
Goldin үнэ хаялцуулах дуудлага худалдааны сайт дээр Cheetos брэндийн чипснээс гарсан Покемоны дүрс бүхий “Cheetozard” чипс 87 840 ам.доллараар зарагджээ.
Энэ нь Cheetos брэндийн этгээд сонин хэлбэртэй чипс өндөр үнээр зарагдсан анхны тохиолдол биш бөгөөд 2017 онд Харамбе гориллаг санагдуулам хэлбэртэй чипс Ebay сайт дээр 100 мянга орчим ам.доллараар зарагдаж байсан юм.
Японы алдарт Покемон цуврал анимэний Чаризардын дүрс бүхий 7 см урттай чипс нь 2018-2022 оны хооронд Cheetos чипснээс олджээ. “Cheetozard” чипсийн знэ хаялцуулах дуудлага худалдаа өнгөрсөн сарын дундуур эхэлсэн ба дуудах үнэ нь 250 ам.доллараас эхэлжээ.
Goldin сайт нь ховор бөгөөд дэлхийд цор ганц байдаг спортын болон поп соёлын дурсгалын зүйлсийг цуглуулж, дуудлага худалдаагаар борлуулдаг ба “Cheetozard”-ийн хувьд Покемон анимэ болон Cheetos брэндийн шүтэн бишрэгчдийг нэгтгэсэн хөгжилтэй бөгөөд онцгой эд байсныг онцолжээ.
Покемоны Чаризард нь том, улбар шар өнгөтэй биетэй, оюу ногоон өнгийн далавчтай, сүүлнийхээ үзүүрээс гал гаргадаг луу бөгөөд Покемон анимэний анхны дүрүүдийн нэг юм.
2020 онд Чаризард нь Покемон анимэний хамгийн алдартай 10 покемоны нэгээр тодорч байжээ.
Эx Сурвалж: abc7.com