Өрөг.мн таван нас хүрлээ. Таван жилийн ойн энэ өдөр бидний ажлын онцлог ба мэдээ, сурвалжилга хэрхэн бүтдэг болохыг сонирхолтой байдлаар харуулахаар нэгэн УИХ-ын гишүүнд манай сайтын сэтгүүлчээр нэг өдөр ажиллах санал тавьсан юм. Бидний саналыг хүлээн авч, гэр хорооллын хүнсний дэлгүүрээс сурвалжилга бэлтгэх “даалгавар” авсан хүн бол С.Эрдэнэболд. Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдон ажиллаж буй.
Бид гэр хорооллын зургаан хүнсний дэлгүүрээр орсны эцэст ярилцлага өгөх сурвалжилгын гол дүртэйгээ учирлаа. Тэр хүн бол Л.Отгонжаргал. Баянзүрх дүүргийн 29-р хороонд байрлах “Баваахай” хүнсний дэлгүүрийн эзэн. 1998 оноос хойш хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа юм байна.
Сурвалжилгын гол дүртэйгээ учирлаа хэмээн тодотгосноо учирлаваас, бидний эхний орсон таван хүнсний дэлгүүрийн худалдааны ажилтан ярилцлага өгөхөөс татгалзсан юм.
Бидний сурвалжилгаас:
- Сэтгүүлчид яриа авах зочноо хэрхэн олдгийг
- Зураглаач нар хэрхэн ажилладгийг
- Сэтгүүлчийн нэг өдрийн цалинг
- УИХ-ын гишүүний нэг өдрийн цалинг
- Гэр хорооллын хүнсний дэлгүүрт борлуулалтаараа юу, юу тэргүүлж байгааг гээд олон чиг сонирхолтой зүйлсийг та мэдэх боломжтой.
Төрийн ордны баруун хаалганы гадна 16.20 минутад уулзан гэр хороолол руу хөдөлсөн бидний сурвалжлах баг 17.45 гээд хотын төв рүү хөдөлсөн юм.
“Баваахай” хүнсний дэлгүүрийн худалдагч Л.Отгонжаргал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд хоёрын хооронд ямар өрнөсөн бол гэж үү. Элдэв чимэггүйгээр буулгалаа.
-Одоогоос 20-иод жилийн өмнө би 32-ын тойрогт нэг дэлгүүрт суудаг байлаа. Ширхгийн тамхи авах гээд хүмүүс ороод ирнэ. Өнөөхийг нь онгойлгож чадахгүй будилаад л. Тэр үед чинь бизнесийн орлогын бараг 80 хувь нь архи. Орой 22.00-00.00 цагийн хооронд архи их зарагдана. Архиа дээрэмдүүлсээр байгаад л таарсан даа. Одоо цаг өөр болсон байх гэж бодож байна.
-Тэгэлгүй яах вэ. Архичид архи уудаг ч гэсэн авсан юмаа аятайхан аваад гарна шүү. Гэхдээ зээл бол их…
-Ер нь сүүлийн жилүүдэд хүмүүсийн худалдан авах чадвар таны харж байгаа бодит байдал дээр ямар байна?
-Идэх гэж амьдраад байна уу. Амьдрах гэж идээд байна уу гэдэг шиг одоо улам л хэцүү болоод байна. Мөнгө юу ч биш болчихсон. Өдөрт хэдэн төгрөгийн ч цалинтай ажил хийцгээдэг юм. 60-70 мянган төгрөгийн цалинтай ажил хийгээд ороод ирлээ гэхэд тэр нь тортой юм авч хүрэхгүй байх жишээний. Таны авсан бараа нийлээд тэд боллоо гээд хэлэх гэж байснаа зогтусаад, буруу биччихээгүй байгаа гээд гайхаад дахиад харах нь бишгүй.
-Түрүүхэн та зээл их гэлээ. Ойролцоогоор хэчнээн төгрөгийн авлага хүмүүсээс авахаар байгаа бол?
-3-4 сая төгрөгийн авлага бол байна. Мөнгө чинь одоо юу ч биш болчхоод байна. Юм авах гээд ороод ирсэн ч мөнгө нь дутчихаад зогсоод байгаа хүнд “За та дараа орж ирэхдээ өгчих” гэж хэлэх өдрүүд ч бий. Тэр хүн надад 2000 төгрөг дутуу өгөх, би эндээс нэг юм идэх бараг ялгаагүй шүү дээ.
