Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам зорилтот бүлгийн, тэр дундаа ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарч, “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд “Ахмад настай игэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх Үндэсний цахим элч” хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.
Үүний хүрээнд 137 сайн дурын оюутан, залуус, ахмадыг сонгон шалгаруулж, цахим ур чадварын сургагч багш болгон бэлтгэсэн ба эдгээр сайн дурын “Үндэсний цахим элч” нар нь 2024 оны 10 сарын 10-наас 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал Улаанбаатар хотын 9 дүүрэг, хөдөө орон нутгийн нийт 1277 ахмадад яг өдөр тутамд нь хэрэгцээтэй цахим ур чадваруудыг заалаа. Нэг талдаа цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой ч нөгөө талдаа нийгмийн томоохон хөндөгддөггүй асуудал болох залуу болон ахмад үе хоорондын харилцаа, ойлголцлыг сайжруулах ач холбогдолтой юм. Энэ нь сургалтын үеийн ахмадуудын олон олон эерэг сэтгэгдэл, талархлаас харагдаж байна.
Түүнчлэн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөх баг анх 100 сайн дурын сургагч багш бэлтгэх, 1000 ахмад настай иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоо амжилттайгаар давуулан биелүүлж, Улаанбаатар хотын 9 дүүргээс гадна 13 аймгийн 188 ахмад настнууд, нийт 1277 ахмадыг сургалт хамруулж ажилласан байна.
Дээрх ахмадууд яг ямар ур чадварт суралцсан бэ гэвэл зөвлөх багийн боловсруулсандараах 6 бүлэг агуулга сэдвийн хүрээнд суурь болон ахисан түвшний цахим мэдлэг, ур чадвартай болсон байна.Үүнд:
Суурь түвшин
- Цахим иргэн гэж хэн бэ, цахим орчины талаарх зөв ойлголт
- Ухаалаг гар утасны хэрэглээ (Утас асаах/унтраах, утасны дуу, фонт өөрчлөх, WI-FI сүлжээнд холбох, утсандаа шинэ аппликейшн татаж авах, гар утасны нууцлал)
- Интернэтийн хэрэглээ (Интернэт хөтөч суулгах, Google search, calendar, photos, шинээр google account нээх, нууц үг сэргээх, нууц үгээ хадгалах), Gmail ашиглах
- Харилцаа холбоо (Оператор компани дата сүлжээг ашиглах, нэгж, дата хэрэглээгээ хянах, олон нийтийн сүлжээний, сошиал сувгуудын аппликейшн татах, онлайн дуудлага, видео дуудлага хийх, Сошиал платформ дээр тохиргоо хийх, Googl meet, Viber ашиглах)
- Төрийн үйлчилгээ (Төрд байгаа өөрийн хувийн мэдээлэлдээ хяналт тавих, И-Монгол аппликейшн ашиглах, Эрүүл мэндийн үйлчилгээнд хандах, И-Кидс апп ашиглах)
- Банк, төлбөр тооцоо (Банкны апп ашиглах, оператор апп-аар гар утасны нэгж дата худалдан авах, цахим банкны аюулгүй байдлын зөвлөмж)
- Контент бүтээх (Богино контент бүтээх, сошиал медиа дээр бусадтай харилцаж, контент нийтлэх эсвэл татаж авах, зураг авах, бичлэг хийх, зураг бичлэгээ засварлах, бусдад илгээх
Ахисан түвшин
- Ухаалаг гар утасны хэрэглээ (Фолдор үүсгэн мэдээллээ цэгцлэх, мэдээлэл солилцох, Цэс тохиргоо хийх, App хоорондын шилжилт)
- Интернэтийн хэрэглээ (Google Maps, Google Drive өдөр тутамын хэрэгцээнд ашиглах)
- Харилцаа холбоо (Тоон болон цахим гарын үсгийн хэрэглээ, Zoom Telegram ашиглах, давхар шатлалт хамгаалалт, Кибер аюулгүй байдлын тухай хууль)
- Төрийн үйлчилгээ (E-business, d.parliament.mn, И-Баримт, И-Татвар, И-халамж)
- Банк, төлбөр тооцоо (Банкны апп-аар дансаа удирдах, Socialpay, онлайнаар бараа, үйлчилгээ худалдан авахад анхаарах зөвлөмжүүд)
- Компьютерын тухай (10 хуруугаар шивэх, Word,Excel, PowerPoint)
Мөн дээрх агуулгын хүрээнд 160 гаруй хуудас бүхий “Ахмадуудын цахим ур чадварыг нэмэгдүүлэх гарын авлага” ном боловсруулан хэвлүүлж сургалтад хамрагдсан ахмадуудад хүргэсэн нь ахмадуудын сэтгэлд ихээхэн хүрсэн хэрэгцээт ширээний ном болж чадлаа.
Үндэсний цахим элч хөтөлбөрийг дэмжиж, үе хоорондын цахим ур чадварын ялгааг бууруулахад Боловсролын Ерөнхий Газар, Насан туршийн боловсролын төв, Монголын Ахмадын Холбоо, Юнител групп, Төрийн банк, Монгол Эм Импэкс Концерн ХХК, Скайтел Групп, Скай Хайпермаркет ХХК, “И-Монгол академи” УТҮГ, Илтгэх Индрийн Ирээдүй ТББ, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨХХК, Гэр өргөө олон нийтийн төв, CU сүлжээ дэлгүүр зэрэг байгууллагууд бидэнтэй нэгдэн хамтран ажиллалаа. Хамтран ажилласан, туслаж дэмжсэн бүхий л байгууллага хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байна.