Монголд адуу мал, алдар гавьяа тэр бүү хэл архинаас хямдхан байгаа зүйл нь хүүхдийн эрх л байна. Сүүлийн үед морь уралдуулах асуудлаас үүдэлтэй унаач хүүхдүүдийн эрхийн асуудал хөндөгдөх болсон. Гэвч зөвхөн эл асуудал дээр хүүхдийн эрх зөрчигдөөгүй.
Хүүхдүүд ямар амьдрал үзэж, юу туулж яваа талаар Хүүхдийн тусламжийн 108 төвийн ахлах сэтгэл зүйч Г.Гэрэлтнаран дараах зүйлийг ярилаа.
ХҮҮХДИЙН МӨНГӨ БУУСАН ӨДӨР ХҮЧИРХИЙЛЛИЙН ДУУДЛАГА НЭМЭГДДЭГ
Кейс нэг. Нэгдүгээр ангийн л охин байсан. Дүүтэйгээ хоёулхнаа гэрээсээ шөнө зугтаачихсан. Түрээсийн байранд амьдардаг юм билээ. Гэрт нь согтуу хүмүүс орж ирээд хүүхдийг хөөгөөд гаргачихсан байгаа юм. Ингээд охин дүүгээ аваад явчихсан хэрэг. Дүүдээ өөрийнхөө хувцсаа өмсгөөд өөрөө огт хувцсаа өмсөөгүй байсан. Дээгүүрээ шалдан гараад ирчихсэн гэсэн үг. “Чи яагаад гэрээсээ явсан юм бэ, тусламж хүсэхгүй яасан юм бэ” гэхэд, “манай гэрээс намайг хүн хөөчихсөн. Ээж аав хоёулаа согтуу байсан” гэж байгаа юм. Ялангуяа ахуйн архидалт ихтэй, халамжийн мөнгө буухаар архи аваад уучихдаг айл олон бий. Манай дээр дуудлага нэмэгддэг өдөр нь баасан гараг, халамж, хүүхдийн мөнгө буусан өдөр нь юм.
Дэлгүүрийн худалдагчид ч халамж хавтгайрсан байдлыг халаглан ярьж, хүүхдийнхээ мөнгөөр архи авч уудаг байдлыг хэлсэн юм.
ДЭЛГҮҮРИЙН ХУДАЛДАГЧ: ХАР ӨГЛӨӨ ОНГОЙГООД Л ТАЛХАА ЗАРЖ ЭХЭЛДЭГ БАЙСАН. ОДОО БОЛ ХАР ӨГЛӨӨГҮҮР АРХИА Л ЗАРДАГ
Тэрээр, “Одоо хүмүүс архи л их авдаг болсон. Хар өглөө онгойгоод л талхаа зарж эхэлдэг байсан. Одоо бол хар өглөөгүүр архиа л зардаг болж. Нэг их сонин. Мөнгө буухыг л хүлээсэн хүмүүс байдаг шүү дээ. Хүүхдийнхээ мөнгийг буухаар л ингэнэ, тэгнэ гээд зээлдэг” гэж ярилаа.
Кейс хоёр. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах анхдагч хэрэгцээ нь хангагдахгүй байгаа. Хүүхдээ айлд зарчихдаг. Зардаг гэдэг нь тухайн айл мөнгө харамж өгдөг. Хүүхдийг өөрийнхөө аж амьдралд туслуулах нэрийн доор эрхийг нь зөрчдөг. Яг л бараа таваар шиг. Хөдөө орон нутагт морь унуулахаар эсвэл, айлд өгөөд явуулчихдаг. Гэтэл тухайн айлын хүн нь хүүхдийг дахиад өөр нэг айлд өгөөд явуулчихсан. Тухайн хүүхдийн эцэг эх нь хүүхдийг хаана байгааг нь ч мэдэхгүй. Нөгөө айл руу нь холбогдохоор мөнгөөр худалдаад авчихсан. Яг мөнгө төгрөгөөр ч юм уу, эсвэл зүгээр малаар наймаалдаг асуудал бий. Хүүхэд тэр айлд очоод зодуулах, хүнд хүчир зүйл хийж байгаад, бэртэж гэмтэх, насаараа тахир дутуу болох ч асуудал гарсан.
