
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индрээс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлнэ гэж зарласан. Үүний дагуу төр, хувийн хэвшлийн олон байгууллага “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалт өгсөн юм.
Уг амлалтын хүрээнд хэрэгжих “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөр нь бодитоор тарьж ургуулах болон дүйцүүлэх үндсэн 2 хэсэгт хуваагдана. Тодруулбал, ойжуулалтын хүрээнд 1.3 сая мод тарьж ургуулсан бол 19.2 сая мод тарьж ургуулахтай дүйцэх ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэж, нийт дүнгээр 20.5 сая мод тарьж, ургуулсан гэсэн гүйцэтгэлтэй ажиллаж байна. Ойжуулалтын ажлуудыг Богдхан уул, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум, Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд сумдад хийсэн. Мод тарих нь зөв тариалалт, байнгын арчилгааны үндсэн дээр урт хугацаанд үр дүнгээ өгдөг учир “Оюу толгой” компани тарьж ургуулсан мод бүрийн тогтвортой ургалтад онцгой анхаарч ажиллаж ирлээ.
Ойн Салбарын Хөрөнгө Оруулалт
2023, 2024 онуудад ойн салбарын нөхөн сэргээлтийн хүрээнд, эвдэрч, орхигдсон 615.9 га талбайд нөхөн сэргээлт хийж, шинээр орчин үеийн бүрэн механикжсан мод үржүүлгийн таван газрыг байгуулсан байна.
Мөн ойн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий арван багц буюу 8 төрлийн 80 ширхэг тоног төхөөрөмжийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүлээлгэн өгсөн. Түүнчлэн үр болон тарьц ашиглан мод тарих уламжлалт аргуудыг үрийн бөмбөг ашиглан дроноор тарих шинэ технологитой харьцуулан судлах туршилтуудыг хийсэн, мөн хугацаанд байгаль орчин, ойн инженер мэргэжлээр суралцаж буй 10 оюутанд тэтгэлэг олгоод байна.


2024 оны аравдугаар сарын 18. Сэлэнгэ аймагт байгалийн нөхөн сэргээлт хийсэн талбай. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
2022-2024 оны масс ойжуулалт хийсэн төслүүд болох Богдхан уулын Түргэний амны 70 га, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 400 га, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын 60 га, Ханбогд сумын автозамын ойн зурвас зэрэг төслүүд дээр дөнгөж тарьсан модыг мал, зэрлэг амьтан гишгэж талхлах, идэх зэргээр устгах эрсдэл гарсан. Энэ асуудлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх гол арга зам бол ойжуулалт хийж байгаа талбайгаа тойруулан хашаа барих, хашааны бүрэн бүтэн байдлыг хамгаалах юм.
Малчидтай хамтын ажиллагаа – Тогтвортой ойжуулалтын шийдэл
Мод тарих ажлыг орон нутгийн малчидтай харилцан ашигтай байдлаар хамтран хэрэгжүүлэх нь онцгой чухал. Малын тоо толгой өссөний улмаас бэлчээрийн даац хэтрэх, газрын доройтол, цөлжилтөд нөлөөлж буй гол хүчин зүйлүүдийн нэг хэмээн үздэг ч нөгөө талаас уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуй нь манай орны эрт дээр үеэс үе уламжилж ирсэн гол аж ахуй юм.


2024 оны аравдугаар сарын 18. Сэлэнгэ аймгийн тужын нарст байгалийн нөхөн сэргээлт хийсэн талбай. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
Тиймээс “Оюу толгой” компани малчидтай хамтран ажиллах буюу ойжуулалтын төслүүдээ хэрэгжүүлэх харилцан ашигтай шинэ хувилбаруудыг авч хэрэгжүүлэхийг зорьж байгаа юм. Ойжуулалтын талбайг хамгаалах шаардлагатай бөгөөд үүний тулд компанийн зүгээс малчдын оролцоог нэмэгдүүлэх доорх шийдлүүдийг зарим нэг төслүүд дээрээ санал болгож байна. Үүнд:
- Малчдыг ойжуулалтын талбайн харуул хамгаалалтын үүрэгтэй гэрээт ажилтан болгох,
- Хашаалсан талбайд эдийн засгийн өгөөжтэй жимсний мод тарих, ургацын үр өгөөжийг малчдад хүртээх,
- Тарьсан мод тогтвортой ургасны дараа хашааг малчдын өмчлөлд шилжүүлэх,
- Малчдаар үр, мөчир бэлтгүүлэн худалдаж авах,
- Хадлан авах талбай гаргаж ойжуулалт хийх зэрэг багтах юм.
Өвлүүлэн үлдээе сар бүрийн хэлэлцүүлэг
2025 оны 3-р сарын 24-нд “Оюу толгой” компани, Ойн газар, ойн мэргэжлийн байгууллагууд, Байгаль орчны газар, эрдэмтэн судлаачид болон олон талын төлөөлөлтэй хамтарсан хэлэлцүүлгийг “Мод, мал хоёр нөхөр” сэдвийн дор зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд, “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хэрэгжилт, ойжуулалт хийж байгаа талбайд ойролцоо амьдардаг малчидтай хамтран компани, малчин хоёрт харилцан ашигтай ойжуулалтын ажил хийх хувилбарыг ярилцан говь, хангайн бүс нутагт масс ойжуулалт, автозамын зурвас байгуулах, томоохон голуудын татмын ойжуулалт малчидтай хамтрах боломжууд зэрэг чухал асуудлуудаар амжилттай хэлэлцүүлэг өрнүүллээ.
“Оюу толгой” компани нь “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн мод тариад зогсохгүй, ойн салбарын хөрөнгө оруулалт, нөхөн сэргээлт, малчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зэрэг цогц ажлуудыг хэрэгжүүлж байна.