
Азийн АШТ-ий сүүлийн өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл 125 кг-д аваргын төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд Энэтхэгийн бөх Динеш Динешийг 5:1-ээр буулгаж авсан юм.
Тэгвэл Лхагвагэрэл аваргын төлөө Ираны бөх, өсвөрийн ДАШТ-ий гурван алт, залуучуудын ДАШТ-ий хоёр алтан медальт Амир Реза Масоумитай барилдана.
Лхагвагэрэлийн хувьд 2023 онд Азийн аварга болохдоо хагас шигшээд энэхүү бөхийг 8:6-гаар хожиж байсан билээ.
Түүнчлэн 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн нарыг ялсан бөхчүүд финалд шалгарсан тул манай хоёр бөх хүрэл медалийн төлөө дагаж барилдах эрхтэй болсон.
Гэхдээ Б.Батбаяр дагах барилдаанд Бахрейний легионер бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Магомедрасул Аслуевт 4:1-ээр ялагдсанаар энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүллээ.
Харин Н.Батбилгүүн 86 кг-д хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх, U-23 насны Азийн аварга Нан Каотай барилдах оноолт таараад байна. Медалийн төлөөх барилдаанууд 23 цагаас эхэлнэ.