
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс Монгол Улсын 2026-2028 оны Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг танилцуулж, Эдийн засаг, хөгжлийн яам болон Сангийн яаманд хүргүүллээ.
Инфляц 2024 оны сүүлээс тасралтгүй өссөөр 9,6%-д хүрсэн. Монголбанк цаашид инфляцыг 2 оронтой тоо руу оруулахгүйн тулд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь арилжааны банкуудын зээлийн хүү болон хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд нөлөөлж, зээл олголтыг хумьж, эдийн засаг дахь бэлэн мөнгөний хэмжээг сааруулах арга хэмжээг авсан. Гэхдээ үүний үр нөлөө 2025 оны эцэст л харагдана.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашид үргэлжилсэн тохиолдолд гарч болох төлөв, түүний эерэг, сөрөг үр нөлөөг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс таамагласан байна.
Товчдоо, төсвийн бодлогыг тэлэх боломж ойрын ирээдүйд байж болох ч үүний үр дагавар нь төдийлөн таатай бус байх магадлалтай юм.
ТӨСӨВ, ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ, ВАЛЮТЫН НӨӨЦ, ХАНШИЙН ХҮНДРЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
Н.Энхбаяр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга
“Макро эдийн засгийн 2023 оны эерэг үр дүнгүүд 2024 онд бүхэлдээ саарсан нь эдийн засгийн гүйцэтгэл, төсөв, төлбөрийн тэнцэл, валютын нөөц, ханш зэрэг үзүүлэлтээр тодорхойлогдож, энэ нөхцөл байдал 2025 оны эхний хоёр сарын хувьд улам хүндэрч, цаашид үргэлжлэх хандлага ажиглагдаж байна”
ЗАСГИЙН ГАЗАР ТӨСВИЙН ИЛҮҮ ОНОВЧТОЙ, ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭСЭН БОДЛОГОТОЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ
“Гадаад, дотоод эрсдэл өндөр байгаа ч Монгол Улсын эдийн засгийг хүндрэл, хямралд хүргэхгүй байх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогыг төрөөс баримталж, Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэхэд илүүтэй анхаарах шаардлагатай байна. Иймд ирэх жилүүдэд төсвийн илүү оновчтой, эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодлоготой ажиллах нь зүйтэй”
Эдийн засгийн таатай байдал дуусгавар болж тодорхой эрсдэл тулгарч болзошгүйг харгалзан дунд хугацаанд эрсдэлээс хамгаалсан төсвийн бодлого баримтлах шаардлагатай байна. Төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, алдагдал нэмэгдэхээс сэргийлж, орлого нэмэгдэхээр дагуулж зарлага нэмж, шинэ зарлага оруулахгүй байхад анхаарах, төрийн бодлого, хөтөлбөрийн уялдааг хангах, төсвийг оновчтой төлөвлөн, хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр бодлогын хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гарган хүргүүлжээ.