2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс энэ онд хүүхэд хамгааллын зардалд 20 тэрбум төгрөгийг зарцуулна гэж улсын төсөвт тусгажээ. Дээрх хуульд улсын төсөв гэлтгүй орон нутгийн төсөв, үндэсний болон орон нутгийн төсөл, хөтөлбөр бусад бүх хандив тусламжаар санхүүжнэ гэж хүүхэд хамгааллын санхүүжилтыг тодорхой болгон заасан юм.
ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ НЭМЭГДҮҮЛЖ 221 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА
Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг оны өмнө Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдсэн. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38,871 хүүхэд амьдарч байгаа аж.
ХҮҮХДИЙН МӨНГӨН ТЭТГЭМЖИД 1.6 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛНА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төсөвт 2.2 их наяд төгрөгийг хуваарилснаас хүүхдийн мөнгөнд 1.6 их наядыг нь зарцуулахаар тусгажээ. Хүүхдийн тоо өссөн учир хүүхдийн мөнгөн тэтгэмжийн зардал 39.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна
СУМ, ХОРОО БҮР ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН НИЙГМИЙН АЖИЛТАНТАЙ БОЛНО
Хүүхэд гэр бүлийн орчиндоо илүү их хүчирхийлэлд өртдөг талаар сүүлийн үеийн статистик мэдээллүүдээс харж болно. Тиймээс энэ оноос эхлэн сум, хороо бүрд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллуулахаар болж шалгаруулалт эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байсан боловч анхан шатны сум, хороонд тэр бүр хүрч ажиллаж чаддаггүй байжээ. Тиймээс хүүхэд хамгааллын хуулиар анх удаа сум, хор бүрд гэр бүл, хүүхдийн нийгмийн ажилтан ажиллахаар болжээ.
Мөн гэр бүл, нийгмийн хамгааллын 18 байгуулж шинээр барина гэж 2025 оны төсөвт тусгасан байгаа юм.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД НИЙГМИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖИХ ТӨВИЙГ БАЙГУУЛНА
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 12.700 хүүхэд байгаагийн 3.000 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй.
2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.
Ингэхдээ, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх дэмжих төвүүдийг байгуулахаар улсын төсөвт тусгажээ.