
-УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААР ӨДӨРТ 1-2 ЭМЭГТЭЙ ӨВЧИЛЖ, ХОЁР ХОНОГТ НЭГ ЭМЭГТЭЙ НАС БАРЖ БАЙНА-
Хүмүүсийн хувьд сайн сайхан юманд л ашиглаж дадсан марафон гэдэг үгийг өвчлөл, хорт хавдрын тооны өмнө ашиглах хэрэг гарлаа. Учир нь монголчууд хавдраараа, хаврын шалтгаант нас баралтаараа дэлхийд тэргүүлж байна.
2024 онд Монголд “болсон” хорт хавдрын “марафон”-д Умайн хүзүүний хорт хавдар дөрөвдүгээр байр эзэлжээ. Нийт хүн амын дунд зонхилон тохиолдож буй өвчлөлийн дөрөвт бичигдэж буй ч манай улсын эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй хорт хавдрын ХОЁРТ, нас баралтаараа ГУРАВТ бичигдэж буй Умайн хүзүүний талаар ний нуугүй ярилцах цаг иржээ.
Хавдар судлалын Үндэсний төв /ХСҮТ/-өөс өгч буй мэдээллээр бол 2024 онд 521 эмэгтэй Умайн хүзүүний хорт хавдар тусаж, 167 эмэгтэй нас баржээ. Нэг жил 365 хоногтой. Тэгэхээр дээрх тоон үзүүлэлтээс дүгнээд харахад:
- Өдөрт 1-2 эмэгтэй Умайн хүзүүний хорт хавдраар өвчилж
- Хоёр хоногт нэг эмэгтэй нас барж байна гэж харж болохоор байна.
Тоо бол хөдөлшгүй баримт. Гэхдээ бид зүгээр л статистик яриад суудаг баймааргүй байна. Умай бол зөвхөн эмэгтэй хүнд хамаатай сэдэв биш. Тиймээс эр, эмгүй умайн хүзүүн хорт хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нэгдсэн ойлголттой болцгооё. Урьдчилан сэргийлж байж бид умайн хүзүүний хорт хавдарын “марафон”-д орохгүй.
-УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДАР ҮҮСЭХ ШАЛТГААНУУД-
ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээгийн ярианд анхаарлаа хандуулна уу. Түүнээс Умайн хүзүүний хорт хавдар үүсэх шалтгаануудыг тодрууллаа.
Нэг. Хүний папиллома вирус
Умайн хүзүүний хорт хавдрын хамгийн гол үүсгэгч бол хүний папиллома вирус. Энэ вирус бэлгийн замаар халдварладаг. Хүний папиллома вирусийн 200 гаруй хэв шинж бий. Тэдгээрээс цөөн хэдэн хэв шинж нь умайн хүзүүний хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй. Вирус болгон амьдрах хугацаатай. Нэг бэлгийн хавьтагчаас авсан хүний папиллома вирус дунджаар 1-2 сар орчим хугацаанд хүний биеэс аяндаа зайлуулагддаг. Харин таны дархлааны систем сул байгаа нөхцөлд тэр вирус умай хүзүүний хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй.
Хэдий чинээ эрт бэлгийн харьцаанд орно төдий чинээ энэ хүний папиллома вирусийн халдварт эрт өртөх эрсдэлтэй гэж хэлж болно.
Хоёр. Үр хөндөлт
Умайн хүзүүний хорт хавдар тухайн хүний бэлгийн амьдралын онцлогтой нь шууд холбоотой. Хүсээгүй жирэмслэлтээс үүдэж, үр хөндүүлэх нь умайн хүзүүг гэмтээх хангалттай том шалтгааны нэг.
Гурав. Хэт ойрхон жирэмслэх, төрөх
Мөн хэт ойрхон олон жирэмслэх. Тодруулан хэлбэл, төрөлтийн дараа эмэгтэй хүний нөхөн үржихүйн систем хэвийн байдалдаа орж амжаагүй байхад жирэмслэх, хүүхэд төрүүлэх нь умайн хүзүү гэмтэх эрсдэлийг улам л нэмэгдүүлж байдаг.
Дөрөв. Дааврын эм удаан уух
Жирэмснээс сэргийлэх дааврын эм бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа нь өөрөө умайн хүзүүний дархлааны тэнцвэртэй байдлыг сулруулчихдаг. Микро вирусийн дайралтад тэсвэргүй байх нөхцөлийг нь нэмэгдүүлчихдэг гэсэн үг. Орчинд үед жирэмснээс сэргийлэх сэргийлэх олон л арга байна. Тэдгээрээс эмчийн зөвлөгөө, хяналттайгаар, өөрийн бэлгийн амьдралын онцлогт тохирсон аргыг хэрэглэх нь зүйтэй. Нэг аргыг хэрэглэсэн бол тэрийгээ насан туршдаа хэрэглэнэ гэвэл өрөөсгөл. Учир нь нэг юмыг удаан хугацаагаар хэрэглэх нь хүний дархлааны системд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үүсгэх эрсдэлтэй. Ингэж хэлсэн чинь жирэмснээс сэргийлэх дааврын эмийг хэрэглэж болохгүй юм байна гээд ташаа ойлгочих вий дээ. Эмчтэйгээ зөвлөлдөн жирэмснээс хамгаалах олон аргыг ээлжилж туршихыг л зөвлөж байгаа юм шүү.
