- сарлагийн хөөвөр 397.6 тонн,
- арьс шир 17.2 сая.ширхгийг бэлтгэх боломжтой.
Улсын хэмжээнд ноос ноолуур боловсруулах 173 үйлдвэр аж ахуйн нэгж тус салбарт үйл ажиллагаа явуулж байгаагаас,
- угаах 76.485,
- хялгас ялгах 13.122,
- ээрэх ноолуур 2.978, ноос 2.110 тонн,
- нэхэх ноолуур 2,512,
- хивс 1.600 мянган м2,
- сүлжих 5,293 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадал суурилагдсан байна.
Улсын хэмжээнд арьс шир боловсруулах 27 үйлдвэр байгаагаас Улаанбаатар хотод 24, Дархан-Уул аймагт 2, Өвөрхангай аймагт нэг аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Манай улс жилд 15-20 сая ширхэг арьс ширэн түүхий эд бэлтгэх нөөцтэй бол 21.3 сая ширхэг арьс ширийг хагас боловсруулах хүчин чадал суурилагдаад байна. Манай улсын ноолуур боловсруулах салбарын хувьд угаах, самнах хүчин чадал түүхий эдийнхээ нөөцөд тулгуурлан 100 хувь суурилагдсан, ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадал дутмаг байгааг салбарын сайд нь онцолсон.
Гэсэн ч дэлхий дахинд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй эрэлтийг дагаж “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд манайдаа үнэгүйдчихээд байгаа арьс, шир, ноосыг үнэд хүргэн экспортлож чадвал та бидний зол болох юм. Нэгэнт нүүдэлчин, мал аж ахуйд суурилсан амьдралтай монголчуудад эзгүйрчих дөхсөн хөдөө нутгаа эзэнтэй болгож, үнэгүйдсэн малын гаралтай бүтээгдэхүүнээ ингэж ашиглах нь зүйн хэрэг.
“Цагаан-Алт” хөдөлгөөн дөрвөн үндсэн чиглэлээр 18 оролцогч талуудын хамтын ажиллагааны хүрээнд 27 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Ингэснээр арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын 3.1 их наяд төгрөгийн үйлдвэрлэл, 831.4 сая ам.долларын экспорт, 25.8 мянган ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж тооцоолжээ.
“Цагаан-Алт” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд 1.5 их наяд төгрөгийн арилжааны 10 банкны эх үүсвэрээр хөнгөлттэй зээл олгох бөгөөд энэ хүрээнд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар ноолуурын салбараас 71, ноосны салбараас 148, арьс ширний салбараас 96, нийт 315 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлсэн байна. Мөн хөрөнгө оруулалтын зээлд ноолуурын салбараас 64, ноосны салбараас 129, арьс ширний салбараас 69, нийт 262 аж ахуйн нэгж зээл авах хүсэлтээ ирүүлжээ.
2025 онд ноолуур боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 230 тэрбум төгрөг, ээрэх, нэхэх, сүлжих дамжлагын хөрөнгө оруулалтад 132 тэрбум төгрөг, ноос боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 30 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 290.9 тэрбум төгрөг, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн салбарын эргэлтийн хөрөнгийн зээлд 40 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтад 66 тэрбум төгрөг тус тус олгогдохоор санхүүжилт нь батлагдаад зээл олгож эхлэсэн байна.