
Оюун ухааны тэр дундаа шатрын спортод дэлхий, тивийн хэмжээнд Монгол улсын нэрийг дуурсгаж, дуудуулж яваа шатарчдын амжилтыг бахдаад баршгүй. Монголчууд ямархан оюуны бядтай, потенциал сайтай, ухаалаг гэдгийг оюуны ухааны спортынхны амжилт, ялалт тодоор батлаад буй.
Оюуны ухааны спортын Хатан хаан буюу 33 жил тасралтгүй шатрын спортоор хичээллэж яваа Олон улсын эмэгтэй их мастер, МУГТ Батхуягийн Мөнгөнтуултай бид Гран при тэмцээний амжилтынх нь халуун дээр уулзаж ярилцлаа.
Тэрбээр тасралтгүй идэвхтэй тоглож буй шилдэг тамирчдын нэг билээ.

-Сайн байна уу? Юуны өмнө оюуны спортын Дэлхийн аваргын циклийн том тэмцээнд амжилт үзүүлэн шатрын спортод анхны хуудсыг нээсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Гран при тэмцээн нь шатрын ДАШТ-ий уиклийн нэг том чансаатай тэмцээн. Тодруулбал, “тулгуур тэмцээн”-ийх нь нэг.
Яг манай шатрын спортод “Дэлхийн аварга” болохын тулд горилогч болж, Дэлхийн аварга цолтнуудтай халз тоглодог. Горилогч болохын тулд энэ хүрээнд шалгаруулах тэмцээн гээд найман хүний өрсөлддөг тэмцээн болдог. Энэ тэмцээнд шалгарах өмнөх шатных нь өрсөлдөөн Гран при байдаг. Нэлээд том шалгууруудыг давж байж, ДАШТ-д өрсөлдөх эрхээ авна гэсэн үг л дээ.
Дэлгэрэнгүй тайлбарлавал Гран при тэмцээн гэдэг нь нийтдээ 6 цуврал тэмцээн болдог. 20 хүний дунд, тэгээд нэг хүн гурван тэмцээнд оролцох эрхтэй. Ингээд нийлбэр дүнгээрээ нэг болон хоёрдугаар байрт шалгарсан шатарчид тэрхүү горилогчдын найман хүний тэмцээнд оролцох эрхээ авдаг гэдгээрээ ерөнхийдөө ДАШТ-ий өмнөх шалгуур буюу эрхээ авах боломжтой нэг шатны тэмцээн юм.


-Тэгэхээр цуврал тэмцээнүүд гэсэн үг байхнээ?
-Тийм. Гран при цуврал тэмцээнийхээ нэг цувралд би хүрэл медаль авсан. Миний өөрийн хувьд энэ бол хоёр дахь Гран при тэмцээн.
Би дахин нэг тэмцээнд оролцох эрхтэй байгаа. Тэр нь ирэх 4 дүгээр сард Энэтхэг улсад болно. Тэгээд бүх 6 цуврал тэмцээнийхээ нэгдсэн дүнгийн дараа нэг болон хоёрдугаар байрт шалгарсан шатарчид Горилогчдын тэмцээнд оролцох эрхээ авна.
Иймээс миний хувьд эцсийн нэгдсэн дүн хараахан болоогүй. Мэдээж нийт 20 шатарчин буюу Дэлхийн цом болон Гран при зэрэг тэмцээнд чансаагаараа дээгүүрт бичигддэг дандаа л томчууд тоглодог. Саяны тэмцээний тухайд 10 шатарчны дунд тойргийн журмаар өрсөлдөх нь нэг шат буюу тойргийн тоглолт болдог. Үүнд хүрэл медаль зүүсэн нь маш том амжилт.


-Монгол улсаас өмнө нь энэ Гран при тэмцээнд оролцож байсан шатарчид амжилт үзүүлж байв уу?
-Ерөнхийдөө энэ Гран при тэмцээнд Их мастер Т.Батчимэг бид хоёр оролцож байсан. Гэхдээ хараахан медаль хүртэж байгаагүй. Энэ саяны амжил бол анхных нь. Дээр нь нэмээд хэлэхэд ДАШТ-ий циклтэй үзүүлсэн амжилт маань хамгийн их ойртож ирж байгаа. Ингэснээр Монголын шатрын түүхэнд нэгээхэн том шинэ хуудсыг нээж өгч буй. Энэ амжилтаараа оюуны спортод хичээллэж яваа ирээдүй хойч үе болсон олон хүхэд залууст боломж үргэлж бий гэдгийг зөв үлгэр дуурайллаар харуулж яваадаа тун баяртай байна.


