Тетрада фалло /дөрвөлсөн хөх гажиг/ буюу зүрхний хүнд хэлбэрийн төрөлхийн гажигтай, хавсарсан уушгины артерийн гол судас байхгүй гэж оношлогдож, Монгол Улсад эмчлэх боломжгүй байгаа тул БНХАУ-руу явж эмчлүүлэхээр болсон талаар өнгөрөгч пүрэв гарагт бид мэдээлсэн.
Төрөөд нэгхэн сартай байхдаа уушгины хатгалгаа тусч эмнэлэгт хандсанаар дээрх хавсарсан онош нь тогтоогдсон охиныхоо төлөө аав, ээж, ахан дүүсээ уриалан нутаг орон, сумандаа хандивын аяныг өрнүүлж эхэлсэн бөгөөд манай сайтаар дамжуулан Монголын ард түмнээсээ тусламж хүсэж буйгаа хэлсэн. Үүний дагуу бидний бэлтгэсэн сурвалжилгын үр дүнд халуун сэтгэлтэй монголын ард түмэн хандивт нэгдэж охины эмчилгээнд шаардлагатай 200 сая төгрөг бүрдээд байна.
Охины аав Т.Ням-Эрдэнэ хандив өгсөн Монголын ард түмэндээ талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд хандивын аяныг зогсоосон байна.
“Сайн байцгаана уу? Өрөг.мн сайтыг үзэж байгаа үзэгчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Миний охин Ням-Эрдэнийн Гоо-Эрдэнэ нь дөрвөлсөн хөх гажиг буюу уушгины артерийн гол судас байхгүй гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу авсан. Өрөг.мн сайт дээр өөрийн биеэр ирж уулзаад хандивын аянаа эхлүүлсэн. Энэхүү хандивын аяныг маань дэмжсэн Өрөг.мн сайт, Уул Үүл пэйжийн хамт олон, нийт Монголчууддаа, Хайрхан сумынхаа ард иргэд үе үеийн төгсөгчид, найз нөхөд, ажлын хамт олондоо бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Хандивын аян маань бүрдсэн учир Өрөг.мн сайтаар дамжуулаад хандивын аянаа зогсоосноо мэдэгдэж байна. Хэрвээ манай охины зурагтай постер, хуурамч луйврын данс явж байх юм бол та бүхэн маань битгий шилжүүлээрэй. Хандивын аян маань бүрдсэн бид гурав 2-р сарын эхээр БНХАУ-ын эмнэлэг рүүгээ явахад бэлэн болсон байгаа.”