Аливаа улс орны хөгжил дэвшил ямархан чигт явж байгаа вэ гэдгийг урлаг, спортын салбар нь тодорхойлдог гэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Гуравхан сая гаруй хүн амтай Монгол улсын спортын амжилтыг дэлхийн олон хүнтэй бусад улс орнуудтай харьцуулаад үзвэл нэлээдгүй дээгүүр байрт бичигднэ. Энэ ч утгаараа дэлхийн олон оронд Монгол хүний, монгол тамирчны хүчтэй, бяртай, төрмөл авьяасыг бахдан биширдэг билээ.
2024 он онцгой олимпын жил. Тэр дундаа 2008 онд “Бээжин”-гийн паралимпын наадмаас байт харвааны төрөлд анхны аварга өлгийдөн авч байсан Монголчуудын хувьд энэ жил “Парис-2024” наадмаас таеквондогийн төрөлд алт, мөнгөн медальтнууд төрөн гарсан нь түүхэндээ анхдагч болоод бахдам амжилт байлаа. Энэ цаг мөчид шилдэг тамирчин, медальтнуудыг бэлтгэн төрүүлсэн, тамирчны замналаас дасгалжуулагчийн гараагаа эхлүүлж өдий амжилттай яваа Монголын Үндэсний Пара таеквондогийн шигшээ багийн дасгалжуулагч, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, МУГД Наранчимэгийн Эрдэнэбаатарыг “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийнхээ дугаарт бид урилаа.
Н.Эрдэнэбаатар: Спорт бол хүнийг татах соронзон орон зай
-Сайн байна уу? Энэ он паралимпын баг хамт олны хувьд өндөр амжилттай жил байлаа. Таны хувьд мөн шавь нарынх нь хувьд төрдөө амжилтаа үнэлүүлсэн сайхан жил байлаа?
-Сайн байна уу. Энэ өдөрт бас нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэнд маш их баярлалаа. Юуны өмнө энэ циклд боломж олгосон бүх хүмүүст мөн холбооны удирдлага болон төр засгаас дэмжиж ажиллаж байсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье.
Ер нь энэ жил бидний хувьд маш хариуцлагатай жил байсан учраас бэлтгэл сургуулилтын шахуу хөтөлбөртэй, тасралтгүй бэлтгэсний үр шимээр энэ амжилтад хүрлээ гэж бодож байгаа. Тэгээд бид нар энэ жилийн энэ циклдээ ерөнхийдөө өндөр амжилт гаргасан. Манай шигшээ багийн Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав, мөн Шинэбаяр нар паралимп болон хилийн чанад дахь томоохон тэмцээнд өндөр амжилт үзүүллээ. Мөн энэ онд Европын аварга шалгаруулах тэмцээн, Ази тивийн АШТ, Олимпын наадам гээд бүгдэд нь өндөр темпээ барьж амжилттай оролцсон. Үүнд оролцоход бол мэдээж бид нар бэлтгэл сургуулилт болон шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулилтын зөв системтэй явсны үр дүнд бас хамтын хүчээр энэ амжилтыг гаргасан гэж бодож байгаа.
-Таеквондогийн спортын төрлөөр пара тамирчид хоёр дахь олимптоо оролцлоо. Дүгнээд харахад?
-Түүхэн дэх төрлүүдээс дэлхийд хөгжөөд байгаа харьцангуй шинэ залуу спорт. Олимпын хөтөлбөртөө үндсэн хөтөлбөрт ороод Сидней олимпоос багтан орсон. Манай парагийн төрөл бол 2016 оны олимпын дараа 2017 оны хурлаар Токио олимпод үндсэн төрөл болж батлагдан одоо 2 дахь олимпдоо сая орж байна. Токиогийн олимпод манай Энхтуяа болон Болор-Эрдэнэ маань оролцож байсан. Тэгээд шагналт 5, 7 дугаар байрт оролцож байсан. Харин энэ удаад бид нар тэр амжилтыг эрхийн урд ранк чансаагаараа авчихсан боловч мэдээж медаль авах гэдэг үнэхээр маш өндөр үүрэг хариуцлага ирсэн. Энэ ч утгаараа бүгд баг хамт олноороо хичээсэн.
