Гималайн нурууны бэлд хүчтэй газар хөдлөлт болж, 400 гаруй хүнийг аварсан талаар Хятадын албаны хүмүүс мэдээллээ. Мөн 30,000 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн аж.
Газар хөдлөлтөөр амьд үлдсэн иргэдийг хайх, аврах ажиллагаа лхагва гарагт буюу өнөөдөртэй нийлээд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үйл явдлыг дурдвал, өчигдөр мягмар гарагт 6.8 магнитудын газар хөдлөлт болсон. Голомт нь Дэлхийн хамгийн өндөр оргил Эверестийн орчим, Хятадын Төвөдийн бүс нутгийн Тингрид, Эверестээс хойд зүгт 80 км-ийн зайд байгаа юм. Тус газар хөдлөлтөөс үүдэн хөрш зэргэлдээх Балба, Бутан, Энэтхэг зэрэг улсад ч барилга байшингуудад чичирхийлэл мэдрэгдсэн гэх мэдээлэл байна. Газар хөдлөлт болсноос хойш 24 цагийн дараа нурангид дарагдсан амьд үлдсэн хүмүүс хасах температурт шөнийг өнгөрүүлж, даарах, хөлдөх болон шингэний дутагдалд орох эрсдэлтэй байгаа юм. Эхний судалгаагаар, Төвөдийн Шигатсе бүс нутагт 3,609 байшин эвдэрч сүйджээ. Тус бүс нутагт 800,000 хүн оршин суудаг ба мягмар гарагийн орой Хятадын төрийн хэвлэлүүд орон нутгийн албаныхны мэдээллийг эш татан энэ талаар мэдээлжээ. Түүнчлэн, 500 гаруй аврагч, 106 түргэн тусламжийн машин үйл явдлын газарт очиж, амьд үлдэгсэд болон амиа алдагсдад туслахаар ажиллаж байгаа аж.
Хятадын төрийн мэдээллийн “CCTV” агентлагийн мэдээлснээр, Төвөдийн талд 126 хүн нас барж, 188 хүн гэмтжээ. Харин хөрш зэргэлдээ Балба болон бусад улсуудад амиа алдсан гэх тохиолдол бүртгэгдээгүй байна. Өндөрлөг бүс нутагт шөнөдөө хасах 18 градус хүртэл хүйтэрсэн нь орон гэргүй үлдсэн иргэдэд бүр ч хэцүү хүндрэл учруулсан гэгдэж байна. Мягмар гарагийн орой гэхэд майхан сэлт, хоол хүнсний бүтээгдэхүүн, цахилгаан үүсгүүр зэрэг тусламжийн зүйлсийг газар хөдлөлтийн голомтод аваачиж, эвдэрсэн замуудыг сэргээн засварлаж дууссан талаар “CCTV” мэдээлжээ. Хятадын баруун өмнөд хэсэг, Балба болон хойд Энэтхэгийн хэсгүүд нь Энэтхэг-Евразийн тектоникоос үүдэн газар хөдлөлтийн аюултай бүсэд оршдог. Лхагва гарагийн өглөөний 08:00 цагийн байдлаар 4.4 магнитуд хүртэлх 500 гаруй чичирхийлэл бүртгэгдсэн талаар мөн Хятадын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс мэдээлэв. Сычуаний газар хөдлөлтийн товчооны мэдээлснээр, сүүлийн 5 жилийн хугацаанд энэ удаагийн газар хөдлөлтийн голомт орчим 200 км дотор 3 болон түүнээс дээш магнитудын 29 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. 2008 онд Сычуань мужийн Чэндү хотод 8.0 магнитудын газар хөдлөлт болж, 70,000 гаруй хүн амиа алдсаж байсан түүхтэй. Энэ бол 1976 онд Таншан хотод болсон, 242,000 гаруй хүний амийг авч одсон газар хөдлөлтөөс хойших хамгийн их хохир учруулсан газар хөдлөлтөд тооцогдож байна. Мягмар гарагийн газар хөдлөлт бол 2023 онд болсон 6.2 магнитудын газар хөдлөлтийн дараа хамгийн хөнөөлтэй газар хөдлөлтөөр бүртгэгдэж, хойд зүгийн алслагдсан бүс нутагт 149 хүн амиа алджээ.
(Эх сурвалж: Reuters)