-Их мастер хэдэн настайгаасаа оюуны спортоор хичээллэж эхлэв?
-Би 5 настайгаасаа оюуны спортоор хичээллэж эхэлсэн. Одоо 33 жил тасралтгүй шатрын спортоор хичээллэж байна. Гэр бүл зохиогоод гурван сайхан хүүхэдтэй болсон ч гэсэн шатрын спортоо орхиогүй. Оюуны спортын маань өөрийнх нь онцлогийн хувьд бага насны хүүхэдтэй байхдаа ч , бие давхар үедээ ч тэмцээнд оролцоод яваад байж болдог нь сайхан.


-Аливаа спортод олон жилийн туршлага маш чухал байдаг?
-Мэдээж олон жил хичээллэсний туршлага байгаа. Өмнө нь хуримтлуулсан чадварууд байж л байдаг. Энэ бүгд л нөлөөлсөн болов уу. Дээр нь нэмээд хэлэхэд саяны тэмцээнд оролцохдоо яг сэтгэлзүйн хувьд маш тогтвортой байлаа. Тэр маань маш гол түлхэц болж нөлөөлсөн байх гэж бодож байна.


-Саяны Гран при тэмцээнд Дэлхийн аваргууд оюун ухаанаа сорьсон. Бүх өрсөлдөгч нар чанга байсан байх?
-Тийм. Бүх өрсөлдөгч нар чансаагаар надаас өндөр байсан. Дээр нь таван “Дэлхийн аварга” цолтой шатарчид оролцсон. Миний хувьд тэмцээнийг зорихоосоо өмнө эхний 5-д шалгарна гэсэн зорилготой байсан.
Хожлын төлөө улайрахгүйгээр, тайван байрлалаа тавиад, тэнцээгээ баттай гартаа бариад, мэдээж хэрэг өрсөлдөгч нар маань бүгдээрээ намайг хожихын төлөө өрсөлдөнө. Тэгээд тэд нарыгаа алдах юм бол тэр боломжоо ашиглана гэсэн тактик боловсруулж, багштайгаа төлөвлөгөө зохиож, оролцсон.
Тэгэхээр сэтгэлзүйн хувьд нөгөө талаас дарамт арай багатай, өрсөлдөгчтэйгээ тэнцэхэд надад алдах зүйлгүй маш тайван байдалтай тоглосон нь бас их онцлогтой байлаа.


-Тойргийн систем гэдгийг тодорхой ойлгомжтой тайлбарлавал манай уншигчид сонирхож байгаа байх?
-Тойргийн систем гэдэг нь маш их ачаалал ихтэй, хүндхэн тэмцээн байдаг. Яагаад гэвэл өрөг бүр дээр дандаа хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна. Өмнө нь хэн хэн тоглох, оноолт нь гарчихсан, өнгө нь тодорхой байдаг учраас өрсөлдөгч нар маань ч маш их бэлдчихсэн орж ирдэг л дээ.
Маш их ажлыг бид нар гэрийн даалгавартаа хийчихсэн байгаа учраас өрөг бүр маань маш удаан хугацаанд үргэлжилдэг. Иймээс энэ бүхэнд анхнаасаа л сэтгэлзүйн хувьд би өөрийгөө маш сайтар бэлдчихсэн байсан.
Гэхдээ л бас сүүлийн 3 өрөг дээрээ нойр хүрэхээ болиод, шөнийн 2-3 цаг хүртэл унталгүй хөрвөөгөөд, гэсэн ч үүнийгээ маш сайн давж чадаад сайн тоглож чадсандаа маш их баяртай байна.