ГЭРТЭЭ БАЙСНААС БУУДАЛД БАЙХ НЬ ДЭЭР
Кейс гурав. Монголд хүний наймаа их дэлгэрсэн. Тухайн хүүхэд гэрээсээ гараад, ор сураггүй алга болсон байхад аав ээж нь огт хүүхдээ сураглаагүй. Гэтэл хүүхэд алслагдсан дүүрэгт хэн нэгэнд заналхийлүүлээд, бэлгийн мөлжлөгт өртсөн байдаг. Тэндээсээ гарч явж чадахгүй, сар гаруй хугацаа өнгөрсөн тохиолдол ч байна. Хүүхэд гэртээ даарч хонож байснаас, хэн нэгнээс мөнгө аваад буудалд байж байя гэдгийг илүүд үзэх болдог. Би гэртээ харихгүй гэдэг бодолтой болчихсон байсан.
Бэлгийн хүчирхийлэл бол маш эмзэг сэдэв. Хүүхэд өөрөө шууд илэрхийлээд хэлж чадахгүй, хэн нэгэн найздаа хэлдэг. Найз нь манайх руу холбогдох байдлаар эсвэл ээж аав нь мэддэг. Үеэл ахынх нь найз гэрт нь хүүхдийг хүчирхийлчихсэн. Тухайн хүн би чамд мөнгө өгнө гээд 5-6 сар болоод л алга болчихсон. Дараа нь жирэмсэн болсноо хэлэхэд хүүхдийг огт тоогоогүй. Эцэг эхчүүд маш хайнга байдаг. Охин нь том футболк, навсгар цамцтай байгааг огт анзаарч харахгүй. Гэдэс нь томорсны дараа л мэддэг. Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.
Кейс дөрөв. Үл хайхрах хүчирхийлэл бол хүүхдийг анхан шатны хэрэгцээнээс нь тусгаарладаг. Ялангуяа бага насны хүүхдүүд өртдөг нь эмзэглэмээр асуудал. Жишээ нь хүүхэд хэд хоног хоол идээгүй гэдгээ ч мэдэхгүй байдаг. Хажууд нь байхаар тэсэхийн аргагүй үнэртэй болчихсон, хуурсандаа баригдчихсан, яр шарх болчихсон байсан.
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр болон Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд хэр олон дуудлага, мэдээлэл ирж байгааг манай сайт сурвалжиллаа. Эрсдэлд байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 0-18 насны хүүхдүүдэд Хүүхэд хамгаалах түр байр үйлчилдэг. Энд байх хугацаандаа хүүхэд сэтгэл зүйн, эрүүл мэндийн, нийгмийн, хөгжлийн, боловсролын үйлчилгээнд хамрагддаг. Тус байраар үйлчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь бие махбодийн хүчирхийлэл, үл хайхрах буюу аав, ээж нь архины хамааралтай, хүүхдээ харах хүнгүй олон хоногоор үлдээсэн гэх зэрэг шалтгаанаар энд иржээ. Тэднийг хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас болон цагдаагийн байгууллагаар дамжуулан энд авчирдаг байна.
108 дугаарын утсаар үйлчлэх төв 24 цагийн турш үнэ төлбөргүйгээр хүүхдэд сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, мэдээлэл өгөх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Тус төв өдөрт дунджаар 500-600 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг 4 дуудлага хүлээн авч, мессеж болон чатботоор харилцан, мэдээлэл өгч байна. Оройн 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд гэр бүлийн хүчирхийллийн тухай дуудлага эрс нэмэгддэг ажээ. Өдөрт ирж буй дуудлагын нь ихэнх нь хүүхдийн эрх зөрчигдсөн тухай байдаг байна. Баярын өдөр болон хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэр, тэтгэмж, цалин буусан өдрүүдэд дуудлага, мэдээлэл ихэсдэг. Мөн сургууль амарсан үед гэр бүлийн хүчирхийлэл нэмдэг.
Ирж байгаа дуудлага, мэдээллийн 100 гаруй нь хяналтынх байдаг байна. Ийм дуудлага, мэдээллийг харьяа дүүрэг рүү нь шилжүүлдэг. Харин асран хамгаалагч байхгүй, эсвэл аав ээж нь архидан согтуурч хүчирхийлэл үйлдсэн тухай шуурхай дуудлага, мэдээллийг хүлээн аваад, харьяа дүүргийнх нь хамгаалах төвийн ажилтнуудыг тийш нь илгээдэг.