“Ёс зүйтэй мэдээлнэ” уриан доор нэгдэж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн Өрөг.мн сайт таван нас хүрлээ. Бид өнгөрсөн хугацаанд үзэгч түмний мэдэх эрхийг хангаж ажиллахын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэн, олон зуун мэдээ сурвалжилга, нэвтрүүлгийн ард гарсан юм. Ингэхдээ сэтгүүл зүйн зарчмаа нягт баримтлан, чанар дээр тулгуурлахын дээр яарч адгах бус, нягталж шалгахыг илүүд үзэн, үзэгчдэд үнэн зөв, ултай суурьтай, тал талын эх сурвалжийн мэдээллийг тэнцвэртэй хүргэсээр ирсэн.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд Өрөг.мн сайтын фэйсбүүк хуудас 430 мянган дагагчтай болж чадсан нь бидний амжилтын нэгээхэн хэсэг мөн. Түүнчлэн бид жилд дунджаар 10-15 төсөл хэрэгжүүлдэг. 2023 онд эдгээр амжилтаа үнэлүүлж, “Web Awards 2023″ цахим салбарын тэргүүн наадмаас “Онцлох төсөл хэрэгжүүлэгч сайт”-аар шалгарч байлаа. Мөн Өрөг.мн сайтын сэтгүүлч У.Болортуяа “Оны онцлох сэтгүүлч” болсон нь биднийг урам зоригоор мялааж, илүүг хийж бүтээх итгэл төрүүлсэн явдал байв.
“ХААЛТЫН ГЭРЭЭ”-ГЭЭР АМАА ҮДҮҮЛЖ, ИРГЭДЭЭС НҮҮР БУРУУЛААГҮЙ
Бид сэтгүүл зүйн салбарын нэр хүнд, үнэлэмжийг доош татах бус, дээш өргөхийг чармайн ажилласны нэг жишээ нь “хаалтын гэрээ”-гээр амаа үдүүлж, иргэдийн эрх ашгийг хохироох байдлыг эрс эсэргүүцэн ажилласнаа энд дурдах нь зүй. Манай байгууллагын үйл ажиллагаа цэвэр бизнесийн зарчмаар явж, бусад бизнес эрхлэгчдээ дэмжин хамтарч ажилласаар өнөөдрийг хүрсэн юм. Бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор ковидын хүнд хэцүү үед 100 гаруй байгууллагын сурталчилгаа, мэдээ, сурвалжилгыг үнэ төлбөргүй бэлдэж, эргэх холбоотой ажилласан нь бидний ажил үйлс, амжилтад эерэгээр нөлөөлсөн биз ээ. Иймдээ ч манай сайтын контент бүр ивээн тэтгэгчтэй болж, амжилттай үргэлжилсээр байна.
“ХҮНЛЭГ” САЙТ ӨРӨГ.МН
Сэтгүүл зүйн ёс зүйн зарчмын хамгийн эхэнд “ХҮНЛЭГ БАЙХ” тухай заасан нь бий. Тиймдээ ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон, өвчин зовлонг туулж яваа хүүхэд, залуусаа дэмжин эмчилгээний зардал, тэмцээний зардал зэрэгт нь нэмэр болох үүднээс хандивын мэдээг сар бүр тогтмол цацсаар ирлээ.
Өрөг.мн сайтын хамт олон долоо хоног бүр, “Өрөг ярилцлага”, “Улс төрийн задлан”, “Сөрөг хүчин”, “Гашуун яриа”, “Хөрөг”, “Оргилд хүрэх зам” зэрэг сэтгүүл зүйн төрөл бүрээр бэлтгэсэн нэвтрүүлгийн шинэ дугаараар үзэгч та бүхэнтэй учран золгосоор ирснээ энд дурдъя.
Манай байгууллагын сэтгүүлч бүр өөрийн хариуцсан контенттой болж амжсанаас гадна, үйл явдлын урсгалд хөөсрөөд үлдэх бус, сэтгүүлч бүр нийгэмд тулгамдсан асуудал, хийж бүтээж буй залуучууд, өвөрмөц гойд хүмүүсийг онцлон мэдээ, сурвалжилгаа бэлдэж, соён гэгээрүүлэх үүргээ ч мартаагүй.
ӨРӨГ.МН САЙТЫН ХАМТ ОЛОН КОНТЕНТЫН ТООГОО НЭМНЭ
Бидний баг гарын арван хуруунд багтахаар цөөн хэдий ч, цагийн менежмент, байгууллагын халуун дулаан уур амьсгалдаа тулгуурлаж, бүтээмж сайтай ажиллаж чаддаг нь давуу тал хийгээд онцлог юм. Тогтвортой ажиллах чадварлаг боловсон хүчнээ хэдийн бэлдсэн Өрөг.мн сайтын хамт олон контентын тоогоо нэмж, хэд хэдэн шинэ нэвтрүүлгийн санаагаа боловсруулж үзэгч танд хүргэх гэж байгааг дуулгахад таатай байна.
Өнгөрсөн хугацаанд бидний бэтгэсэн мэдээ, сурвалжилга, нэвтрүүлгүүдийг үзэж дэмжсээр ирсэн үзэгч та бүхэнд болон хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлье.
Он цагийн урсгалд түүх бүтээлцэж, нэгэн цул болон ажиллаж байсан бүх ажилтан, найз нөхөд, уншигч, үзэгчдэдээ таван жилийн ойн баярын мэнд хүргэе!