“Худалдагч худалдаж буй ногооныхоо нэрийг монгол бичгээр бичжээ” гэсэн тайлбартай зураг цахим орчинд түгж олон нийт өөр өөрийнхөөрөө хүлээн авч байв. Тэр дунд “хос бичигтэй болно гэсэн сургаар явцгүй зүйл хийж байна” гэж харлуулах нэгэн ч байсан юм. Тиймээс бид худалдаачин бүсгүй Д.Дариймаатай холбогдон БЗД-ын 16-р хороонд байрлах “Баянзүрх худалдааны төв”-ийг зорьсон юм.
Дариймаагийн хувьд Таваар судлал буюу бараа, түүхий эд судлал мэргэжлээр их сургуулиа төгссөн нэгэн. Гэсэн ч аж амьдралаа хурдан төвхнүүлж, хүний дайтай амьдрах зорилгоор худалдаачин болох замыг сонгосон гэдгээ хэлж байв. Тэрээр Баянзүрх худалдааны төвд хүнсний ногооны лангуу ажиллуулаад аль хэдийнээ 10 жилийг ардаа үджээ.
Тэрбээр “Хос бичигтэй болно гэсэн сургаар маркетинг хийж байна гэж бичсэн хүмүүс мэр сэр харагдаж байсан. Гэхдээ мэдэх хүмүүс нь мэднэ ээ.Би Монгол бичгээр ногооныхоо нэрийг бичдэг болоод гурван жил өнгөрч байна. Анх өөрөө Монгол бичигт дуртай, сонирхолтой болохоороо л бичиж байсан. Харин яваандаа Монгол бичигтэй болохоор нь хүрээд ирлээ, энэ юу гэж байна вэ гэж сонирхож ирэх хүмүүс мөн байнгын үйлчлүүлэгчид нэмэгдсээр байсан. Харин энэ калиграфф бичгээр бол дүү маань бичиж өгсөн.”
-Та өөрөө Монгол бичгээ сайн мэддэг бололтой?
– Арван жилдээ Монгол бичгээ сайн сурсан. Харин тэрнээс хойш хэрэглэхгүй байхаар мартчихдаг юм билээ. Сошиалд Монгол бичгийн группүүд зөндөө байдаг шүү дээ. Тийшээ ороод л жижиг сэдвүүд уншаад, хараад байхаар буцаад л сэргэчихдэг. Монгол бичгийн дүрэм кирилл бичгийн дүрмээс хамаагүй амар шүү дээ. Одоо бид олон нийтийн сүлжээнд кирилл бичгээр бичихдээ маш их алдаатай бичиж байна.
-Лангуун дээр нь ирээд энэ бичсэн Монгол бичгийг уншиж чаддаг хүн хэр их байдаг вэ?
-Ирээд үсэглэж үзээд юу гэж байгаа юм бэ? гээд асуудаг хүн олон. Сайн уншиж чаддаг хүмүүс мэр сэр ирнэ ээ. Хамгийн харамсалтай нь ахлах ангийн сурагчид, эсвэл оюутнууд “Хөөх Өвөр Монгол бичиг байна” гэж хэлэх. Гэхдээ бүгд биш шүү зарим дунд ангийн сурагчид маш сайн уншдаг. Би гэхэд л арван жилийн хоёр дүүтэй. Монгол бичгийг нэлээн сайн зааж өгсөн. Орой хичээлээ тараад ирэхэд нь ханан дээр маркераар бичүүлж шалгалт аваад арилгуулдаг байсан.
-Өөрийн эргэн тойрондоо өв соёлоо таниулж сурталчилж байгаа танд баярлалаа. Энэ их ажлын хажуугаар зав гарган ярилцсанд мөн маш их баярлалаа.
-Жижигхэн лангууг минь зорин ирж яриа авсан та бүхэнд баярлалаа. Би өөрийн чадах чинээгээрээ ойр орчимдоо Монгол бичгээ мэдэх, сурах сэдлийг бага ч болов төрүүлэх юмсан гэж хичээж явдаг юм.