
УИХ-аас “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2024 оны 37 дугаар тогтоолыг баталж, 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Засгийн газарт, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд даалгасан.
Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээний урьдчилсан дүгнэлтийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар өнөөдөр /2025.03.20/ танилцууллаа.
УИХ-ын 2024 оны 37 дугаар тогтоолд:
- Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн талаар-4
- Боловсролын салбар дахь хүний эрхийн асуудлаар-3
- Хүүхдийн эрхийн зарим асуудлын талаар-3
- Гэр бүлийн харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, хүний эрхийн талаар-4
- Хүний эрх хамгаалагчийн асуудлаар-2
- Хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн асуудлаар 4
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний улс төрийн оролцооны талаар-5
- Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хамгаалах чиглэлээр-1
- Эрүү шүүлтийн асуудлаар 2 буюу нийт 9 зорилт, 28 арга хэмжээ тусгагдсан.
Тогтоолын заалтууд нь ЗГХЭГ, Монгол Улсын Шадар сайдын харьяа төрийн байгууллага, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ЭМЯ, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг нийт 11 байгууллагын чиг үүрэгт хамааралтай байна.
Комиссоос дээрх байгууллага, албан тушаалтнаас тус тогтоолын 8 зорилт, 26 арга хэмжээний хэрэгжилтийн талаар ирүүлсэн мэдээллийг нэгтгэн, дүн шинжилгээ хийснийг Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир дараах мэдээллийг тоймлон хүргэлээ.
Тэрбээр “УИХ-ын 37 дугаар тогтоолын хэрэгжилтийг 2024 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд, 4 арга хэмжээний холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн хэдий ч 9 арга хэмжээ тодорхой үр дүнд хүрсэн, 10 арга хэмжээ хэрэгжүүлэх бэлтгэл ажил болон боловсруулалтын шатанд буюу “хэрэгжилт хангалтгүй”, огт хэрэгжүүлж эхлээгүй 3 арга хэмжээ байгаа бөгөөд нэгдсэн дүнгээр 51.0 хувь буюу “Хэрэгжилт хангалтгүй” буюу тодорхой үр дүнг эрчимжүүлэх шаардлагатай ангилалд дүгнэгдлээ.
Бүрэн хэрэгжсэн гэж үнэлсэн 4 арга хэмжээний тухайд:
- Орчны бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээллийг олон нийтэд тогтмол, хүртээмжтэйгээр хүргэх чиглэлээр эрүүл мэндийн салбарт холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Гэсэн хэдий ч сурталчилгаа нөлөөллийн үйл ажиллагаа нь олон нийтэд хүрсэн эсэх, үр дүн гарсан эсэхийг үнэлэх шаардлагатай байна.
- Улсын хэмжээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдүүдийн бүртгэлийг хийж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналт тавих механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд тодорхой ахиц дэвшсэн гарсан байна. Тухайлбал,
- Нийгмийн халамжийн тухай хууль, тогтоомжийн хүрээнд хагас болон бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдүүдийг дараах төрлийн тэтгэвэр, тэтгэмжид хамруулан Халамжийн нэгдсэн систем /ehalamj.mn/-д мэдээллийн сан бүрдүүлсэн.
- Хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг 2025 онд 6 хувиар нэмэгдүүлэн 397,5 мянган төгрөгөөр тогтоосон.
- Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэн олгодог асаргааны тэтгэмжийг 30 хувиар тусгайлан нэмэгдүүлсэн байна.
- Хорихоос суллагдахад бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх.
- ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих ангиудад “Суллагдахад бэлтгэх өрөө, эргэлт уулзалтын байр”-ыг шинээр барих, засвар үйлчилгээ хийх, тохижуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
- Бүх шатны сонгуульд нэр дэвшиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй нэр дэвшигчид сурталчилгааны материал хэвлүүлэх, түгээх, хүртээмжтэй тээврийн хэрэгсэл, сурталчилгааны байраар хангах, дохионы хэлмэрч, хувийн туслах ажиллуулах зэрэг дэмжих үйлчилгээ авахад төрөөс санхүүгийн дэмжлэг, төлбөр, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болгох.
- УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчийн хүйсийн квотоос илүү нэр дэвшүүлсэн эмэгтэй улс төрч болон хөгжлийн бэрхшээлтэй улс төрч нэр дэвшүүлсэн нам, эвсэлд нийт 891.0 сая төгрөг олгохоор Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийн Сонгуулийн ерөнхий хорооны даргын багцад тусгагдсан байна.
Түүнчлэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, боловсролын салбар болон хүний эрх хамгаалагч, гэр бүлийн харилцаан дахь жендерийн эрх тэгш байдлын чиглэлд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 10 арга хэмжээ байна.
Хэрэгжилт хангалтгүй зарим заалтын хувьд холбогдох яамд судалгаа хийж байгаа, хуулийн төсөл боловсруулж байгаа, төсөв хөрөнгийн хязгаарлагдмал байдал зэрэг тайлан мэдээлэл ирүүлсэн байна.
Тухайлбал, Боловсролын яамнаас бүх шатны боловсролын сургалтын байгууллага, дотуур байрны гадаад болон дотоод орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, боловсролын байгууллагын барилга, өргөтгөлийн ажилд төр, иргэний хамтарсан хөндлөнгийн хараат бус хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй байна.
Мөн хөрсний болон усны бохирдлыг бууруулах, хог хаягдлын төлөвлөгөөг батлах, усны менежментийн төлөвлөгөөг шинэчлэх, хөрсийг нөхөн сэргээх, ногоон бүс байгуулах, ургамал мод тарих зэрэг арга, технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, ариун цэврийн байгууламж (нүхэн жорлон)-ийг стандартад нийцсэн эко ариун цэврийн байгууламжаар солих арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хяналт тавихад холбогдох яамнаас онцгой анхаарч ажиллах шаардлагатай.
Цаашид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэнтэй холбогдуулан зарим авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын биелэлтийг холбогдох байгууллагууд тайлагнахдаа тухайн Тогтоол батлагдсанаас хойш хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гарсан ахиц, үр дүнгийн талаар тайлан мэдээллээ ирүүлэх.
Мөн тогтоолын зарим заалт нь төсөв хөрөнгө шаардсан, тодорхой хугацаанд үе шаттай хэрэгжих, судалгаа дүн шинжилгээний үндсэн дээр хэрэгжүүлэх шаардлагатай тул тогтоолыг хэрэгжүүлэх төлөвлөгөө төсөв батлан, үе шаттайгаар хэрэгжүүлэхэд анхаарах.
Хэрэгжилт хангалтгүй болон хэрэгжих шатанд байна гэж үнэлэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийг тогтоол батлагдсан өдрөөс эхлүүлэх, хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч, тухайн жилийн хүрэх түвшнийг бүрэн хангах шаардлагатай” гэдгийг мэдээллээ.