
Улс орны хөгжил ямархан шатанд яваа гэдгийг салбар бүрийн нүүр царай тодорхойлж байдаг. Тэр дундаа тухайн улсын нэрийг хилийн чанадад спорт, урлагийн салбарынхан дуудуулж дуурсгаж явдаг. Иймээс л аливаа улсын нэрийн хуудас хэмээн спортынхныг зүгээр ч нэг тодорхойлоогүй болов уу.
Томоохон чанартай тэмцээн уралдаан үүн дотроо олимпын наадмаар бид Монгол улсынхаа нэрийг дуудуулж яваа тамирчдаа хараад омогшин бахархаж, хөөр баяр болдог билээ. Угийн тэмцэгч чанартай, дайчин чадвартай тамирчдын амжилт ялалтаар дүүрэн байсаар ирсэнд нь Монголчууд бид хэдийнээ дасчихжээ. Оролцож, өрсөлдсөн олимп бүрээсээ л медаль хүртэж дэлхийд үргэлжид эх орноо дуурсгах юм шиг л санадаг. Гэтэл “Парис-2024” олимпын наадмаар “өндөр хүлээлт”-ээр дүүрэн суусан Монголчуудын итгэл, сэтгэл талаар болчихов. Эл олимпыг амжилтаар маруухан өндөрлүүлсэн хэмээгээд хатуухан тодорхойлчихоё. Харин бид юун дээр алдчихав, хаана доголдол үүсгэчихэв, хэнээс, яг юунаас шалтгаалаад ийм байдалд хүрэв?
Дүгнээд хэлэхэд манай улсад “хариуцлага”-ын тогтолцоо байна уу, хаана хэн хөлөө хий гишгэв гээд л олон нийт чих тавин сууна.
Эсвэл шинжлэх ухаанчаар ажиллаж чадсангүй юу? Шинжлэх ухаан гэснээс бусад улс орнууд спортын салбар нь шинжлэх ухаантайгаа нягт уялдаж, хэлхээ холбоотой яваад, хөгжөөд, үсрэнгүй дэвшиж буйг энэ жилийн олимпын наадмаар гэхэд л хангалттай харлаа. Ер Монгол улс спортын салбар дээрээ урагшлаад байна уу, хоцроод байна уу, ухраад л байгаа юу. Хэдий хичээж, бэлтгэж, чадах чинээгээрээ зүтгэн байгаа ч “Спортын сэтгэлзүй” дээр 100 жилийн хойно явааг нуухгүй ээ хэмээн мэргэжлийн спортын сэтгэл судлаачид өгүүлж сууна. Тэгвэл “Спортын сэтгэлзүй” гэж юу вэ?
Спортын сэтгэлзүй
“Спортын сэтгэлзүй нь тамирчинг тэмцээн дээр чаддаг зүйлээ бүрэн хийхэд зориулагдсан зүйл”.

Тодруулбал спортын сэтгэлзүй нь биомеханик, физиологи, эмчилгээний биеийн тамир, бие физиологид гарах өөрчлөлт зэрэг олон уялдаа холбоог судлах салбар хоорондын шинжлэх ухаан юм. Сэтгэлзүйн чадамжийг сайжруулахад ур чадвар хэрхэн нэмэгдэхийг тодорхойлох спортын сэтгэлзүйг тамирчид, дасгалжуулагчид, эцэг эхчүүд ойлгох нь элдэв гэмтэл бэртэл нөхөн сэргээх, уналт ялагдлын дараа тамирчинтай хэрхэн харилцах, багийн дотоод харилцааг сайжруулах, амжилтыг уналт өсөлтийн үед гарах бэрхшээлийг хамтдаа даван туулахад дөхөм болдог.
Жишээ татвал: Австрали 1984 онд спортын сэтгэлзүйг ашиглан дэлхийн спортын салбарын анхаарлын төвд орж 2000 оны Сиднейн олимпод тус улсын баг 12 спортын сэтгэлзүйчтэй оролцсоноор ОУОХ “спортын сэтгэлзүйч” мэргэжлийг зөвшөөрсөн байдаг.
Спортын сэтгэлзүйч тамирчинтай хамтран гүйцэтгэлийн ахиц, оюун ухааны ур чадварыг дээшлүүлэх, тайван бус байдал, түгшүүр сэтгэл зовинолыг зохицуулж амрахад туслах, оюуны дасгал, анхаарал төвлөрүүлэх, стресс болон цагийн зохицуулалт хийх, багийг бүрдүүлж удирдах, ойлголцох, эдгэх, сэргэх, сэтгэлзүйн ярилцлага хийх, тамирчны сэтгэл хөөрөл, гүйцэтгэл, биелэлт зэрэгт видео байдлаар анализ хийх зэрэг асуудлыг шийдвэрлэдэг. Сэтгэлзүйчтэй ажилласан спортын тамирчин, сэтгэлзүйч ажиллуулаагүй тамирчнаас өндөр амжилт үзүүлэх нь илүү байдаг.


Монголд анх удаа спортын хамаарал бүхий 5 шинжлэх нийлэн
“Спортын ирээдүй”-н талаар хэлэлцэнэ
Спортын хамаарал бүхий таван шинжлэх ухаан нийлээд анх удаа ”Спорт экспренсе” хөтөлбөрийг зохион байгуулахаар болжээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Монголын Спортын Сэтгэл Судлаачдын Холбооны Гүйцэтгэх захирал Т.Энхбилэгтэй цөөн хором ярилцлаа.