-Гран при тэмцээнд оролцох эрх авдаг болов уу?
-2023 онд миний хувьд Гранд свис гээд ДАШТ-ий циклд багтдаг бас нэг тэмцээн бий. Үүнд чансаагаараа эхний 40-д бичигддэг эмэгтэй шатарчин тоглодог. Энэ тэмцээнд өрсөлдөөд 4 дүгээр байрт шалгарснаар саяны Монакод болсон Гран при тэмцээнд оюун ухаанаа сорих эрхээ авсан.
-Шатрын спортын Ази тив болон дэлхийд тоглож буй амжилтуудаас дурдвал?
-Манай улсын шатарчдын 70 гаруй жилийн шатрын спортын түүхэндээ тоглож байхад дэлхийд болон Ази тивдээ хараахан амжилт үзүүлээгүй байсан. Харин 2020 онд Их мастер Д.Мөнхзул анхны тивийн медаль буюу Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байлаа. Миний хувьд 2023 онд Ази тивийн АШТ-ээс зүүсэн медаль маань Монголын оюуны спортын түүхэн дэх хоёр дахь медаль болж буй.
Би Ази тивээс медаль авах юмсан гэсэн зорилго, зорилтыг өөртөө маш их тээж явж байсан. Түүний төлөө бэлтгэл сургуулилтаа хийж, хөдөлмөрлөж явсан учраас тэр медалийг аваад маш их баярлаж, урам авч байлаа. Ингээд ер нь бас спортоосоо болиогүй, хариагүй юм байна гэж бодоод тэмцэн уралдаанд үзүүлэх амжилт бүр урам, хүч өгч, дахин нөөц байгаа юм байна гэж бодогдож яваа.


-Багш дасгалжуулагчаар хэн ажиллаж байна вэ?
-2018 оноос миний дасгалжуулагчаар Их мастер Б.Гүндаваа ажиллаж байгаа. Бэлтгэл сургуулилтаа тогтмол хийж байгаа. Тоглолтын өмнө болон дундуур дасгалжуулагчтайгаа ярилцаад тактикаа боловсруулдаг. Ялангуяа гараан дээр надад маш их үнэтэй зөвлөгөөнүүдийг өгдөг.
-Өөрийн тань хувьд яг тоглолт дээрээ ямар арга такиктаар өрсөлдөгчөө буулгаж авдаг вэ?
-Ер нь бол шатарчид маань хоёр төрлийн тоглолтын арга барилтай байдаг. Байрлалын тоглолттой, эсвэл тактикийн довтолж тоглох темптэй байдаг. Мэдээж өндөр дээд түвшний тоглогч байхын тулд аль алийг нь сайн эзэмшсэн байж, алдаагүй сайн тоглодог болно. Үүнд хувь хүний зан чанар ч нөлөөлдөг гэх юмуу.
Миний хувьд би бэрстэйгээ байгаад дунд үеийн олон бодтой, тийм хурц, тактикийн тийм тоглолтонд илүү дуртай.


Шатар тоглоход сэтгэлзүй маш чухал
-Дараагийн тэмцээн уралдааны талаар сонирхоё?
-Гран пригийн 5 дахь цуврал тэмцээн 4 дүгээр сард Энэтхэгт болно. Дараа нь 5 дугаар сард Ази тивийн АШТ бий.
-Спортын амжилттай яваа тамирчны ард бат найдвартай зогсох гэр бүл бий. Мэдээж ар тал гэр бүл маш сайн ойлгож, дэмжиж гэмээнэ зөвхөн амжилтын төлөө л боддог болов уу?
-Тийм. Манай тэмцээн маш олон өдөр, хугацаанд буюу 14-15 хоног үргэлжилдэг. Энэ хугацаанд гэр бүл, үр хүүхдүүдээ орхиод явчихдаг. Тэгэхээр эзэнгүй байх хойгуур хүүхдүүдээ ч маш сайн харна, ажлаа ч цалгардуулахгүй хийнэ. Миний хань намайг үргэлж, ойлгож, дэмжиж том ар тал болдог учраас би зөвхөн тэмцээндээ л анхаардаг. Ханьдаа маш их баярлаж явдаг. Мөн манай ээж, хадам ээж, аав нар бий. Саяны тэмцээнд гэхэд л манай ханийн аав, ээж бага хүүхдийг маань маш сайн харж өгсөн. Аав, ээж нартаа маш их баярлаж явдаг даа.


Манай гэр бүл, Монголын шатрын холбоо, “Алдар” спорт хороо, улсын шигшээ баг, “Номт Наран” сургууль гээд намайг дэмждэг бүх хүн, байгууллагуудад маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Ярилцсанд баярлалаа.

