УИХ-аас ирэх жилийн төсвөө баталсны дараа буюу жил сүрийн 12 дугаар 01-ний өдрөөс өмнө Нийслэл, орон нутгийн ИТХ ирэх жилийнхээ төсвийг батлах ёстой. Гэтэл 2025 оны улсын төсөвт Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ хүлээн аваад, Засгийн газар шинэ төсвийн төслөө өргөн бариад УИХ-аар батлагдаагүй байхад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2025 оны хотын төсвөө, НИТХ-аар батлуулсан. Мөн Төв болон Завхан аймгийн ИТХ ч ирэх оныхоо төсвийг баталчихсан аж. Тиймээс ЗГХЭГ-аас Нийслэл болон Төв, Завхан аймгийн ИТХ-ын дарга нарт Төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчин, төсвөө баталсан шийдвэрээ хүчингүй болгох зөвлөмж хүргүүллээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас НИТХ-ын дарга А.Баяр, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Завхан аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн нарт хүргүүлсэн зөвлөмжид,
“Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль тогтоомжид тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр холбогдох хуулиудыг хүчингүй болгосон.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурал 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан бөгөөд тус хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
Тус хуулиар Төсвийн тухай хуульд 321.4-т “Энэ хуулийн 321.1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 281 дүгээр зүйл хамаарахгүй.”, 321.5-д “Улсын Их Хурал энэ хуулийн 321.1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална.” гэсэн нэмэлт зохицуулалтыг хуульчилсны дагуу Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна.
Энэ хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсвөө баталсан нь Төсвийн тухай хуулийн 3.4-т “Төсвийн харилцааг зөвхөн энэ хуулиар зохицуулах бөгөөд орон нутаг, салбарын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрийн хэмжээг хуульчлан тогтоох, түүнийг хуваарилах аливаа харилцаа үүнд нэгэн адил хамаарна.”, 5.1.2-т “төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх”, 21.1-д “Монгол Улсын нэгдсэн төсөв нь улсын төсөв, орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн Даатгалын сангийн төсвөөс бүрдэнэ.”, 21.3-т “Аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсвийн дээд шатны төсөв нь улсын төсөв, сум, дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсвийн дээд шатны төсөв нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөв байна.” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн байна.
Өөрөөр хэлбэл, хүчингүй болгосон хуульд заасан дүн, тооцоололд үндэслэн боловсруулсан төсвийн төслийг хуульд заасан шатлалыг зөрчин хэлэлцэн баталжээ.
Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу хууль зөрчиж төсөв баталсан шийдвэрээ хүчингүй болгох арга хэмжээ авахыг зөвлөж байна.”