“Бадрах Энержи” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина
Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг болох Францын Орано компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд “Бадрах энержи” төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг лхагва гарагт УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ бол Оюу толгой төслийн араас орох хоёр дахь том Хөрөнгө оруулалтын гэрээ болно. “Бадрах Энержи”-тэй хөрөнгө оруулалтын гэрээ хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ. Ингэхдээ монголын тал ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Засгийн газар өөрийн эзэмшлийнхээ 34 хүртэл хувийнхаа 24 хувь иргэдийн хуримтлалын санд хадгаламж хэлбэрээр АМНАТ нь тооцогдож орохоор төлөвлөж байна. Энэ амжилттай хийгдэж чадвал дараа дараагийн олон төсөл дээр сайн жишиг болно. Баялагтай эзэн байх боломж нээгдэнэ гэж Ерөнхий сайд онцолсон. Тэгвэл ураны ордуудын Монголын Засгийн газрын эзэмшлийн хувьцааг эзэмшигч Мон-Атом ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Далайжаргалтай Монголын ураны нөөц, Орано групптэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болон саяхан УИХ-аар батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн талаар ярилцлаа.
– Уран бол өөрөө л адилхан байгалийн баялаг шүү дээ. Нүүрс, алт, зэстэй адилхан. Гэхдээ 2 онцлог байгаа. Уран бол дэлхийд цөөхөн оронд арван гуравхан улсад бий. Энэ өөрөө бага хэмжээний цацраг идэвхтэй. Тийм учраас тусгай хуультай. Цөмийн энергийн хуулийг 2009 онд батлахдаа цаашдаа бид нар Атомын цахилгаан станцтай гээд өөдрөг санал дэвшүүлж баталж байсан. Тэгтэл яг амьдрал дээр одоо Францын Орано групп шиг том орнуудын хөрөнгө оруулалт хийхэд манай хууль төдийлөн зохицуулалт нь муу байдаг. Ашигт малтмалын хууль гэж байдаг. Цөмийн энергийн хууль гэж байна. Зарим заалт нь адилхан ч зарим зохицуулалт нь өөр. Зарим заалтууд нь зөрчилддөг учраас эхлээд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах гэж байгаатай холбогдуулаад өөрчилж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцөлийг оруулж өгч байгаа. Хуульд үндсэн 4 өөрчлөлт байгаа. Байгаль орчны татвар АМНАТ гэж бий. Суурь АМНАТ-ыг 5 байдгийг нэмж 10 болгож байгаа. Дээрээс нь өсөн нэмэгдэх АМНАТ буюу 9 гээд нийлээд нийтдээ 19%-ийн АМНАТ авахаар ийм зохицуулалт хийж өгч байгаа. Мөн хуулийн энэ салбарт хөрөнгө оруулагчдын ажиллах хугацаа 10 жил гэж заасан байдаг, үүнийг 20 болгож байгаа.
Жишээлбэл Орано групп яг олборлолт эхлэх юм бол 34 жил ажиллана шүү дээ. Тэгтэл зөвхөн 10 жил ажиллаад, 10 жилийн дараа ахиад хуульд өөрчлөлт оруулаад байж болохгүй учраас 20 жил болгож өгч байгаа гэх мэтийн гол гол хэдэн зохицуулалт хийсэн. Хамгийн чухал нь байгаль орчин, Үндсэн хууль дээр аливаа байгалийн баялаг үр өгөөжийг ард түмэн 50+ хүртэнэ гэсэн энэ агуулга руу нийцүүлж өгсөн. Мөн гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй, таатай орчин бүрдүүлэхэд л энэ хуулийн гол өөрчлөлт оршиж байна.
– Зарим гишүүдийн зүгээс тайлбар хэлэхдээ өмнөх алдаагаа бид нар давтахгүйн тулд Оюу толгой дээр гаргасан алдаагаа одоо энэ гуравдагч хөршийнхөө хөрөнгө оруулалтын гэрээн дээр дахин давтахгүй байх хэрэгтэй гэдэг ийм саналыг хэлж байсан.
