ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний өвчлөлийн байдлын талаар цаг үеийн мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Ц.Наранзул:
-Томуу, томуу төст өвчин сүүлийн долоо хоногт Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Увс аймаг Улаанбаатар хотын эмнэлгүүдэд томуугийн шалтгаанаар хандсан хүмүүсийн сорьцод амьсгалын замын вирус илрүүлэх судалгааг хийсэн. Үүний дүнд 62.2 хувьд нь томуу, томуу төст өвчин үүсгэгч вирус илэрсэн байна. Таван төрлийн эмгэг төрүүлэгч байгаагаас дийлэнх нь амьсгалын замын синцитиал вирус, томуугийн H1N1 дэд хэв шинжийн вирус эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин сүүлийн долоо хоногт дэгдэлтийн түвшинд байна.
Өвчлөгсдийн:
- 19.1 хувийг 0-1нас
- 20.2 хувийг 2-4нас
- 20.6 хувийг 5-9 нас
- 22.9 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлжээ.
Нэгдүгээр сарын 6-ны байдлаар нийслэлийн хэмжээнд 20 эмнэлэгт 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа ба нийт хүүхдийн 87.8 хувьд нь амьсгалын замын өвчлөлийн шалтгаан эзэлж байна.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний их эмч Б.Энхтайван:
-Томуугийн А хүрээний H1N1 хэв шинж нь уушгийг маш хүчтэй, цочмог гэмтээж бусад эрхтэн рүү хүндрэл үзүүлдэг бол амьсгалын замын синцитиал вирусээр зургаа хүртэл сартай нялх хүүхдүүд илүү өвчилж улмаар уушгийг гэмтээх, амьсгалын төгсгөлд вирусын хатгалгаа болох, амьсгалын дутагдал үүсгэх, хүчилтөрөгчийн хэрэгцээг илүү үүсгэж байна.
Амьсгалын замын синцитиал вирус, томуугийн H1N1 вирусыг энгийн ханиад гэж хүлээж авч болохгүй
Томуу, томуу төст өвчин хүндрэл үүсэхэд энгийнээр тайлбарлавал амьсгалыг хямраах гэсэн үг. Амьсгал хямарвал үндсэн бодисын солилцоо тасалдаж бүх эрхтэнд хүндрэл үүсгэнэ. Амьсгалах буюу хүчилтөрөгч авч чадахгүй бол нүүрстөрөгч ихсэж энэ нь цаашлаад тархины хана нимгэрч нэвчимхий болсноор хүүхдийн тархи хавагнахад хүргэдэг. Тархи хавагнаж, гавлын даралт ихэссэнээр хүүхэд таталт өгч, ухаан санаа сарних аюулд хүргэнэ. Энэ нь нэмж хүндэрвэл эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулалтын тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай. Бага насны хүүхэд, сульдаатай, хэт таргалалттай, зүрхний гажигтай, тархины саажилттай, дархлаа султай, архаг хууч өвчинтэй хүүхдүүд илүү өртөмтгий байна.
Хэрэв энэ үед арга хэмжээ авалгүй цаг алдвал тархи хавагнасаар байгаад амьсгал, зүрх зогсох эрсдэлтэй. Тиймээс энийг энгийн ханиад томуу гэж хүлээж авч огт болохгүй.
Иргэд Ковид-19 цар тахлын үед байсан шиг халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай
Манай улс хүйтэн сэрүүн, хуурай уур амьсгалтай, утаатай учир ханиад томуунд илүү ноцтой өртөж байна. Тиймээс үүнийг анхааралдаа авч анзаарч байх хэрэгтэй. Олон хүн цугласан газар амны хаалт, гарын ариун цэврийг сахиж, хүн хоорондын зайг барьж, вакциндаа хамрагдаж ковид-19 цар тахлын үе шиг дадал зуршилтай болгоомжтой байвал өвчлөл буурна.
С.БААСАНСҮРЭН