Байнга орж ирдэг хүмүүс “Цалин мөнгө буутал хоол ундны юм зээлье” гэнэ. Тэг, тэг гэчхээд жаахан хоолны юм авахаар нь “Одоо болсон шүү” гээд байлтай нь биш. За, тэгээд аваад ирэхээр нь бодохоор 100 хэдэн мянга болчихно гээч.
-Долоо хоногт хэдэн удаагаа бараагаа татаж байна?
-Өө, янз бүр. Бараа бага, багаар “ирнэ”. Зарим бараагаа өөрөө явж авах ч үе бий.
-Худалдан авах чадварыг нь насны болон хүйсийнх нь бүлгээр хараад үзэхээр?
-Угаасаа тэтгэвэр буухаар ахмадууд түлхүү орж ирнэ. Хүүхдийн мөнгө буухаар залуучууд нь юм их авна. Хамгийн борлуулалт ихтэй нь ажлын өдөр байдаг.
-Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнээ жагсаагаад нэрлээч гэвэл?
-Нэгт архи, хоёрт ундаа, гуравт, бэлэн гоймон. Талх бол “гүйхээ” больчихсон.
-Архи борлуулалтын хэдэн хувийг эзлэх үү?
-Бараг 50 хувийг эзэлдэг. Одоо чинь хүмүүс архи л их авдаг болчихсон. Өмнө нь хар өглөөгүүр яарсаар гүйж ирээд, талхаа зардаг байсан бол сүүлийн 2-3 жил архи гардаг болсон. Архи, ундаа жаахан л тасрах үед хайгаад л…
-Та миний оронд шийдвэр гаргах түвшинд ажилладаг байлаа гэж бодъё. Тэгвэл бодлогын түвшинд хийх, өөрчлөх хамгийн эхний ажил тань юу байх бол?
-Миний бодлоор энэ халамжаа жаахан зогсоогоод, хүмүүсийг ажил хийлгэх тал дээр жаахан анхаармаар. Ажил хийх хүн үгүй болжээ, монголд. Халамж хавтгайрсан нь үнэн. Юу өгөөд байгаа болоод ийм яриад байгаа юм гэж бодох л байх, зарим нь. Өвдсөн, өвдөөгүй хамаагүй бараг л бүх хүн группт байдаг юм биш үү. Нэг л их сонин мөнгө буухыг л хүлээсэн хүмүүс байдаг шүү дээ. Хүүхдийнхээ мөнгийг буухаар тэгнэ, тэгнэ гэцгээгээд л…
-Хавар ямаа самнуулах гээд зар тавихаар цалинг нь голоод л. Мөрөөдөл нь Солонгос. Монголд ч юугаа хийх вэ дээ гэсэн хандлагатай…
-Харин тиймээ. Гэхдээ бас ажил хийлгэчхээд цалингаа өгдөггүй хүмүүс байдаг юм билээ.
Сэтгүүлчийн тэмдэглэл: Ард түмэн талхаа таллаж, сонгино, төмсөө граммлаж авч байна гэж ярьдаг. Нидэр дээрээ иргэдийн амьдрал яг тийм байна уу эсвэл зүгээр л бид ингэж ярьсаар сурчихсан уу?
Мэдээж, ганцхан дэлгүүрийн худалдагчийн ярианаас дүгнэлт хийж, иргэдийн амьдрал ийм байна шүү гээд тодорхойлоод хэлчхэж боломгүй. Гэхдээ тэр нэг дэлгүүрээр өдөрт 100, багадаа 30 иргэн үйлчлүүлж байгаа. Тэр утгаараа иргэдийн амьдрал ямар байгааг бага болов тольдож болох л газар.
“Баваахай” дэлгүүрийн худалдааны ажилтан дээрх асуултад маань “Талх таллаж зарж үзээгүй. Байцай жаахан том байна гэхээр нь би ч гэсэн зармаар байна. Тэр хүний гэсэн хэрэгцээг бодолцож үзээд,таллаад зарчихна. Үлдсэн тал нь зарагдахгүй бол маргааш, нөгөөдөр нь өөрөө хоол хийхдээ хэрэглэчихнэ” хэмээн хариулсан юм.
Тэрбээр сурвалжилгын төгсгөлд гэрээсээ юм авч байгаа аятай хөгшин, залуу, эр, эм гэлтгүй бүгд л хулгай хийж байгааг, өчигдөрхөн хулгайд бараагаа алдсан тухайгаа ярьж, камераас дүрс бичлэг үзүүлэв. Хулгай хийгээд ч болов амьд байх нь чухал байна гэдэг нь иргэдийн амьдрал яг ямар байгааг хэлээд өгчих шиг ээ…