
Монголын боксын холбооноос залуучуудын УАШТ-ийг таван өдрийн туршид зохион байгуулсан.
Залуучуудын улсын аварга шалгаруулах боксын тэмцээний медалийн эзэд эрэгтэй 12, эмэгтэй 11 жинд тодорлоо.
Тэмцээний үеэр бид “Ихэр бээлий” клубт боксын спортоор гурав дахь жилдээ хичээллэж буй жингийнхээ шилдэг тамирчид болох төрсөн эгч, дүүстэй цөөн хором ярилцлаа. Тэднийг А.Алтанзул, А.Мөнгөнзул гэдэг.
-Сайн байцгаана уу? Өөрсдийгөө танилцуулна уу?
-Сайн байна уу? Намайг “Ихэр бээлий” клубийн тамирчин Алтангадасын Алтанзул гэдэг. Би одоо энэ залуучуудын УАШТ-д 48кг-ийн өрсөлдөж байна.
-Сайн байна уу? Намайг А.Мөнгөнзул гэдэг. “Ихэр бээлий” клубийн тамирчин. Энэ тэмцээнд 50кг-ийн жинд өрсөлдөж байгаа.
-Та хоёр боксын спортод хэзээнээс хичээллэж эхэлсэн бэ?
-Бид хоёр боксын спортод ер нь зэрэг орсон. Анх манай найзууд намайг дуудаад, тэгээд боксын спортын клубт хичээллэж эхэлсэн. Тэгэхдээ дүүгээ хамтдаа авч очсон. Ингээд л эхний өдрөөсөө л боксын спорт бидэнд үнэхээр таалагдаж эхэлсэн. Бид хоёр боксын спортоор хичээллээд одоо 3 дахь жилдээ явж байна. Дүүтэйгээ хамт ер нь боксын спортоор хичээллээд ингээд байнга хамтдаа яваад маш гоё, ханьтай байдаг.
А.Алтанзул: Рингэн дээр байхдаа өөртөө итгэлтэй болоод маш гоё мэдрэмж авдаг
-Аав ээж нь дэмждэг үү?
-Манай аав ээж хоёр маш их дэмждэг. Тэгээд хоёулаа явдаг болохоор ер нь их сэтгэл амар байдаг гэж аав, ээж хоёр хэлдэг.
-Боксын спорт та хоёрт яг юуг, ямар зан төлөвшлийг суулгаж өгсөн бэ?
-Өөрийгөө хөгжүүлнэ. Мөн биеэ хамгаалж сурна. Маш гоё л байдаг. Боксын спортоор хичээллэснээр биеэ хамгаалах чадвартай болохоос гадна хүмүүжил сайтай болно. Хамгийн гол нь бие даах чадварт бас сайн суралцдаг.
-Рингэн дээр яг өрсөлдөгчийнхөө өөдөөс тулалдах тэр мөчид яг юу бодогддог вэ?
-Рингэн дээр байхдаа өөртөө итгэлтэй болдог. Ер нь хүн өөртөө итгэлтэй байвал тэгээд л ер нь бүгдийг чаддаг л гэж боддог. Хамгийн сайхан нь мэдрэмж нь маш гоё байдаг.
-Та хоёр спортын нэг төрлөөр хичээллэдэг болохоор бие биедээ түшигтэй байдаг байх?
-Бид хоёр бэлтгэл дээрээ хамт цуг бэлтгэлээ хийгээд, гэртээ ирээд л дахиад л бараг хамт бэлтгэл хийчихдэг дээ. Тэгээд л нэг нэгэндээ гоё хэлж зааж өгөөд, алдаа дутагдлаа ярилцаад л амар байдаг.
-Та хоёрын өсвөр үе, залуучуудын ангилалд улсын аваргадаа гаргасан амжилтын тухайд сонирхоё?
-Миний хувьд Өсвөрийн хошой алтан медальтай, залуучуудын алт, мөнгөтэй. Дүү маань залуучуудын УАШТ-д анх удаа оролцож байгаа. Өмнө нь бага нас, өсвөрийн улсын аваргын медальтай тамирчин.
-Бэлтгэл сургуулилтаа сайн базаагаад, шилдэг тамирчид болохыг ерөөе.
-Цаашдаа олимп, дэлхийн аварга болоод л Монголынхоо нэрийг гаргах хүсэл мөрөөдөлтэй. Бид хоёр чөлөөт цагаараа ихэвччлэн гэртээ хамтдаа өнгөрүүлдэг. Дүү маань гитар маш сайн бас гоё тоглодог. Харин би хичээлдээ сайтар шамддаг даа.
Ярилцсанд баярлалаа.