Монгол улсаас тамирчдаа тэмцээнд оролцуулдаг учраас зайлшгүй
шүүгчийн замд хөл тавих шаардлагатай болсон
-Таеквондогийн спорт Монгол улсад хөгжиж эхлээд хэдэн жил болж байгаа вэ? Мөн бүх л насны хүмүүс энэ төрлөөр хичээллэх боломжтой юу?
-Таеквондогийн спорт Монголд хөгжөөд 33 жил болж байна. Манай улсад одоогийн байдлаар 12-13 мянган хүн хичээллэж байна. Монголын олимпын таеквондогийн холбооноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг том боломж нээлттэй олгосон. Энэ нь тус иргэд монгол орны өнцөг булан бүрт ч, хаа ч очсон таеквондогийн клубт үнэ төлбөргүй хичээллэх боломжийг нээж өгсөн.
-Өөрийн тань хэрхэн яаж яваад спорттой холбогдчихов? Гэр бүлээ танилцуулна уу?
-Наранчимэгийн Эрдэнэбаатар гээд одоо айлын 3 хүүхдийн айлын ганц хүү, дээрээ нэг эгчтэй, нэг охин дүүтэй, манай ам бүл бол тавуулаа. Би 1986 онд төрөөд өдийг хүртэл спортоор дамжуулаад хүмүүжээд хүн болоод л явж байна даа. Өнөөдөр Эрдэнэбаатар гэдэг хүн одоо гэр бүлтэй болоод 4 сайхан гүнжтэй, ам бүл зургуулаа амьдарч байна. Тэмцээнээс тэмцээн, дараагийн тэмцээн гээд л цаг завгүй спортын энэ их ажлыг арагшаа огт санаа зоволгүйгээр хийж гүйцэтгэхэд манай гэргий маш сайн тусалж дэмждэг. Миний гэргийг Дэлгэрцэцэг гэдэг. Манайхан ам бүл зургуулаа өнөр өтгөн гэр бүл болоод л амьдралыг үргэлжлүүлээд л явж байна даа. Одоо бол эргээд харахад том охиноо бяцхан байхаас нь өсөж том болохыг тэр бүр харж амжсангүй. Нэг л мэдэхэд 12 настай болчихож. Одоо гэр бүлдээ хэсэг цаг зав зарцуулаад, үр хүүхдэдээ хоол унд хийж өгөөд цаг гаргая гэж бодож сууна. Би чинь хоол хийх их дуртай.м Спортын хүн болоогүй байсан бол тогооч болох байсан болов уу.
Бага байхдаа хүүхэд насандаа чөлөөт цагаа өнгөрөөх тийм боломж хомс байсан болохоор ер нь жоохон тууштай хичээллэх, мэдээж голд нь шантарч байлаа. Тэгээд хичээллээд ирэхээр эцэг эх маань байнга чиглүүлж дэмнэж ирсэн дээ. Тэрний үр шимээр би чинь таеквондогийн спортын Улсын 12 удаагийн аварга болж үзлээ. Тамирчин байх хугацаандаа олон улсын тэмцээн уралдаанаас 20 орчим медаль хүртээд Зүүн Азийн наадамд таеквондогийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан эрэгтэй тамирчин болж байлаа.
Таеквондогийн тамирчинд байхдаа 12 удаа Монгол улсын аварга болж байв
-Ер нь хараад байхад спортод тамирчны амьдралаар холбогдож явсан хүн илүү сайн дасгалжуулагч болдог юм шигээ. Учир нь тамирчны жаргал, зовлонг илүү амталж, мэдэрч ирсэн болохоор тэр байх?
-Тамирчин байсан хүнд нэг тийм илүү нарийн торгон мэдрэмж бий. Би тамирчин байхдаа 1-2 олимпт явж үзсээн. Тэгээд Бээжингийн олимп болон Лондоны олимпод оролцох эрхээ авч чадаагүй. Ингээд л тамирчны замналаа өндөрлүүлж 2011 оны сүүлээс эхлээд багш дасгалжуулагчийн гараагаа эхлүүлье гээд шийдвэрлэсэн. Би бас их азтай хүн гэж өөрийгөө бодож явдаг. Тухайн үедээ 2013 онд таеквондогийн анхны улсын шигшээ баг барина гээд тэгээд тэр үед нь би дасгалжуулагчийн замналаа эхлүүлэхээр шийдсэн байсан үе. Өөрийгөө жаахан азтай гэж бодож явдаг.
