“Зөөвч овоо” ордын талаар ЭНД ДАРЖ уншаарай
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч овоо, Дулаан-Уул ордуудаас уран олборлох “урт холын мөрөөдөл” энэ баасан гарагт биелэх гэж байна. Өнөөгийн УИХ-ын залуу гишүүнтэй чацуу хугацааг туулсан энэ ажил 26 жилийн дараа жинхэнэ хамтрагчаа олж, монголын түүхэнд гуравдагч хөрш оронтойгоо хийж буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэх нь тодорхой болсон.
Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даррга болон уул уурхай, эрдэс баялгийн салбарын сайд нарын нүүр үзсэн энэ төсөл цаг хугацааны хувьд олборлох түүхий эдийнхээ дэлхийн зах зээл дээрх үнийн “Оргил үе”-д хамтрагч талуудын гарын үсэг зурагдаж байгаа нь Монгол Улсын эдийн засаг төдийгүй геополитик, гадаад харилцаа, нэр хүндэд эерэг уур амьсгал, давуу байдлыг үүсгэж буй юм.
Гэрээний хүрээнд монголын тал дахь ашгийн талаар ЭНД ДАРЖ уншаарай.
“Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр талууд гарын үсэг зурсан.
Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Орано Майнинг САС компани хооронд байгуулах уран олборлох төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд санал, дүгнэлт боловсруулах, хэлэлцээ хийх, эцэслэн боловсруулсан хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг, тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх ажлын дэд хэсгүүд, Салбарын сайд нараар ахлуулсан ажлын дэд хэсгүүд мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаач, хөндлөнгийн төлөөллийг оролцуулан өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдаж энэхүү гэрээг Монгол улсын эрх ашигт нийцсэн, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа дийлэнх үр өгөөж ард түмэнд ногдож байх, талуудын хүртэх өгөөжийг тэнцвэртэй хангах суурь зарчмуудыг баримтлан ажиллажээ.
Гэрээг зөвхөн монголчууд өмнө нь хийсэн алдаа оноотой Оюу толгойн гэрээтэйгээ жишиж хараад бичсэнгүй, олон улсад нэр хүнд бүхий мэргэшсэн санхүү, хууль, байгаль орчны чиглэлээр Английн White & Case олон улсын хуулийн фирмтэй, татвар, санхүү, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр АНУ-ын Charles River Associates олон улсын зөвлөх компанитай, байгаль орчны чиглэлээр ХБНГУ-ын GeoEnergy Consult компанитай хамтран ажиллажээ.
Энэ нь гуравдагч орны хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ болох бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Улс, орон нутгийн төсөвт жилд 520 тэрбум, төслийн нийт хугацаанд 17,1 их наяд төгрөг, Үндэсний баялгийн санд жилд 61,5 тэрбум, төслийн нийт хугацаанд 2 их наяд төгрөгийг төвлөрүүлж валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, 1600 орчим ажлын байр бий болгох ач холбогдолтойн дээр, шинэ технологи нутагшуулж, шинэ төрлийн үйлдвэр (хүхрийн хүчлийн үйлдвэр)-үүд баригдах боломжийг бүрдүүлэх юм.
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурах бөгөөд гарын үсэг эрхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олгосон юм.
Орано майнингтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийн
онцлох заалтууд
Хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээний төсөл нь 18 бүлэг 86 зүйл 355 заалттай бөгөөд Талууд хэлэлцээний үр дүнд дараах үндсэн нөхцөлүүдийг харилцан ойлголцлоо.
Үүнд:
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр:
- Анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500,000,000 ам.доллар байна. Хөрөнгө оруулагч тал анхны хөрөнгө оруулалтын санхүүжилтийг зээл, түүнтэй адилтгах санхүүгийн хэрэгслээр бүрдүүлэхгүй өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Төслийн хугацаанд хувь нийлүүлэгчийн зээлийг хязгаарлаж, зээл авах зайлшгүй онцгой шаардлага үүссэн тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын 100% шийдвэрээр шийдвэрлэхээр тохирчээ.
- Монгол Улсын Засгийн газар уг төсөлд ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээхгүй байхаар тохирлоо.
- Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө Төсөл хэрэгжүүлэгч компанид олгосон Хувьцаа эзэмшигчийн зээлийг Төсөл хэрэгжүүлэгч компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд шилжүүлэхээр тохирлоо.
- Хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн санхүүгийн тооцооллыг шууд ашиглахаас илүүтэй, Техник, эдийн засгийн үндэслэлд тулгуурлан, олон улсын FAST (Flexible, Appropriate, Structured, Transparent) стандартын дагуу өөрийн талын санхүүгийн тооцооллын загварыг Монголын тал боловсруулж, хөрөнгө оруулагчтай тулган баталгаажуулалт хийсний үндсэн дээр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын үр өгөөжийн дийлэнх хэсэг буюу 51- ээс доошгүй хувийг Монгол Улс хуримтлагдсан дүнгээр жил бүр хүртэх тооцооллыг баталгаажууллаа.
- Монголын талын шууд үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд Хөрөнгө оруулагч болон Төсөл хэрэгжүүлэгч компани нь хуримтлагдсан дүнгээр үр өгөөжийг 51 хувьд хүргэхэд шаардлагатай үр өгөөж тохируулах нэмэлт төлбөрийг Засгийн газарт нөхөн төлөх үүрэгтэй байхаар тохиролцлоо.
- Засгийн газар төсөл хэрэгжүүлэгч компанийн эздийн өмчийн 10 хувьтай тэнцэх “Төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа”-г үнэ төлбөргүй, шууд эзэмших ба хувь хэмжээг буурахгүй, энгийн хувьцаа эзэмшигчдээс тэргүүн ээлжид ногдол ашиг хүртэх, давуу эрхийн хувьцааны ногдол ашиг хуваарилагдаагүй тохиолдолд энгийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авахгүй байхаар тохирлоо.
Татвар, санхүүгийн чиглэлээр:
- Хөрөнгө оруулагч талаас нийт 27 төрлийн татварыг тогтворжуулах саналыг ирүүлснийг хэлэлцээрийн явцад бууруулан, зөвхөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ, АМНАТ, Гаалийн тариф гэсэн 4 төрлийн татварыг тогтворжуулахаар тохирлоо.
- Зөвхөн татварын төрөл, хувь хэмжээ, элэгдэл, хорогдол тооцох хугацаа, алдагдал ирээдүйд шилжүүлэн тооцох хугацаа гэсэн 3 үзүүлэлтийг тогтворжуулахаар тохирлоо.
- АМНАТ-ийг үндсэн болон нэмэгдүүлсэн хувиар тооцох бөгөөд тусгай төлбөрийг бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс хасагдуулга, инфляц тооцохгүйгээр, бүрэн төлөхөөр тусгалаа.
- Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэхийн (BEPS) эсрэг зарчим болон дотоодын хуулийг бүрэн дагаж мөрдөхөөр гэрээний төсөлд тусгав.
- Маркетингийн төлбөрийг татварын болон санхүүгийн тайлангийн зорилгоор хасагдах зардалд зардлаар бүртгэхгүй болохыг хэлэлцээрийн явцад хөрөнгө оруулагч талаар зөвшөөрүүлэв.
- Засгийн газар эцсийн бүтээгдэхүүнд “0” хувийн НӨАТ ногдуулах асуудлаар нэгдсэн бодлогоор бүх уул уухайн компанид ижил хандсан тохиолдолд НӨАТ төлөхийг зөвшөөрөх боломжтой талаар хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцолд хүрсэн.
Олборлолт, үйлдвэрлэл, технологийн чиглэлээр:
- Бүтээгдэхүүнд ураны ислээс гадна бусад дагалдах байгалийн баялаг, ашигт малтмалыг оруулж, АМНАТ тооцно.
- Хөрөнгө оруулалтын гэрээг төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа 3 тусгай зөвшөөрлийн хүрээнд авч үзэх, бусад ирээдүйд авч болох тусгай зөвшөөрлүүдийг хамруулахгүй байхаар тохирсон.
- Үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн ашиглаж, үйлдвэрлэлийн хэмжээг батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх, хэт бууруулах, нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг үндэслэлгүйгээр түр зогсоохоос сэргийлэх зохицуулалтыг тусгасан.
