
Энэ оны улсын төсөвт 83 сая тонн нүүрсийг тонн тутмыг нь 105 ам.доллароор тооцсон. Гэвч нүүрсний үнэ 40 гаруй хувиар буурч экспорт саарч байна. Улмаар энэ зорилтот хэмжээнд хүрэхгүй нь тодорхой болсон тул төсвийн орлогыг 1-2 их наяд төгрөгөөр танах шаардлагатай болов.
Гаалийн мэдээллийг харвал, он гарснаас хойш хоёр сарын хугацаанд манай улс 10.2 сая тонн нүүрс экспортолсон нь 20 хувь ч хүрэхгүй дүн болж байна. Экспортын орлогоос 858.3 сая ам.долларын орлого бүрдүүлжээ. Нүүрсний экспортыг дагаад орлого буурахад Монголын нүүрсний ганц худалдан авагч БНХАУ-ын импортын үнэ гол нөлөө үзүүлж буй. Тухайлбал,
- Монголын нүүрсний дундаж үнэ 2023 онд 120 ам.доллар байсан бол
- 2024 онд 103 ам.доллар,
- 2025 онд 80 ам.доллар болж буурав. Энэ үнэ дахин 15 хувиар буурч 70 хувь руу орох магадлалтай болохыг шинжээчид таамаглаж байна.
Нүүрсний экспорт буурахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийг салбарынхан тайлбарлахдаа, Хятадын дотоодын эдийн засгийн идэвхжил сул байгаатай холбожээ. Хятадын эдийн засгийн өсөлт үндсэндээ үл хөдлөх хөрөнгийн салбар хүндрэлтэй, хэрэглээний зардал буурч, хөрөнгө оруулалт буурсан зэргээс шалтгаалан мэдэгдэхүйц удааширч, өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан байна. Сүүлийн гурван жил уналтад орсон үл хөдлөх хөрөнгийн салбарыг сэргээхийн тулд эрх баригчид мөнгө, төсвийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Гэсэн хэдий ч энэ нь гангийн үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж, нүүрсний эрэлтийг сулруулсан. Дотоодын эдийн засгийн идэвхжил сул байгаа энэ үед Хятадын ган үйлдвэрлэгчид борлуулалтаа гадаад зах зээлд чиглүүлж, гангийн экспортыг 2015 оноос хойших хамгийн дээд түвшинд хүргэсэн. Энэ нь гангийн зах зээл дэх хямралаас урьдчилан сэргийлж чадсан ч Трампын Хятадын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд ногдуулсан 25 хувийн татвар нь тус салбарын хэтийн төлөвт хүндрэл учруулж байна гэж үзэж байна.
Трампын тарифын бодлоготой холбоотойгоор дэлхий даяар түүхий эдийн үнэд өөрчлөлт орж, манай улсын нүүрсний экспорт, үнийн ирээдүй өөдрөг харагдахгүй болчхоод байхад Засгийн газар энэ оны төсвийн өөдрөг төсөөлөлтэй орлогоо өөр түүхий эдээрээ нөхчихнө гэсээр сууна.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Нүүрсний экспорт, үнийн уналтаас болж төсвийн орлого багасаж байгаа учраас Алт-3 хөтөлбөрийг хэрэгжүүлж, алтны олборлолт болон экспортоо нэмэгдүүлэхээр шийдсэн тухай өнгөрөгч лхагва гарагт мэдэгдсэн.
Тэрээр, “Дэлхийн зах зээлд алтны үнэ ханш түүхэн дээд хэмжээнд хүрч байна. Нэг унци нь 2900 ам.доллар давж байгаа. Ойролцоогоор нэг грамм алт 330 гаруй мянган төгрөгтэй тэнцэж байгаа буюу нэг кг алт 90 гаруй сая ам.доллартой тэнцэх үнэд хүрээд байна. Бид бүхэн Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Төв банк алтны тодорхой нөөцтэй байх, мөн сүүлийн үед нүүрсний экспорт, үнийн уналттай холбоотой улсын төсвийн бүрдүүлэлт багасаж байгаа гэх мэт энэ шалтгаанаар алтны олборлолтын асуудлыг Засгийн газраар хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өглөө” гэсэн юм.
Харин Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 2026-2028 оны эдийн засгийн таамаг төсөөлөл судалгаагаар алтны үнэ дээд цэгтээ хүрсэн. Цаашид өсөх эсэх нь эргэлзээтэй гэсэн дүн гараад байна.
14 МЕГА ТӨСӨЛ БА “МӨРӨӨДЛИЙН ЖАГСААЛТ”
Нүүрсний экспорт саарсантай холбоотой Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл “мөрөөдлийн жагсаалт” төдий болох эрсдэл бий. Эрх баригчид төсвийн орлогоо татварын орлогоор бүрдүүлэх “далд” бодлого явуулж, иргэдийн бүсийг чангалсаар буй нь шүүмжлэх нэг өнцөг болж байна. Ер нь бидний ямар ч ор үндэсгүй бодит байдлаас зугтсан өөдрөг төсөөлөл эдийн засгийн хувьд илүү хортой нөхцөлд хүргээд байна гэхэд хилсдэхгүй.
Монгол Улсын жил бүрийн төсвийг Сангийн яам буюу Засгийн газар орлого, зарлагаа тооцоолон жил бүрийн 9 дүгээр сард “БООЖ” УИХ-аар хэлэлцүүлэн 11 сарын 15-нд багтаан батлуулдаг. 2025 оны төсөв АЛДАГДАЛ гэх том босгонд бүдэрч шинэ гишүүдийн хүчтэй шүүмжлэл Сангийн сайдыг боосон төсвөө дахин задалж орлого=зарлага төсвийг батлуулж авсан. Гэвч зарлагаа хассан ч орлогоо өөдрөгөөр төсөөлсөн нь одоо үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг бий болголоо.
Төсөв батлах үед мэргэжлийн эдийн засагч, судлаачдын баг ирэх жилүүдэд үүсэх эдийн засгийн нөхцөл байдлыг хүнд байна гэж таамаглаад, зөвлөсөн ч Эдийн засгийн хөгжийн яам нь тоогоогүй байх жишээтэй. Эндээс харахад төсвийн их наяд, их наядаар хэмжигдэх мөнгийг МЕГА төсөл нэрээр зайдагнасан Засгийн газар өөрөө эхлээд үрэлгэн зардлаа хасаж, мянга мянган өрхийн хаалгаар орох орлогоос татвар, төлбөр, шимтгэл нэрээр хулгайлахаа болих цагт эдийн засгийн өсөлт, инфляцын бууралтыг ярих хэрэгтэй.
“Ойролцоогоор нэг грамм алт 330 гаруй мянган төгрөгтэй тэнцэж байгаа буюу нэг кг алт 90 гаруй сая ам.доллартой тэнцэх” – 1гр нь 330к юм бол 1кг буюу 1000гр нь 330 сая ₮ буюу 97,000$ орчим болдоггүй юм уу? 1тн нь л 97 сая $ болно шүү дээ. Арай баримжаагүй үлээх юм аа.