Калифорнид гарсан түймрийн хохирол 50 тэрбум америк долларт хүрчээ.
Калифорнид гарсан түймрүүдийн хохирол ойролцоогоор 50 тэрбум америк долларт хүрч байгаа талаар Америкийн “JPMorgan Chase” банк “Financial Times” сониноор дамжуулан өөрсдийн үйлчлүүлэгчдэд хандан мэдэгдэл нийтэлжээ.
“Өчигдрөөс хойш түймрийн эдийн засагт учруулсан хохирлын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 50 тэрбум америк доллар луу дөхөж байна” хэмээн “JPMorgan”-ийн захидалд дурджээ.
Банкны гаргасан үнэлгээгээр, түймрийн улмаас учирч болзошгүй даатгалын алдагдал мөн 20 тэрбум америк долларыг давж магадгүй байгаа аж.
Лос-Анжелес мужид л гэхэд хэдэн арван мянган оршин суугчдыг заавал нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэсэн шийдвэр гаргаад байна. Тус мужийн гал түймрийн албаны даргын мэдэгдсэнээр, томоохон түймрийн эсрэг тэмцэхэд зориулагдсан нөөц дутагдалтай байгааг хүлээн зөвшөөрчээ.
Мөн хүчтэй салхи нөхцөл байдлыг улам хүндрүүлж, онгоц нисгэн түймрийг унтраах ажиллагаа саатаад байгаагаас гадна Палисейдс дүүргийн гал унтраах гидрантууд буюу цоргонууд ажиллахгүй байгаа ажээ.
Эдгээр түймрийг Лос-Анжелес мужийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулж буй түймрүүдийн нэг хэмээн тооцож байна. Мөн, Итон-Файр нэртэй томоохон түймэр Алтадена дүүргийн 10 мянга гаруй га газрыг хамарч, 13 мянга гаруй барилгад аюул учруулах эрсдэл үүсээд байна.