
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогч иргэдийнхээ аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэл хотын 176 уулзвар цэгт байршуулсан 2600 гаруй “Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системийг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тухайлбал: “Хиймэл оюун ухаан”-д суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын “Зогс” шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чухал ач холбогдолтой.
Одоогийн байдлаар эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, зогс шугам давсан зөрчил гаргасан тохиолдолд МУИС, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Гадаад харилцааны яам-Төв шуудан, Хүнсний 1 дэлгүүр зэрэг 5 уулзвар дээр байрлуулсан камерт бичигдэж “Таны … дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ.” гэсэн сануулах мессеж очих юм.
“Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах, замын түгжрэл, саатлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх юм.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЛБА