Урд яваа нэгнээ ч бараг харахгүй. Эмнэлгийн үүд сахиж, дараалалд зогсох монголчууд. Утааны зураг, бичлэг шэйр хийхээсээ хэтрэхгүй л… Төрийн ордонд сууж байгаа хэд маань энэ үед юу бодож суудаг юм бол. Тэдний хүүхдүүд ч гэсэн энэ утаагаар амьсгалдаг л байлтай. Эсвэл эхнэр, нөхөр, хүүхдүүдээ гадаадад амрааж байгаа юу. Биднийг төлөөлөн Төрийн ордонд сууж буй түшээдээс асуулт асуув. Чуулгангүй өдөр тул ордон эл хуль. АН, МАН, ХҮН намын төлөөлөл болох гурван гишүүн гурван асуултад ямар хариулт өгсөн бол…
-Та агаарын бохирдлыг хэр хэмжээнд байна гэж бодож байна. Танай гэр хаана вэ. Маск зүүж байна уу?
-Б.Найдалаа: Үнэхээр гамшгийн хэмжээнд байна. Манайх Зайсанд амьдардаг. Маск зүүхгүй байгаа. Хүйтэнд маск зүүх хэцүү биз дээ.
-Д.Үүрийнтуяа: Маск зүүж байгаа. Манайх Хан Хиллс хотхонд байдаг. Агаарын бохирдол үнэхээр хүнд байна. Амаргүй нөхцөл байдалд байна. Би чинь Эрдэнэт хотоос сонгогдож, сүүлийн зургаан сар хотод амьдарч байгаа. Өмнө нь Улаанбаатар хотод ажил төрөл хөөцөлдөөд, богино хугацаатай ирж очиж байсан болохоос удаан хугацаанд, утааны цаг хугацаанд амьдарч байгаагүй юм байна. Бас амаргүй байна.
-С.Ганбаатар: Агаарын бохирдол хэрээс хэтэрсэн. Өнөөдөр үндсэндээ агаарын бохирдол бол монголын улстөрчид, ард түмний бүтээл болчихоод байгаа шүү дээ. Одоо бид энэ бүтээлийнхээ бүтээл нь болчихоод байна.
Би маск халаасалж яваа. Зүүж амжаагүй л явна.
-Танай хүүхдүүд энэ утаагаар амьсгалдаг уу. Эсвэл гадаадад байна уу?
–Д.Үүрийнтуяа: Би одоо УИХ-ын гишүүн болоод Улаанбаатарт ганцаараа амьдарч байна. Гэр бүл маань Эрдэнэтдээ, хүүхдүүдийн маань сургууль соёл тэндээ учир тэндээ учир хараахан нүүж ирээгүй л байна.
-Б.Найдалаа: Манай хүүхдүүд аав, ээжтэйгээ хамт эндээ л амьдарч байгаа. Утааны нэг онцлог нь эндээс хэн ч зугтаж чадахгүй. Ер нь маск зүүгээд ч зайлахгүй.
-С.Ганбаатар: Миний хүүхдүүд бүгд Ерөнхий боловсролын сургууль төгссөн. Бүгдээрээ дотоодынхоо их сургуульд сурч байгаа.
-Утаанаас болж бид шууд утгаараа үхэж байна гэж хэлж болохоор байна. Ер нь ямар шийдэл байна?
–С.Ганбаатар: Ганцхан л зам бий. Би олон жил ярьж байна. Монголын улс төр хулгайгүй болбол, үйлдвэрлэл хөгжиж эхэлнэ. Олон хүнийг ажилтай, орлоготой болгох нь утааг байхгүй болгоно гэсэн үг.
Өнөөдөр гэр хорооллын иргэд цахилгаанаас ч хүчрэхгүй байна. Дулаанаа ч хүчрэхгүй байна. Тэгээд зарим дугуйны хаймер түлж байна. Тэр улаан тоосгыг солярканд хийж дэвтээгээд, тэрийгээ шатаахад бүтэн нэг өдрөө даадаг. Энэ бодит амьдрал руу орох хэрэгтэй байхгүй юу даа. Хүмүүс яагаад утаа үйлдвэрлээд байгаа юм бэ. Бид Үндсэн хуулиараа Эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой. Дулаан байхын тулд бусдыг хордуулж байгаа муу. Гэхдээ Монголын Засгийн газар, улстөрчид ард иргэдээ ажилтай, орлоготой байлгах ёстой. Хүмүүсийг цахилгаан, дулаанаа худалдаж авах хэмжээний чадалтай байлгах хэрэгтэй. Энэ бол ганцхан гарц.
-Б.Найдалаа: Утаанд бид асар их мөнгө зарсан. Мөнгөн дүнг хэлэхээс аманд багтахгүй,айж байна. Тэгсэн хэр нь ээ, шийдэл байхгүй байна. Тэгэхээр одоо сонсгол хийх хэрэгтэй гэж бодож байна. Утаа яагаад өнөөдрийн түвшинд хүрэв. Хэдэн төгрөг зарсан юм. Асуудал нь яг хаана аа байгаа юм. Цаашдаа ямар бодлого баримтлах юм гээд ярих хэрэгтэй.
Одоо ч утаагүй зуух гээд яриад байх юм. Утаагүй зуух гэж байхгүй шүү дээ. Утаагүй юм бол яагаад яндантай байдаг юм. Дахиад л зуухаа тараагаад, дахиад л яндангаа хөөлөөд эхлэх юм уу гэдгийг сонсгол хийж ярилцах л хэрэгтэй.
-Д.Үүрийнтуяа: Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаанд шалгалт хийх ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа. Ажлын хэсэгт ороод ажиллаж байгаа хүний хувьд хэлэхэд, утааны асуудлыг аль нэг яам, аль нэг салбарын асуудал биш. Бүх салбарын анхаарч ажиллах ёстой сэдэв болчхоод байна. Утаа үүсгээд байгаа хүчин зүйлүүдээ тодорхойлж, юунаас нь эхлэн шийдэх ёстой юм бэ гэх эрэмбэ, дарааллаа тогтох хэрэгтэй.