
Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр Кирсти Ковентри томилогджээ.
Тэрээр Грект болж буй ОУОХ-ны 114 дэх чуулганы үеэр явуулсан нууц санал хураалтын үр дүнд нэр дэвшсэн 7 хүнээс хамгийн олон саналыг авсан байна.
41 настай Кирсти Ковентри нь Зимбабве улсаас гаралтай, усанд сэлэлтийн тамирчин бүсгүй юм. Тэрээр Олимпын 2 удаагийн, дэлхийн 7 удаагийн аварга бөгөөд олон тооны рекордын эзэн юм. 2013 онд ОУОХ-ны гишүүн болсон К. Ковентри 2018 онд Зимбабве улсын Спорт, соёл урлаг болон амралтын сайдаар томилогдож, 2017-2024 онуудад Олон улсын сёрфингийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Тэрээр ОУОХ-ны ерөнхийлөгчөөр томилогдсон анхны эмэгтэйгээс гадна анхны Африк гаралтай хүн болж байгаа юм. 6-р сарын сүүлээр ОУОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалд албан ёсоор томилогдож, ирэх 8 жил уг албыг хаших К. Ковентригийн ОУОХ-ны ерөнхийлөгчийн журмаар оролцох эхний Олимпын наадам нь 2026 оны Миланы өвлийн Олимпын наадам байх юм.
К. Ковентри ОУОХ-ны 10 дахь ерөнхийлөгч болох юм. Одоо уг албан тушаалыг хашиж буй Томас Бах нь тус холбооны ерөнхийлөгчөөр 12 дахь жилдээ ажиллаж байгаа билээ.