Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүдийг Тусгай үүрэгт элчин сайдаар томиллоо

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зарласан худалдааны дайны хариуд АНУ-ын 155 тэрбум ам.долларын үнэ бүхий импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулж буйгаа мэдэгджээ.
Ерөнхий сайд Ж. Трюдогийн мэдэгдсэнээр татварын нэмэгдэл нь эхний ээлжинд АНУ-ын 30 тэрбум ам.долларын импортын бараанд үйлчилж эхлэх ба 21 хоногийн дараа үлдсэн 125 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээс 25 хувийн татвар авч эхлэх аж.
Түүнээс гадна Канад улс Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргахаа мэдэгдсэн байна. Ерөнхий сайд Ж. Трюдо, “АНУ хамгийн ойрын түнш, хамтрагч болон анд нөхрийнхөө эсрэг худалдааны дайн эхлүүллээ.
Үүнтэй зэрэгцэн Вашингтон худалч, алуурчин, дарангуйлагч Владимир Путины үгийг дагаж, ОХУ-тай хамтран ажиллах тухай ярьж байна.” хэмээн, канадчууд ухаалаг бөгөөд соёлтой ард түмэн хэдий ч улс орон, ард иргэдийнх нь эсрэг явуулж буй үйл хэргийн эсрэг тэмцэхэд бэлэн гэдгийг онцолжээ.
Тэрээр, “Хамтдаа ажилласан 8 гаруй жилийн хугацаанд бид олон ч зүйлс бүтээсэн.
Уг нь би The Wall Street Journal-тай санал нийлээд байдаггүй ч тэд өөрийг тань ухаалаг хэдий ч гаргасан шийдвэр тань утгагүй тэнэг байна гэж бичсэнтэй нь санал нийлэхээс өөр арга алга, Доналд аа” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчид хандан мэдэгджээ.
Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп өөрийн нийгмийн сүлжээндээ, “Канадын амбан захирагч Трюдод АНУ-ын импортын бараанд татвар ноогдуулбал бид хариуд нь татвараа яг тэр хэмжээгээр нэмэгдүүлнэ гээд дамжуулаад өгөөч.” хэмээн бичжээ.
Энэ мягмар гарагаас Вашингтон Канад болон Мексикийн импортын бараанд 25 хувийн татвар, Хятадын бараанд нэмэлт 10 хувийн татварыг ноогдуулж эхэлсэн ба Ерөнхийлөгч Д. Трамп уг шийдвэрээ Мексик, Канад болон Хятадаас АНУ руу нэвтрэх хууль бус цагаачид болон хар тамхины урсгалыг зогсоох арга хэмжээ авахыг шаардаж гаргасан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум ирэх ням гарагт АНУ-ын татварын нэмэгдэлд Мексикийн зүгээс авах хариу арга хэмжээний тухай зарлахаа мэдэгдсэн бол Бээжин Вашингтоны шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээгээ Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлынхаа дараа мэдэгдэх төлөвтэй байна.