
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хоёрдугаар сарын 24-27-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Парламентын түвшинд 11 жилийн дараа хийсэн төрийн айлчлал бөгөөд хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийг өргөжүүлсэн, хамтран хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжих гэж буй үед хийгдсэнээр хоёр тал ач холбогдолтой айлчлал болсон гэж үзэж буй. Өрөг.мн сайт уг айлчлалыг сурвалжилж ажилласан бөгөөд хоёр улсын харилцааны талаар БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн судлаачидтай ярилцсанаа хүргэе.
Энэ айлчлал хоёр улсын удирдагч нарын харилцаа, харилцан ойлгоцлыг улам гүнзгийрлэх болно
БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн захирал Фань Шяожютай ярилцлаа.
Монгол Улсын Улсын Их Хурлын даргын энэ удаагийн БНХАУ-д хийж буй айлчлал нь хоёр орны харилцаанд ямар түүхэн ач холбогдолтой гэж Та үзэж байна вэ?
- Энэ удаагийн Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн айлчлал нь Монгол-Хятад хоёр улсын харилцааны чухал үйл явдал гэж үзэж байна. Юуны өмнө, хоёр улсын дээд түвшний харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжиж байна. Хоёр улсын харилцааны түүхээс харахад өндөр, дээд түвшний уулзалтууд нь хоёр улсын харилцааны хөгжилд туйлын чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаагийн айлчлал хоёр улсын удирдагч нарын харилцаа, харилцан ойлгоцлыг улам гүнзгийрлэх болно.
Энэ удаагийн айлчлалаас гадна, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Хятадад айлчилж, хэд хэдэн гэрээ, хэлэлцээр байгуулсан. Богино хугацаанд хоёр улсын өндөр, дээд түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байгаа нь шинэ үе шатанд шилжсэний илрэл мөн үү?
- Тийм ээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ саяхан Хятад улсад айлчилж, хэд хэдэн чухал баримт бичгийг байгуулсан. Богино хугацаанд хоёр улсын дээд түвшний удирдагчид харилцан айлчилж байгаа нь хоёр улсын харилцаа улам гүнзгийрч, цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Энэ нь зөвхөн хоёр улсын харилцааны тогтвортой хөгжлийг дэмжээд зогсохгүй, цаашдын хамтын ажиллагаанд чухал түлхэц болно гэж үзэж байна.
Хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хөгжлийн ирээдүйн чиг хандлагын талаар та ямар байр суурьтай байна вэ?
- Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэл нь хоёр улсын харилцааны үндэс суурь юм. Энэ үндэс суурин дээр хоёр улсын хамтын ажиллагаа тасралтгүй өргөжин хөгжиж байна. Миний бодлоор хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааны голлох чиглэл нь эдийн засаг болон аюулгүй байдлын хамтын ажиллагаа гэж үзэж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд Монгол, Хятад хоёр улс хил залгаа оршдог, эдийн засгийн харилцан нөхөх боломж, давуу тал ихтэй. Хоёр улсын эдийн засгийн хөгжлийн эрэлт хэрэгцээ маш өндөр. Түүнчлэн Монгол Улс илүү өргөн хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй байна. Иймд ирээдүйд эрчим хүч, эрдэс баялгийн олборлолт, дэд бүтэц, зам тээврийн холболтыг нэмэгдүүлэх чиглэлээр асар их хамтын ажиллагааны боломжууд бий. Эдгээр төслүүд нь зөвхөн хоёр улсын эдийн засгийн уялдаа холбоог нэмэгдүүлэхээс гадна, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгөх юм.
Аюулгүй байдлын хамтын ажиллагааны хувьд Монгол, Хятад хоёр улс бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой. Ирээдүйд хоёр улс стратегийн харилцан итгэлцлийг улам гүнзгийрүүлж, батлан хамгаалахын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан цэргийн сургуулилтууд явагдаж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад эерэг үр дүн үзүүлсэн. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын хүрээнд Монгол, Хятад хоёр улс цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой.
Монгол Улсын дээд түвшний энэ удаагийн айлчлал хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлөх вэ?
- Хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь хоёр улсын хамтын ажиллагааны төсөл, дэд бүтцийн хөгжлийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээнүүд нь ихэвчлэн Улсын Их Хурлаар батлагддаг тул Монголын хууль тогтоох дээд байгууллагын хандлага болон байр суурь хоёр улсын хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтэд шууд нөлөөлдөг.
