
УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө тайлан нэрээр сонин, сэтгүүл тарааж, уулзалт хийдэг. Энэ нь Үндсэн хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн байна гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд /ҮХЦ/ ханджээ.
Тодруулбал, Монгол Улсын үндсэн хуулийн
- Нэгдүгээр зүйлийн 2 дахь: Тэгш байдал хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн
- Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх: Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна
- Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь: Хүнийг нийгмийн байдал, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно.
- Арван зургадугаар зүйлийн 9 дэх: Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн заалтуудыг зөрчиж байна хэмээн ханджээ.
ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа нэр дэвшүүлэх ажиллагаанаас өмнө гишүүд болон сайд нар сонин, сэтгүүл тарааж, уулзалт зохион байгуулах боломж олгодог 41.9, 44.6 дахь заалтыг Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуулиас түр түдгэлзүүлжээ.
Одоо тэгэхээр процессын хувьд яг юу болж өрнөх вэ гэхээр ҮХЦ-ын дунд суудлын хуралдааны дүгнэлт УИХ орж ирнэ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн дийлэнх нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авбал дээр дурдагдсан хоёр заалт хүчингүй болно. Эс хүлээж авбал ҮХЦ-ийн дээд суудлын хуралдаан болж, эцсийн шийдвэрийг гаргах учиртай.
Дээрх хоёр заалт УИХ-ын болоод Засгийн газрын гишүүдэд бол ашигтай заалт. Тэр утгаараа гишүүд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахгүй байх магадлалтай юм.
Бид жагсаалтаар сонгогдсон болон тойрогт нэр дэвшиж сонгогдсон гишүүдээс цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг нь тодрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: Уг асуудал яг энэ долоо хоногт холбогдох байнгын хороодоороо хэлэлцэгдээд, долоо хоногийн эцсээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэх чигтэй байгаа. ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг би хувь хүний хувьд дэмжиж байгаа. УИХ-ын гишүүний тойрогтоо хийсэн ажил нь хүний нүдэнд харагдахуйц бол заавал тайлан тооцоо тараагаад л, уулзалт хийж тайлбарлаад байх шаардлагагүй шүү дээ.
УИХ-ын гишүүн Х.Болормаа: Нэгэнт иргэдээсээ сонгогдсон төлөөлөл учраас тайлангаа тавиад явах нь зөв. Гэхдээ цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэг дээр хуульдаа нарийн тогтоож өгөх нь л зөв байх гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан: Шинэ, хуучин гэлтгүй бүгд л сурталчилгаагаа зэрэг эхлэх хэрэгтэй. Түүнээс ажлын тайлан нэрээр шинэ хүнээс давуу эрх эдэлж болохгүй. Үүн дээр бол санал нэг байна. Тэр ч утгаараа ҮХЦ-ийн дүгнэлтийг дэмжиж байна.
Дээрх асуудлаар ҮХЦ-д хандсан Tamir&Co үүсгэн байгуулагч, Өмгөөлөгч З.Тамиртай та бүхнийг уулзуулж байна.
Тэрбээр “Сонгуульд өрсөлдөөд явж байгаа бол бүгд тэгш гараанаас гарах ёстой. УИХ-ын гишүүн гээд өмнө нь бөөн уулзалт хийгээд, материал тараагаад байж болохгүй ээ. Нөгөө талдаа ирээдүйд нэр дэвших гэж байгаа хүн чинь тэнд гомдолтой байгаад байна шүү дээ. Энэ хүн танигдаад байна. Би өөрийгөө таниулахаар хууль зөрччих гээд байна хэцүү байна гээд байна шүү дээ. Нэг талаараа УИХ-ын гишүүн ард түмний элч, сонгогдсон хүн учраас ажлаа тайлах нь зөв. Гэхдээ хэрхэн ажлаа тайлагнах вэ, ямар хугацаанд тайлагнах юм бэ гэдгийг нь нарийвчилж тусгаж өгөх хэрэгтэй. Жишээ нь, Солонгос улс сонгуулийн үед ямар заалтыг ашиглаж байна гэхээр сурталчилгааг яаж хийх юм, ажлаа хэрхэн тайлагнах юм бэ гэдгийг нарийвчлан зохицуулчихсан байдаг. Тэр хүн ажлаа тайлагнахдаа тантай шууд утсаар ярьж болно. Тан руу шууд мессеж бичиж болно. Энэ нь хяналт тогтоох боломжтой арга. Дараа нь маргаан гарлаа гэхэд дуут шуудан, ярианы бичлэгийг нь сонсчих байхгүй юу. Манай Монголд ажлаа тайлагнах нэрээр хөдөө орон нутагт, айлын гэрт, камергүй зааланд очоод юу ярьсныг нь хэн мэдэх юм. Үүнд хяналт тавих боломж байна уу. Байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр жоохон нюанстай хандах ёстой байхгүй юу. Дараа нь хэрвээ маргаан гарвал сонгуулийн сурталчилгаагаа хийсэн юм уу, ажлаа тайлагнасан хийсэн юм уу гэдэг нюансыг нь гаргах ёстой.
Одоо УИХ-ын 126 гишүүн байна. Энэ 126 гишүүн миний харж байгаагаар салбар салбарын мэдлэгтэй, насны хувьд ч гэсэн их залуужсан харагдаад байгаа. Тэр ч утгаараа УИХ-ын гишүүд маань хүний эрхийн мэдрэмжтэй, хууль эрх зүйг ойлгодог, хүн бүхэн хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн амин сүнс болсон энэ заалтыг ойлгож хүлээж авах болов уу л гэж бодож байна. Сонгуулийн тухай хуулиа өөрчлөөд илүү боловсронгуй болгох дээр анхаарна аа гэж итгэж байна” гэв.