
Xiaomi Automobile Co., Ltd буюу Шяоми автомашин үйлдвэрлэлийн компани нь 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Бээжин хотын И Жуан эдийн засаг, технологийн нээлттэй бүсэд байгуулагдаж, гар утас, ухаалаг технологи, төхөөрөмжөөр нь та бидний танил болсон уг компани ийнхүү дэлхийн автомашины зах зээлд хүчтэй орж ирсэн юм.
Өрөг.мн сайтын сурвалжлах баг БНХАУ-ын Бээжин хотод байрлах Xiaomi автомашин үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус үйлдвэр нь ойролцоогоор 718,000м2 талбайг хамардаг бөгөөд гагнуур, будаг, эцсийн угсралт, батерей, электроникийн үйлдвэртэй бөгөөд 2,5 км-ийн туршилтын зам, R&D лабораториас бүрдсэн томоохон үйлдвэрийн цогцолбор юм.
Энэ том үйлдвэрт 381 робот, 100 орчим ажилчид 1 цагийн дотор 40 автомашиныг зөвхөн угсрах бус үйлдвэрлэж байна. Ингэж хэлж буйн учир нь Xiaomi компани автомашиныхаа суурь эд анги болох рамыг хиймэл оюун ухаан ашиглан 11,000 металын өгөгдлөөс тусгай шинэ төрлийн метал гарган авч, угсарч гагнахгүй бүрэн цутгамал байдлаар хийж байна. Уг метал нь далайн шумбагч хөлгийг бүтээдэг металтай ижил бат бөх чанартай аж.
“Xiaomi motors” өнөөг хүртэл…
2021 он: Гуравдугаар сард Xiaomi компани ухаалаг цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт нэвтэрч байгаагаа зарлаж, долдугаар сараас эхлэн Xiaomi автомашины автомат жолоодлогын системийг хөгжүүлж эхэлсэн. Мөн оны наймдугаар сард Xiaomi нь бие даасан жолоодлогын технологийн Shendong Technology компанийг худалдан авч нэгтгэсэн бөгөөд 11 дүгээр сард “Xiaomi моторс” Бээжингийн эдийн засаг, технологийн нээлттэй бүсэд бүртгүүлснээ зарласан юм.
2022 он: “Xiaomi моторс” нь Бээжингийн 2022 оны “Гурван 100” гол төслийн нэгээр шалгарсан. Наймдугаар сард CATL болон Fudi Battery нь цахилгаан батерей нийлүүлэгчээр сонгогдож, бие даасан жолоодлогын салбарт хийхээр төлөвлөсөн анхны судалгаа хөгжлийн хөрөнгө оруулалт нь 3.3 тэрбум юань болсон.
2023 он: Нэгдүгээр сард “Xiaomi моторс” анхны загварынхаа дизайн, сэлбэг хэрэгслийн зургийг олон нийтэд танилцуулсан. Харин есдүгээр сард Xiaomi автомашины үйлдвэр туршилтын үйлдвэрлэлээ хийж эхэлжээ. Аравдугаар сард Xiaomi-ийн Qualcomm чипээр тоноглосон бүтээгдэхүүн урт зам туулах чадвартай гэдгээ баталсан. 12 дугаар сарын 28-нд “Xiaomi моторс”-ын анхны загвар болох Xiaomi SU7 загварын цахилгаан машиныг танилцуулжээ.
2024 он: Гуравдугаар сарын 19-нд Шяоми автомашин үйлдвэрлэлийн бааз албан ёсоор нээлтээ хийв. Мөн Xiaomi SU7 албан ёсоор худалдаанд гаргасан бөгөөд тус загварын 100,000 гаруй цахилгаан машин зах зээлд нийлүүлэгдсэн байна. Долдугаар сард “Xiaomi моторс” төслийн хоёр дахь шат албан ёсоор хэрэгжиж эхлэн нийт борлуулалтын цэгийн тоо 104-д хүрчээ. Харин аравдугаар сарын 29-нд Xiaomi SU7 Ultra-ийн масс үйлдвэрлэлийн хувилбараа гаргажээ.
2025 он: Нэгдүгээр сарын 31-ний байдлаар БНХАУ-ын 64 хотод нийт 216 албан ёсны борлуулах дэлгүүрийг байгуулж, 31 газарт Хiaomi цахилгааны машины албан ёсны засвар үйлчилгээний төвийг нээсэн байна.
Монгол Улс, БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Xiaomi цахилгаан автомашины үйлдвэртэй танилцсан юм.
БНХАУ-тай хийж буй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ чиглэлд өндөр технологийн хөгжил, хиймэл оюун ухааныг чухалчлан авч үзэж буйг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тодотголоо. Тэрбээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзах үеэрээ Монгол Улс, БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэлийн гинжин хэлхээнд нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.