-Таны хувьд хувийн ажил, мөн спортын албан ажлаа маш сайн нарийн төлөвлөгөө гаргаад, зорилгоо төлөвлөөд тэр бүхэндээ хүрэхийн төлөө зоригтой урагшлаад явдаг юм шигээ?
-Би чинь албан ажлаа 5, 5 жилээр төлөвлөгөө гаргаад түүнийгээ цаасан дээр буулгачихсан яг тэрнийхээ дагуу л зогсолтгүй хөдөлмөрлөөд явдаг.
Нэг л их завгүй хүн яваад байдаг. Мэдээж яах вэ өмнө нь нөгөө хариуцсан үүрэг хариуцлагатай ажил байж байна. Энэ нь чухал байна. Тэгээд нөгөө залуу нас нь идэвхтэй одоо нэг хэдэн жил байна шүү дээ. Энэ үе дээрээ мэдээж улс эх орныхоо төлөө нэг сайн сайхан нэг хорвоогийн тоосыг нэг утга учиртай хөдөлгөөд явъя гэсэн зарчимтай л яваад байгаа юм.
-Одоогоос хэдэн жилийн өмнө таеквондогийн шигшээ баг дээр БНСУ-аас мэргэжлийн багш дасгалжуулагч урин авчирсан нь манай тамирчдад маш их ур чадвар, өөрчлөлт, шинэчлэлтийг өгсөн байх?
-Таеквондогийн төрөл Солонгосын үндэсний спорт. Тэгтэл сайн хөгжүүлж өндөр түвшинд тэд аваачиж чадсан. Би Солонгост бэлтгэл хийж байх хугацаандаа 2013 онд авчраад урьж авчраад хоёулаа Монголд түүх бүтээе гээд л. Тухайн үед бол манайх тивийн аваргын медаль байхгүй байлаа. Анхны шигшээ баг бариад л таеквондогийн түүхэн замнал маш эрчимтэй өссөн. Тэгээд тэр нь ч бас надтай учирсан азтай тохиолдол гэж боддог юм. Манай холбоо тэр үед надад итгэл хүлээлгээд тэр итгэлийг нь алдахгүй явах нь миний үүрэг гэж бодож явдаг.
-Төрдөө үнсүүлсэн хамгийн залуу дасгалжуулагч. Спортоос та яг уг мэдэрч, хэрхэн хөглөгдөж явдаг вэ?
-Өмнө нь сагсан бөмбөгийн С.Тулга хамгийн залуу буюу 39 настайдаа МУГД цол хүртэж байсан. Би 38 насандаа төрдөө үнсүүллээ. Өөрийгөө бас ховорхон хувь заяатай гэж бодож сууна. Учир нь миний энэ спортод төдийгөөс өдийг хүртэл гаргасан амжилт ялалтын намтарыг Монгол улсын маань Төрийн тэргүүн уншиж танилцаад түүний дараа энэ эрхэн хүндтэй цолыг хүртээдэг гэж бодохоор маш гоё санагдсан. Энэ их хүндэтгэл, хайр, хариуцлагыг бүрэн бүтэн дааж явах том хариуцлага миний өмнө ирж байна.
Миний бодож эрхэмлэж явдаг зүйл бол ямар ч зүйлээс энэ сайхан спортоо хамгаалах. Энэ спортыг илүү гоё сайхан болгохын төлөө би юу хийж чадах билээ. Энэ л миний хувьд хамгийн үнэ цэнтэй. Энэ чинь миний таеквондогийн спортод татагдах гол шалтгаан. Спорт өөрөө нэг тийм гоё, соронзон орон зай.
Ярилцсанд баярлалаа.
Нэвтрүүлгийг бүтнээр нь үзэж сонирхохоор бол доорх линкээр нэвтрэхийг санал болгож байна.