
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Ойрх Дорнодын асуудлыг хариуцсан тусгай төлөөлөгч Стив Уиткофф Оросын талтай хэлэлцээ хийхээр энэ долоо хоногт Москва хотод айлчлах талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгджээ.
Кэролайн Ливиттийн мэдээлсэнээр С. Уиткоффын айлчлал энэ сарын 12-ноос 16-ны хооронд болох ба айлчлалын гол зорилго нь ОХУ-ыг Украины хамт галаа зогсоох гэрээнд гарын үсгээ зурахыг уриалах явдал аж.
Bloomberg С. Уиткофф ойрын хугацаанд Москвад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзана гэж мэдээлсэн бол Axios сайтад С. Уиткофф ОХУ-ыг энэ пүрэв гарагт зорино гэж бичжээ Цагаан ордны мэдээлсэнээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын төрийн дээд албан тушаалтантай утсаар ярьсан аж.
Вашингтон Саудын Арабын Жидда хотод Украины төлөөлөгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр Киевт 30 хоног галаа зогсоохыг санал болгосныг Киев зөвшөөрч, Вашингтон Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжаа сэргээж, тагнуулын мэдээгээ Киевт дахин хуваалцаж эхэлсэн юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио галаа зогсоох саналыг ОХУ-д танилцуулна хэмээн мэдэгдсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь ОХУ-д галаа түр зогсоохын эсрэг байр суурьтайгаа илэрхийлж байсан ба Ройтерс агентлагийн мэдээлж байгаагаар Кремль галаа түр зогсоохыг зөвшөөрөхгүй байх өндөр магадлалтай аж.
Bloomberg болон The Moscow Times сонин ОХУ Украины дайныг өөртөө байж болох хамгийн ашигтайгаар эргүүлэхийн тулд Украины энхийн гэрээнд гарын үсэг зурах явдлыг сунжруулах, барууны орнуудыг Киевт зэр зэвсэг нийлүүлэхгүй байхыг шаардаж болзошгүй талаар бичжээ.