– Тийм. Одоо 34 гэж алдартай төрийн эзэмшлийн 34% байгаа. Өнгөрсөн оны 10 сард Монгол Улсын Ерөнхийлөгч Бүгд найрамдах Франц улсад төрийн ажил хийх үеэр санхүүгийн ерөнхий зарчмаа тохиролцсон протокол байгуулсан. Энэ нь ерөнхий зарчмаа тохирсон нь хамгийн чухал юм. Ер нь хөрөнгө оруулалтын гэрээ чинь гол нь санхүү шүү дээ. Тэрэн дээрээ бид нар төрийн эзэмшлийн 34%-иасаа татгалзаад 10% болгоод бусад 24% үлдэж байгаа биз. Тэрийгээ бид нар 19-ийн өсөн нэмэгдэх АМНАТ гэхээр манайд орох үр өгөөж нь нэмэгдээд явж байгаа юм. Тэгэхээр нөгөө Оюутолгойн алдааг давтахгүй гэдэг л ийм болгоомжлолоос бид сэргийлж өгч байгаа юм.
– Олон нийт, иргэдийн зүгээс, төрийн бус байгууллагууд ч гэсэн байгаль орчин тухайн орчиндоо, мал аж ахуй, амьдарч байгаа иргэддээ ээлгүй байх вий гэдэг ийм эрсдэлийг ярьж байгаа. 2 толгойтой хонь, 8 хөлтэй ишиг гэх мэтчилэн юм яриад байдаг шүү дээ.
– Тэр зөв. Тэр үнэхээр хүмүүсийн зайлшгүй санаа зовох зүйл. Энийг хөрөнгө оруулагч тал ч гэсэн харгалзан үзэж, анхаарч байгаа. Гэхдээ зарим нэг ташаа буруу мэдээллүүд их яваад байдаг юм аа. Хөрөнгө оруулагч тал ч гэсэн энийг бас сайн анхаарах ёстой, ард иргэдийн зүгээс ч гэсэн ийм зүйлд анхаарал тавьж байгаа нь зүй ёсных. Гэхдээ нэг юм байгаа, газрын гүнээс 140-170 метрт байгаа уран гэж юм байгаа шүү дээ. Шаварлаг элсэнд. Энэ бол 10% ус 20% нь элс шороо байгаа. Өөрөөр хэлбэл элсэн дотор уран наалдчихсан байгаа юм. Тэгэхэд тэрийг гаргаж авахын тулд нэг хувийн хүхрийн хүчил, 99%-ийн ус гэсэн ийм харьцаатай усыг хийж байгааг хүмүүс 100%-ийн хүхрийн хүчил хийдэг гэсэн буруу ойлголттой байгаа юм. Тэгэхээр тийм устай орчим болчихоор тэр элсэнд наалдсан уран нь хүхрийн хүчилтэй усанд шингэж байгаа юм. Тэгэхээр нь усыг татаж гаргаж ирээд уснаас нь ураныг нь салгаад буцаад ус нь цэвэр үлдэнэ. Түүндээ 1%-ийн хүхрийн хүчлээ хийгээд эргэлдүүлдэг. Эндээс 2 юм байгаа. Тэр доор их хэмжээний ус байна гэсэн ойлголт байхгүй, хоёрдугаарт нэг хэрэглэсэн усаа дахиж хэрэглэдэг ийм л процесс.
– Шар нунтаг гэдэг маань гаргаж ирээд олборлоход, нэг жишээ хэлье. Та бүтэн биеийн шинжилгээ хийлгээд MRI аппаратад ордог шүү дээ. Тэгэхэд та шинжлэх ухааны хэлээр 6 микро зеверт хэмжээний шарлага авч байгаа. Та зургаа гэдэг тоог нь цээжилчих. Яг шар нунтгийг онгойлгоод хажууд нь гараараа бариихад 1,9 микро зеверт авч байгаа. Өөрөөр хэлбэл бид MRI-д орж байгаагаас 3 дахин бага авч байгаа биз. Тэгэхээр энэ бол хүн, малд нөлөөлж байна гэдэг бол өөрөө буруу ташаа мэдээллүүд. Хэрвээ хордож байгаа бол, үнэхээр цацраг идэвхтэй их хэмжээний хорт туяа ялгаруулдаг гэх юм бол хүн, мал бүхэлдээ л үрэгдэх ёстой шүү дээ.
– Мон-Атом компани Монголын ураны Засгийн газрын эзэмшил, стратегийн ордууд болон бусад ураны ордуудын эзэмших хувь хэмжээг эзэмшиж байгаа. Нийт хичнээн орд байна вэ?