Тав. Шодойгоо угаа
Умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн тохиолдолд зөвхөн зөвхөн эмэгтэйгээ л буруутгах гээд байдаг талтай. Эхнэр нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогдоод явж байхад насан туршдаа амьдарна, зовлон жаргалаа хуваалцана гэсэн эр нөхрүүд салаад явчих тохиолдол бишгүй л. Умайн хүзүү зөвхөн эмэгтэй хүнд байдаг ч вирус дамжуулагч нь эрэгтэйчүүд. Тиймээс бэлгийн эрүүл ахуйн талаар хүн болгон мэдэх ёстой.
Охин хүү хоёртой айл байлаа гэхэд охиддоо л илүү их анхаарал хандуулаад байдаг. Багаас нь бэлэг эрхтнийг нь угаагаад хэвшчихсэн. Багаас нь дотуур өмдийг нь ойр ойрхон солиод хэвшчихсэн. Охидоо эмчид үзүүлчихдэг. Гэтэл хөвгүүдэд тэгж анхаарал тавьдаг гэр бүл бас харьцангуй цөөхөн. Эцэг эхчүүдийн ойлголт туйлын хангалтгүй байна. Тэгэхээр бэлгийн ариун цэврийн талаар сууриасаа ойлголтгүй явж байгаа эрчүүд маань насанд хүрсэн хойноо өөрийн гэр бүлийн амьдралдаа яг тэр соёлоороо хандчихаж байна. Тэгэхээр тийм эрсдэлээс сэргийлэхийн тулд эрэгтэй, эмэгтэй хүн аль аль нь бэлгийн ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой. Ялангуяа бэлгийн харьцааны өмнө эрэгтэйчүүд бэлэг эрхтнийг угааж хэвших нь хайртай эмэгтэйгээ эрүүл байлгахад маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Эрэгтэйчүүдийн дийлэнх нь бие засчхаад л тэгээд л яваад байдаг. Усанд орох үедээ л бэлэг эрхтнээ угаадаг байх. Эрэгтэй хүний бэлгэ эрхтний шодойн шамран арьсны ар талд шүүрэл, тослог ялгаруулдаг булчирхайнууд байдаг. Тэр булчирхайн шүүрлийг арилгахгүй, угаахгүй удах юм бол тэнд хавдар үүсгэх шинж чанартай ийм бодисууд нь бий болоод эхэлдэг. Тэгэхээр эрэгтэй хүн ч гэсэн эмэгтэй хүнтэй адилхан өдөр болгон, бэлгийн харьцаанд орохын өмнө заавал угааж хэвших хэрэгтэй. Мөн бэлгийн харьцааны дараа ч гэсэн бас угаадаг байх хэрэгтэй. Энэ соёлд суралцах ёстой.
-УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ БИЙ ЮУ?-
Мэргэжлийн хүн ийн ярьж байна. Тэгвэл одоо бидэнд ямар арга зам байна вэ. Умайн хүзүүн хорт хавдраас хэрхэн “зугтах” вэ. “Зугтах” боломж бий юу гэдгийг ХСҮТ-ийн үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээгээс мөн тодрууллаа.
За, ер нь бол шинж тэмдэг илрээд эмнэлэгт хандаж байгаа бол хавдар хожуу үедээ ирсэн байна гэж ойлгож байна. Гурав, дөрөвдүгээр үе бол хаврын хожуу үе. Бэлгийн харьцааны үед өвдөх, шалтгаангүйгээр доошоо цус гарах, биеийн юмны мөчлөг алдагдах, шалтгаангүйгээр жин буурах зэрэг шинж тэмдэг хожуу үед илэрнэ. Умайн хүзүүний хорт хавдрын үед бол шинж тэмдэг илрэхгүй.
Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх арга нь бол дэлхийд нээлттэй болчихсон. Манайд ч гэсэн ийм бүрэн боломж байна.
- Нэгдүгээрт, эрүүл мэндийн мэдлэгтэй байх
- Хоёрдугаарт, зөв оновчтой сэргийлдэг аргыг өөртөө хэрэгжүүлэх. Тэр юу вэ гэхээр хүний папиллома вирусийн вакцин.
Манай улс 2024.11 сараас эхлээд хүний папиллома вирусийн вакциныг товлолт вакциндаа оруулаад, 11-15 настай охид, хөвгүүдэд нэг тунгаар хийж байна. 15-аас дээш насныханд энэ вакциныг гурван тунгаар хийж байгаа.
11 нас хүрч байгаа охид, хөвгүүдээ ээж, аавууд өрхийн эрүүл мэндийн төв дээр дагуулж очоод, хүний папиллома вирусийн эсрэг товлолт вакцинд хамруулаарай. Харин 11-ээс дээш насны хүүхдүүд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Мөн л өрхийнхөө эрүүл мэндийн төв дээрээ очоод хийлгэх боломжтой. Мөн 15-аас дээш насны эмэгтэйчүүд хүний папиллома вирусийн эсрэг вакциндаа хамрагдаарай.