Энэ удаагийн айлчлал нь хятадын талаас Монголын хууль тогтоох үйл явцыг илүү сайн ойлгоход туслах бөгөөд хоёр талын хууль тогтоох байгууллагуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх болно. Хоёр улсын хамтын ажиллагааны төслүүдийн хэрэгжилтийг дэмжээд зогсохгүй, урт хугацааны хамтын ажиллагааны хэв маяг, цар хүрээг бий болгоход идэвхтэй хувь нэмэр оруулна.
Таны бодлоор ирээдүйд Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагаанд ямар боломжууд байна вэ?
- Цаашид Монгол, Хятад хоёр улс эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, технологи зэрэг олон салбарт хамтран ажиллах өргөн боломжтой. Мөн өндөр, дээд түвшний харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар харилцаагаа шинэ түвшинд гаргах боломжтой. Хоёр талын идэвхтэй хүчин чармайлтын үр дүнд Монгол, Хятад хоёр улсын харилцаа улам батжин хөгжих нь дамжиггүй.
Монгол, Хятад хоёр орны соёлын солилцоонд ирээдүй, өргөн боломж бий
БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн Зүүн хойд Ази судлалын хүрээлэнгийн дэд захирал Юань Чун-аас авсан ярилцлаа.
Монгол Улсын Их Хурлын даргын 11 жилийн дараа хийж буй энэхүү айлчлалыг хэрхэн харж байна?
- Монгол, Хятадын хоорондын бүхий л салбарын шат шатны солилцоо нь хоёр орны харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, хоёр орны хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтой юм. Монгол, Хятад хоёр орон хэдийгээр газар зүйн хувьд ойрхон ч хоёр орны харилцан ойлголцол хангалтгүй байна. Хоёр орны улс төрчид, ард түмэн харилцан бие биенийхээ үндэсний нөхцөл байдлын талаарх ойлголтоо улам гүнзгийрүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр орны хамтын ажиллагааны таатай орчинг бүрдүүлэх шаардлагатай байна гэж үздэг.
Хоёр орны хамтын ажиллагааг хэрхэн үзэж байна? Цаашид хөгжүүлэхэд ямар боломж байна гэж үзэж байна?
- Монгол, Хятад нь хөрш орнуудын хувьд 4700 гаруй км-ээр хил залгадаг. Түүх соёлын хувьд гүн гүнзгий харилцаатай, хөгжлийн хамтын ажиллагааны өргөн ирээдүйтэй. Ирээдүйд Монгол, Хятад хоёр орон олон салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөжөө өгөх боломжтой.
Өөрөөр хэлбэл, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны салбарт Монгол, Хятад хоёр орны эдийн засгийн харилцан бие биенээ нөхөх чадвар өндөр, Хятадын зах зээлийн цар хүрээ том, шинжлэх ухаан, технологийн түвшин нь байнга дээшилсээр байгаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд асар их боломж, хүчирхэг хөдөлгөх хүч болно.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн худалдаа, хөрөнгө оруулалтаар хязгаарлагдахгүй, Монгол Улсын хүн ам нь хурдацтай өсөж, харьцангуй залуу буюу 35 -аас доош насны 2.1 сая хүн байна.
Монгол Улс хүний нөөц, боловсон хүчнийг сургах талаар зохистой төлөвлөлт хийж чадвал мэдлэг, технологид суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж Монгол Улсад асар их байна. Монгол, Хятад хоёр улс нь сүүлийн жилүүдэд хүмүүнлэгийн салбарт олон түвшний, олон сувгийн, олон хэлбэрийн соёлын хамтын ажиллагааг өрнүүлж байна.
Өдгөө Хятадын соёлын аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, өндөр технологийн үйлдвэрлэл болон шинэ хэвлэл мэдээллийн платформын нөлөө тасралтгүй нэмэгдэж байна. Одоогийн байдлаар Монгол, Хятад хоёр орны соёлын солилцоонд ирээдүй, өргөн боломж бий бөгөөд уламжлалт соёлын солилцооны орчин үеийн хөгжлийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж, соёлын солилцооны маш сайн төсөл, бүтээгдэхүүнийг гаргаж ирэх боломжтой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзсан. Өнөөдөр УТЗЗ-ийн дарга Ван Хунинтай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна?
- Энэ уулзалтаар Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхийн чухлыг дахин нотолж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулан, ард түмэнд үр өгөөжийг хүртээх нийтлэг ойлголцолд хүрсэн нь ирээдүйн хамтын ажиллагаа, нэгдмэл төлөвлөлтийг бэхжүүлэхэд чухал түлхэц болсон.
Монгол, Хятад хоёр орон цаашид ахиж дэвшин, бүх түвшинд, бүх салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой хөгжлийг ахиулна гэдэгт итгэлтэй байна.