
Гурав дахь үеийн спортын тамирчин Т.Хангал Тайландын лигт онцгойрлоо
Монголын Волейболын шигшээ багийн тамирчин, дээд лигийн хоёр удаагийн аварга, MVP буюу “Үнэ цэнтэй тамирчин” Т.Хангал 2025 онд Тайландын волейболын дээд лигт “Нахон Ратчасима” багт тоглож буй. Тэрбээр багтайгаа хамтдаа лигийн талбайд амжилттай өрсөлдөн хоёр дахь аваргын цомоо өргөв.
Тайландын Дээд лиг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт найман баг өрсөлдөж, хурд хүч, бэлтгэл сургуулилтын үр дүнгээ шалгаж сорилоо. Т.Хангалын хувьд ухаан орсон цагаасаа волейболын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд түүний аав нь волейболын тамирчин, өдгөө дасгалжуулагчаар ажиллаж буй Р.Тамираа, мөн ээж нь ОУХМ Д.Наранцэцэг нар билээ. Мөн Т.Хангалын өвөө Д.Ренчин Монгол улсын хөнгөн атлетикийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад сүүлд волейболын спорт руу хөрвөсөн олон арван шавь нарыг бэлтгэн төрүүлсэн гавьяатан юм.
“Нахон Ратчасима” баг улирлын тоглолтод 12-0 амжилттай, шигшээ шатанд гурван хожилтойгоор хагас шигшээд шалгарсан. Улмаар хагас шигшээд PSNKK CLUB-ыг 3-0 харьцаатай буулгаж аван аваргын төлөө шалгарсан юм.

Т.Хангал өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн Тайландад бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Харин түүний дараагийн тэмцээн Тайваньд болох бөгөөд Т.Хангал “Win strek” багаас тоглох ажээ. Тус тэмцээнд найман баг өрсөлдөнө.


Энэ Олон улсын тэмцээнийг Т.Хангалын тоглох клубээс зохион байгуулж байгаа юм.

