Өнөөдөр 2024 оны сүүлийн өдөр. Баярын өдөр хүүхэд хөгшидгүй сахрын хэрэглээ нь нэмэгдэж, гэнэт их идэх гээд байдаг талтай. Иймд бид Хоол зүйч С.Хулангаагаас зөвлөгөө бэлтгэн хүргэж байна.
Тэрбээр “Монголчууд шөнийн 00.00 цаг хүртэл хоол хүнсээ бэлдээд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд үг хэлсний дараа гэр бүлээрээ ширээний ард суугаад хооллодог. Яг эрүүл хооллолтын талаас нь аваад үзэхээр энэ нь хамгийн буруу. Гэнэт их идчихээд унтаад өгөхөөр ходоодонд цочрол өгдөг. Баяр ёслолын өдрүүдэд, баяр ёслолын дараа 103-т хордлоготой холбоотой дуудлага маш их ирдэг. Бид жилийн жилд “Оройны хоолоо эрт идээрэй. Харин оргилуун дарс болон тортоо он солигдох мөчид хамтдаа задалж идээрэй” гэж зөвлөдөг.
Ер нь бол хоол идэх дараалал их чухал. Эхлээд будаа, араас нь мах, ногоогоо идэх юм бол цусан дахь сахрын хэмжээ огцом өснө. Харин эхлээд ногоо, араас нь мах, тэгээд будаагаа идэх юм бол цусан дахь сахрын хэмжээ тогтвортой байна гэсэн судалгаанууд сүүлийн үед гарч байна.
Нэмээд хэлэхэд муу хоол хүнс гэж байхгүй. Тэгэхээр баярын өдрүүдэд та оройтож хоолоо идэх гэж байгаа бол эхлээд заавал салатнаас эхлээрэй. Тэгээд араас нь үндсэн хоолоо идээд, араас нь хурдан шингэдэг гурил, будаа, тортоо идээрэй.
Хоол нь шингэхгүй байгаа тохиолдолд өгөх хамгийн энгийн зөвлөгөө бол гараад 10 минут алх. Бүр хэтрүүлээд идчихсэн хоол шингэхгүй цанхайгаад, дотор муухайрч байгаа үед 30 минут хурдтай, эрчтэй алхахыг ер нь бол зөвлөдөг. Хэтрүүлэн идсэний маргааш мөн мацаг барьж болно. Хагас өдөр эсвэл 12 цаг, 16 цагийн мацгуудыг бариад буцаад энгийн хоолондоо шилжиж болно. Ингэж ходоодонд жаахан амрах цаг хугацааг өгөх юм” гэлээ.