
Рио Тинто групп Квинсландийн Их Сургуультай хамтран Өмнийн говийн гүний уурхайн институтийг (ӨГГУИ) нээлээ. Оюу толгойн уурхайн цогцолборт дадлагын төвтэй тус институт нь Монгол болон олон улсын уул уурхайн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд бэлтгэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутны тоо эрс буурч, өндөр ур чадвартай мэргэжилтнүүдийн хомсдол үүсээд буй. Гүний уурхайн сургалтын хөтөлбөрийг ийнхүү бий болгосноор уул уурхайн салбарын мэргэжлийн ур чадварын дутагдлыг арилгах, Монгол Улсын уул уурхайн салбарыг олон улсын түвшинд гаргахад хувь нэмрээ оруулах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гүний уурхайд зочлох үеэрээ, “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулан, уул уурхайн салбарын дэлхийд өрсөлдөх чадвартай, гадаад, дотоодын шилдэг боловсон хүчнийг бэлтгэж байгаад талархаж байна.” хэмээв.
Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Оюу толгой бол 20,000 гаруй монголчуудын бүтээн байгуулсан, дэлхийн хэмжээний уурхай юм. Инженерийн гайхамшиг, технологийн дэвшил, аюулгүй ажиллагааны өндөр стандартыг шингээсэн энэхүү уурхай нь цаашид ч Өмнийн говийн гүний уурхайн институтээр дамжуулан мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх гол төв болсоор байх юм.” хэмээн онцоллоо.
Тус институтийн эхний элсэлтийн хөтөлбөрт уул уурхайн салбарын 28 мэргэжилтэн хамрагдаж, Оюу толгойн уурхайд дадлага хийж байна. Квинсландийн Их Сургууль нь институтийг удирдаж, сургалтын хөтөлбөр боловсруулан, хэрэгжүүлэх юм.ӨГГУИ-ийн сургалтын агуулга нь газар доорх олборлолт, геотехник, уул уурхайн инженерчлэл зэрэг инженерийн үндсэн чиглэлүүдийг хамарч, салбарын хэрэгцээ, ур чадварын дутагдлыг нөхөх тусгай хичээлүүдийг түлхүү багтаасан бөгөөд сургалтыг тэргүүлэх уул уурхайн эрдэмтэд, инженерүүд хамтран удирдах болно.
“Оюу толгой” компани нь эхний гурван жил уурхайн цогцолбортоо уг институтийн дадлага сургалтыг явуулж, гадаад, дотоодын суралцагсдыг Оюу толгойн уурхай болон Улаанбаатар хот хоорондын нислэг, хичээллэх, амрах байраар бүрэн хангах бөгөөд уурхайд ажиллаж буй нарийн мэргэжилтнүүд хөтөлбөрт хамрагдаж буй хүмүүст дэмжлэг, зөвлөгөө өгөх юм.
ӨГГУИ нь 2026 оноос дотоодын болон олон улсын бусад уул уурхайн компаниудад нээлттэй болж, гурав дахь жилдээ дэлхийн нэр хүндтэй уул уурхайн их сургуулийн албан ёсны магадлан итгэмжлэл авахаар зорьж байна.