Төрийн ордонд Утааны сонсгол болж байна. Энэ үеэр шинжээч мэдээлэл өглөө. Тэрбээр агаарын бохирдолд зарцуулах мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан жишээг танилцууллаа.
Жишээ нэг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/371, 2019 оны А/246 дугаар тушаалыг үндэслэн Ховд аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөгөө ирүүлээгүй байхад 800 сая төгрөгийг шилжүүлжээ. Мөн агаарын бохирдлыг бууруулахтай холбоогүй 36 айлын хашааны хаалгыг сайжруулж, жигдрүүлэх, барилгын зураг төсөл зэрэг ажилд 116 сая төгрөгийг зарцуулсан байна.
Жишээ хоёр. Хотын даргын 2019.12.19-ний өдрийн “Цэвэр агаартай хот аяныг зохион байгуулах тухай” А/1232 дугаар захирамжийг үндэслэн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны хөтөлбөрийн зардлын 210 сая төгрөгийн зарцуулаагүй үлдэгдлийг Соёл урлагийн газарт шилжүүлж, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулжээ.
Жишээ гурав. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн А/750 тушаал, Нийслэлийн Засаг даргын арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн А/1245 тоот захирамжаар угаарын хий мэдрэгч 200 мянган ширхэг төхөөрөмжийг БНХАУ-ын “PGST” компанитай шууд гэрээ байгуулан 3 тэрбум 512 сая төгрөгөөр худалдан авч, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй тараасан боловч манай улсад мөрддөг стандарт байхгүй, үнийн судалгаа хийгээгүй байна.
Жишээ дөрөв. “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн сайжруулсан түлшийг нөөцлөхөд шаардлагатай агуулах түрээслэх” ажлыг зохион байгуулж, 35 иргэн, ААН-тэй түрээсийн гэрээ шууд байгуулж, 2020.07.01-нээс 10.01-ний хооронд метр квадрат талбайн түрээсийг хотын төв, төвөөс алслагдмал байдал зэргийг харгалзан 6000-8000 төгрөгийн хооронд тогтоож, түрээсийн төлбөрт 1 тэрбум 391 сая төгрөгийг төлсөн байна.