– Төр өөрөө аж ахуйн харилцаанд орж болохгүй шүү дээ. Тиймээс ямар нэг төлөөллөөр оролцох ёстой. Ураны салбарт нэг онцлог нь дэлхийн бүх уран чинь цөөхөн оронд байдаг. Хоёрдугаарт атомын зэвсэг, цөмийн эрчим хүчний түлш болдог учраас дандаа тухайн улсынхаа төрийн өмчит компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл төр өөрийн мэдэлд авдаг. Одоо бид нарын яриад байгаа Францын Орано групп бол 90% нь Францын Засгийн газрын мэдэлд байдаг компани. Манай дээр ураны 6 төсөл байгаа. Одоо хамгийн том нь Монгол Франц төсөл байна. Мөн Чехийн төсөл байгаа. Оросын Рос-Атом компани хуучин Дорнодын Мардайн ордуудаа ашиглах хүсэлт тавьж байгаа. Хятадын төрийн өмчит Си Эн Си гэж компани байгаа. Мөн казакууд сая К.Токаевын айлчлалын үеэр манайд ураны салбарт оролцъё, бид нар уран олборлоё гэдэг хүсэлтээ илэрхийлчихсэн байгаа. Тэгээд бид нар төрийн төлөөллөө хэрэгжүүлээд л тэд нартайгаа ажиллаад л явдаг.
– Мардай гээд та түрүүн хэллээ. Хуучин социалист орнуудын үед манай улс Мардайгаа олборлоод, оросууд ч гэсэн тодорхой хэмжээнд олборлоод краснокоменскт боловсруулаад явж байлаа шүү дээ. Одоо Мардайн орд, лицензийн хувьд ямар эзэмшилтэй, тэнд ямар зохион байгуулалтууд хийгдэж байна вэ?
– Мардай гэдэг нь зөвхөн бид нар нэг орд биш 4 бүлэг орд байгаа. Мардай, Нэмэр, Дорнод, Гурванбулаг гэсэн 4 том бүлэг орд, нийтдээ бараг 50 гаруй мянган тонны нөөцтэй. Социализмын үед Оросууд зөвхөн Мардайгаа ашиглаж байсан. Ерээд оноос хойш оросууд гарч явсны дараа хувь хүнд лиценз нь очиж, хэд хэдэн компани ашиглаж байсан. Гэхдээ одоо Оросууд буцаад ашиглая гээд, Дорнод ордын лиценз нь одоо Оросын эзэмшилд байгаа бол ихэнх лиценз нь манай улсын Засгийн газрын мэдэлд байгаа.
– Хан Ресорс компани уг ордыг ашиглаж байсан лицензийг цуцалсантай холбоотойгоор манай улсыг арбитрын шүүхэд өгч, манайх ялаглагдаад төлбөр төлсөн шүү дээ. Тэр лицензийн асуудлууд ер нь яг ямар шатандаа байна вэ?
– Лицензүүд бол бид арбитрын төлбөрөө төлөөд Хан ресурс манайхаас гараад явсан. Одоо бол манай төрийн мэдэлд байгаа. Аль нэгэн компани, ямар нэг хүн эзэмшээгүй байгаа гэсэн үг.
– Оросууд бол тэр лицензийг эзэмших сонирхолтой байгаа.
– Тийм.
– Цаашид ер нь Монгол Улсын Засгийн газар ураны салбартаа баримталж байгаа бодлого, Францын Оранотай хийх гэж байгаа гэрээг харахад бол ер нь цаашдаа бид нар олборлъё, эдийн засгийн эргэлтэд оруулъя аа гэдэг байр суурьтай байгаа. За үүнтэй адилхан бусад Мон-Атом дээр байгаа лицензүүдээ ямар байдлаар ашиглах вэ?
– Хөрөнгө оруулагчид бол яг энэ Францын жишээг харж байгаа. Француудтай бид нар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулчихвал дараа нь Казакууд, Оросууд гээд ороод ирнэ. Тэгэхээр бид нар аль болохоор л одоо эдийн засгийн эргэлтэд оруулж, олборлох хэрэгтэй. Яагаад гэвэл дэлхий дээр ураны зах зээлийн эрэлт их хэмжээгээр бий болж байгаа. 450 гаруй Атомын цахилгаан станц баригдаж байна шүү дээ. Баригдчихсан ч олон байна. ТЭЗҮ нь хийгдэж байна. Ихэнх нь манай 2 хөршид байгаа. Ураны хэрэглээ өөрөө нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой ч дэлхийн улс орнууд өнөөдөр манайхыг сонирхоод хөрөнгө оруулаад хийгээд явж байна.