ЖАГСААЛ БА СОШИАЛ ДАХЬ ТҮЙМЭР
Гадаадын ажиллах хүчтэй холбоотой хуулийн төслүүд олон нийтийн анхаарлын төвд, аманд ойр байна. Хоёрчиг хуулийн төсөл өргөн баригдаж, П.Сайнзориг нарын гишүүдийн санаачилсан “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” хуулийн төсөл хэлэлцэгдэлгүй “унав”. Товчхондоо парламентын босго давуулсангүй. Харин одоо “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-д Засгийн газар нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн барьсан нь бас л сошиалд “дүүжлүүлж” байна.
Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэл тэргүүтэй иргэд төв талбайд жагсаж, энэ хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан бүх зүйл заалтыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Мөн тэрбээр УИХ-ын гишүүдийг энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй байхыг уриалаад амжив.
Жагсагчид ч мөн уг хуулийн төсөлд оруулж буй нэмэлт, өөрчлөлтүүдийг тэр чигт эсэргүүцэж, хамгийн чухал заалт болох 23.4 дээрх заалтыг хүчингүй болгож буйд бухимдаж байлаа. Яг ямар зүйл заалтуудыг нэмэхээр, ямрыг нь хүчингүй болгохоор тусгасан болохыг иргэн танд энгийнээр тайлбарлаж өгье.
ХУУЛИЙГ ЭНГИЙНЭЭР
Ямар заалтыг хүчингүй болгов
“Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль”-ийн 23.4-т “Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн санд ажлын байрны зарыг байршуулж, ажилтныг идэвхтэй хайж эхэлснээс хойш ажлын 14 өдрийн дотор дотоодоос ажилтан авч чадаагүй бол гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэх урилга хүсэх эрхтэй” гэсэн заалт байсан.
Товчхондоо бол, энэ заалтыг хүчингүй болгосноор, ажил олгогч ажлын зараа оруулалгүй шууд гадаад ажилтныг хөдөлмөр эрхлүүлэхээр урьж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, заавал ажилтан авах гэж хуулийн 14 хоногийг хүлээх шаардлагагүй болох нь.
Ямар заалтыг яаж өөрчлөв
“32.7.Ажил олгогч хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хугацаагаар тооцож ажлын байрны төлбөрийг урьдчилан төлнө” гэсэн заалтыг:
“32.7.Эдийн засгийн өсөлт, бүтээн байгуулалт, салбарын бодлого, дотоодын ажиллах хүчний хомстол зэргийг харгалзан ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлж болно” болгож өөрчлөв.
“32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэл, шинэ хотын бүтээн байгуулалтад гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно” гэсэн заалтыг:
“32.4.Засгийн газрын шугамаар авсан гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд ашигт малтмал, газрын тосны салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд гадаад ажилтан ажиллуулах тохиолдолд Засгийн газар ажлын байрны төлбөрөөс хөнгөлж, чөлөөлж болно” болгож өөрчлөв.
“22.1.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 10 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг :
“22.1.Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг эдийн засгийн үйл ажиллагааны салбараар жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор Засгийн газар тогтооно” болгож өөрчлөв.
Товчхондоо бол, ашигт малтмал, газрын тосны салбараас бусад салбарт ажиллах гадаад ажилтны ажлын байрны төлбөрийг Засгийн газар хөнгөлж, чөлөөлөхөөр болов. Ингэхдээ Монголд хөдөлмөр эрхлэх гадаадад ажилтны тоог салбар бүрээр нь 12 сарын 1-ний дотор Засгийн газраас тогтоох юм.
Ямар заалтууд хасагдав
“9.9.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим систем ашиглан тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг цахимаар үзүүлж болно. Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”
“23.10.Хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим систем ашиглан гадаадын иргэнийг хөдөлмөр эрхлэхэд урих зөвшөөрөл, гадаад ажилтныг Монгол Улсад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг цахимаар үзүүлж болно. Цахим системээр зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлэх, цахим системийг ашиглах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалтуудыг хасахаар хуулийн төсөлд тусгажээ.
САЙДЫН ТАЙЛБАР БА БИДНИЙ БОДИТ ҮНЭН
Хуульд нэмэлтээр оруулж буй дээрх заалтуудыг эсэргүүцэгчдийн гал Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан дээр ирж буй. Тэрбээр энэ хуулийн төслийг өргөн барихдаа:
“Монголд ажиллах хүчний хомстол бодитойгоор бий болсон. Ирэх жил 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Энд 280 мянган ажлын байр бодитоор бий болсон. Монголд жилд 30-40 мянган ажлын байрны хомстол бий болж байгаа. Өндөр бүтээмжтэй байдаг уул уурхай, мэдээлэл технологи, банк санхүүгийн салбар дээр бол гаднын ажиллах хүчний хязгаарлалт хэвээрээ байна” гэж ярьж байлаа.
Мөн Монгол Улс яагаад ажиллах хүчний хомстолд орсныг ийнхүү тайлбарласан байдаг.
“1990-2004 он бага төрөлтийн үе байсан. Энэ үед жил бүхэн 15-20 мянган хүүхэд төрүүлэх боломжоо алдчихсан. Бага төрөлтийн үэс болоод 250-280 мянган ажиллах хүчнийхээ боломжийг алдсан. Хоёрдугаарт гадаадад 200 мянган залуус ажиллаж байна. Ингэхээр бараг 500 мянган ажиллах хүчний хомстол бодитоор үүссэн. Энэ хомстолыг гаднаас ажиллах хүч авч л нөхнө”.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:
Монголд байнга оршин суухаар:
- 2021 онд 285,221
- 2022 онд 693,965
- 2023 онд 2,023,732 хүн иржээ.
Харин Монголоос гадаад руу:
- 2021 онд 282,227 хүн явсан ба үүний 148,690 нь ажиллахаар
- 2022 онд 728,638 хүн явсан ба үүний 184,667 нь ажиллахаар
- 2023 онд 2,043,077 хүн явсан ба үүний 607,249 нь ажиллахаар явсан байна.
Бид ажиллах хүчнээ гадагш нь алдаж буй ч адил хэмжээний ажиллах хүч Монголд байнга оршин суухаар ирж байгааг дээрх статистикаас харагдаж байна. Том зургаар нь хараад хэлэхэд бол монголчууд Солонгос руу хар ажил хийхээр нэг бол уул руу самарт явцгааж байна. Хувийн хэвшлүүд ажиллах хүчний эрэлд гарч, зарим нь үүдээ барихад ч хүрч буй нь үнэн. Монголд хэрэгжих том төслүүдийн хувь заяаг энэ хуулийн төсөл шийднэ гээд хатуухан хэлчихвэл зохилтой болов уу. Хэдий болтол Монголд ашигтай том төслүүдийн хувь заяаг сошиалчид шийдсээр байх вэ. Улс төрчид ч гэсэн гал үүрч, хамгаалах ёстой хуулиа хамгаалдаг байх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд, эл хуулийн төслийн бүх заалтыг нь эсэргүүцэхээсээ өмнө өөрсдийн бодит байдлаа ухамсарлаж, засаж сайжруулах ёстой агуулгууд дээр л байр сууриа илэрхийлцгээе. Процессын хувьд, энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь эхлээд шийднэ. Тэгэхээр сайжруулж, өөрчлөх агуулгууд яригдвал өөрчилж болно. Хэрэв хэлэлцэх эсэхийг УИХ-ын гишүүд дэмжвэл ажлын хэсэг байгуулагдаж, анхны хэлэлцүүлэг эхлэх учиртай.