- Технологийн үндсэн материал буюу элементийн хүхрийг Монгол Улс дотооддоо үйлдвэрлэсэн тохиолдолд тэргүүн ээлжид худалдан авахаар тохирсон.
- Олборлолт, үйлдвэрлэл нь үндэсний лабораторийн хяналтад байх ба Олон улсын байгууллага (Олон улсын атомын энергийн агентлаг)-аар 3 жил тутам тогтмол аудит хийлгэх зэрэг асуудлуудыг тохирлоо.
Байгаль орчныг хамгаалах чиглэлээр:
- Монгол Улсын байгаль орчны салбарын хууль тогтоомжийг тогтворжуулахгүй бөгөөд тухайн үеийн хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулах нөхцөлийг тусгасан.
- Олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлж, байгаль орчны хяналт, мониторингийг гүйцэтгэх;
- Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомж болон олон улсын стандартын дагуу хангах;
- Усны нөөц, горим, чанарын төлөв байдлын өөрчлөлтөд байнгын ажиглалт, хяналт-шинжилгээ хийж, хяналт тавих;
- Цацраг идэвхт хаягдлыг уурхайн талбайд ангилах, ялгах, боловсруулах, аюулгүй булшлах, эдгээр үйл ажиллагаатай холбоотойгоор байгаль орчныг нөхөн сэргээх асуудлыг бүрэн хариуцаж гүйцэтгэх;
- Уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг Цөмийн энергийн тухай хуульд нийцүүлэн тооцож, бүрдүүлэхийг тохиролцжээ.
Бус, орон нутгийн хөгжлийг дэмжих чиглэлээр:
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь Дорноговь аймгийн Засаг дарга, Төсөл хэрэгжих Улаанбадрах сумын Засаг даргатай гурван талт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутгийн хөгжлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохирлоо.
- Төсөл хэрэгжүүлэгч хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Бүтээн байгуулалтын үе шатанд 300,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шатанд 1,000,000 ам.доллар, Уурхайн ашиглалтын үе шат дууссанаас арван жилийн хугацаанд жил бүр 1,100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
- Ажлын байрны сул орон тоо (удирдах албан тушаалыг оролцуулан)-д мэргэжлийн шаардлага хангасан Монгол Улсын иргэнийг тэргүүн ээлжид ажиллуулна. Ижил үнэлэмж бүхий хөдөлмөрт адил цалин, хөлс, урамшуулал олгохоор тохирлоо.
- Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын 90 ба түүнээс дээш хувь нь Монгол Улсын иргэн байна.
- Төсөл хэрэгжүүлэгч компанийн авч ажиллуулах гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтэрсэн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гадаад ажилтны ажлын байрны төлбөр төлнө.
- Бүтээн байгуулалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компанийн нийт ажилчдын хамгийн багадаа 60% нь Монгол Улсын иргэн байхаар тус тус тохирсон.
- Уурхайн ашиглалтын үе шатанд Төсөл хэрэгжүүлэгч компани нь төсөл дээр ажиллаж байгаа нийт Монгол ажилчдын 5 ба түүнээс дээш хувийг Дорноговь аймгийн, болон холбогдох сумын оршин суугч байх шаардлагыг хангаж ажиллана.
- Төсөл хэрэгжүүлэгч компани нь уурхайн ашиглалтын үе шатанд нийт туслан гүйцэтгэгчдийн 60%-аас доошгүй, жилийн нийт худалдан авалтын үнийн дүнгийн 40%-аас доошгүй нь Монгол Улсад бүртгэлтэй, татвар төлөгч хуулийн этгээд байхаар тохирсон.
Хөрөнгө оруулалтын гэрээг 20 жилээр байгуулж, гэрээг тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд хуульд заасан хугацаагаар сунгаж байхаар гэрээнд заажээ.
Хөрөнгө оруулагч гэрээнд заасан нөхцөлийн дагуу хөрөнгө оруулалт хийхгүй, төсөл хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн тохиолдолд Засгийн газар гэрээг цуцлах эрхтэй байхаар тусгасан байна.
Талуудын хооронд татварын маргаан үүсвэл дотоодын хууль тогтоомжийн дагуу маргаан шийдвэрлэх бүх процессыг дуустал олон улсын арбитрт хандах эрхгүй байхаар тохиролцлоо.