
Өнгөрсөн бямба гарагт Туркийн Истанбул хотод олон зуун мянган иргэд Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилж, хорьсон явдлыг эсэргүүцэн жагсжээ. Бүгд Найрамдах Ардчилсан намын тэргүүн Озгюр Озел жагсаалд 2.2 сая хүн оролцсон хэмээн мэдэгджээ. Жагсаалын үеэр Э. Имамоглугийн иргэдэд хандаж бичсэн захидлыг уншиж өгсөн байна. Тэрээр, захидалдаа, “Та бүхэн миний ард, миний дэргэд байгаа учраас би айхгүй байна. Ард түмэн дарангуйлагчийн эсрэг эвлэлдэн нэгдсэн учраас надад айх зүйл алга.” хэмээн бичжээ.
Э. Имамоглуг баривчилсанаас хойш Истанбул болон Туркийн бусад хотуудад эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнөсөөр байгаа ба цагдаа нар тэдгээр жагсаал цуглааны үеэр 1900 гаруй хүнийг баривчлаад байна. Бүгд Найрамдах Ардчилсан нам болон бусад сөрөг хүчний намууд, барууны орнууд, олон улсын хүний эрхийн төлөөх байгууллагууд Э. Имамоглуг баривчилж, хорьсон явдлыг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хүчтэй өрсөлдөгчөө зайлуулах гэсэн оролдлого хэмээн үзэж байгаа юм.
Бүгд Найрамдах Ардчилсан намын тэргүүн Озгюр Озел эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж, долоо хоног тутмын лхагва, бямба гарагт зохион байгуулагдах болно гэжээ.
Эх сурвалж: www.theguardian.com