-Сайн байна уу? Бямба гарагт зохион байгуулах хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгнө үү?
-Сайн байна уу? Монголд анх удаа гэж байгаа тодотголтой, таван шинжлэх ухаан нийлээд энэ бямба гарагт буюу 12 дугаар сарын 07-ны өдөр эвент буюу хөтөлбөрийг бид өөрсдөө санаачлаад зохион байгуулах гэж байна. Үүнд спортын хоол зүй, спортын анагаах ухаан, атлетик трэйнер, спорт менежмент мөн Спортын сэтгэл судлаачдын холбоонос голчлон зохион байгуулж байгаа сэтгэлзүйч нар маань оролцоно. Онцлох нэг зүйл нь БНСУ-ын шигшээ багийн буюу олимпын багийн зөвлөх, спортын сэтгэлзүйч, профессор Юн Ёонгил өөрсдийнхөө туршлагаа хуваалцахаар ирж байгаа. Энэ хүн бол маш их арвин туршлагатай. Тиймээс ч бид энэ хөтөлбөрөө “спорт экспренсе” гэж нэрлэж буй.


Спортын сэтгэл судлаачдын холбооны зүгээс
тамирчдыг дөрвөн жил бэлдэнэ
-Хөтөлбөрийн гол зорилго юу вэ?
-Яг одоо бид нарын бодит байдал болохоор дөрвөн сарын өмнө ч юмуу тамирчидтайгаа ажилладаг гэх юмуу жишээ нь олимп хүртэл л гэсэн үг. Тэр болтол шигшээ багийн тамирчид нь тодорхой болдог. Энэхүү эвент дээр яагаад хүүхэд залууст болон эцэг эхчүүдэд нээлттэй гээд байгаа гэхээр бид нар ер нь тамирчдыг 4 жил бэлдэе. Өмнө нь бид Монголын ирээдүй болсон олимпын аваргуудтай тулж ажиллаж чаддаггүй байсан.
Энэ удаад бид нар хийхгүй бол энэ ажлыг хэн хийх вэ гээд зорин 4 жилийн өмнөөс бэлдэж эхлэе. Ингэхдээ бэлтгэсэн тамирчдаас шигшээ багт багтаж орох нь тодорхой. Тиймээс бусад үйл явцыг хүлээгээд, зүгээр хөндлөнгөөс хараад суулгүйгээр бэлдэж эхэлсэн нь хамгийн зөв шийдвэр. Харин тэндээс олимпын талбарт өрсөлдөх тамирчид нь бэлтгэгдээд гарч ирнэ гэсэн том зорилт, төлөвлөгөө тавин ажиллаж эхэллээ.


-Тамирчны бэлтгэлийн салшгүй нэг хэсэг буюу зайлшгүй хамтдаа яваад хөгжих шинжлэх ухаан нь “спортын сэтгэлзүй” гэж ойлгож болох уу?
-“Спортын сэтгэлзүй” бол тамирчинд заавал байх ёстой, цогц болгох чухал зүйл. Олимпын циклээр жишээ авъя. Олимпын төрөлд ороогүй тамирчдын хувьд арай өөр тактик хөтөлбөр явагдаж байгаа.
Тамирчин хүн дөрвөн жилийн хугацаанд 1200 гаруй удаа удаа олимпын дэвжээн дээр гарсан байх ёстой. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр “бэлтгэл”. Манай тамирчид маш их бэлтгэл хийдэг. Өдөрт бүр хоёр, гурван ч удаа хийж байгаа. Тэгэхээр бэлтгэл болгоныг олимпын дэвжээн дээр гараад бүрэн дүүрэн 100 хувь ашиглана гэсэн үг. Тэр дундаа 1200 удаа олимпын дэвжээнд гарчихсан тамирчид хэзээ ч сандрахгүй, хэзээ ч тэвдэхгүй, харин ч өөрийнхөө хийж байгаа зүйлийг зүгээр л инээж байгаад л яг л бэлтгэл дээрээ байдаг шигээ маш сайн контролдоод гараад ирчихдэг. Тийм болохоор бид нар яг ингэж бэлдэе л гэж байгаа юм.


Сэтгэлзүйн бэлтгэл өндөртэй тамирчин өрсөлдөөнд оролцохдоо өөрийгөө бүрэн удирдаж чаддаг
-Та нарын бэлдэнэ гэдэг нь ойлгомжтой байдлаар тайлбарлавал?
-Бэлдэнэ гэж байгаа нь юу вэ гэхээр бид нар тухайн тамирчинд чи ийм юм хий, тийм юм хий гэж тусад нь хэзээ ч ачаалал болохгүй. “Спортын сэтгэл судлал” яаж хөгжиж байгаа вэ гэхээр нэг ёсондоо бэлтгэлээ хийж байхдаа яаж бэлддэг юм бэ, сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэдэг юм бэ? Тэрэнд нь тэгвэл масс үүсээд, гацаа үүсээд, нэг зүйл нь болж өгөхгүй байвал түүн дээр нь хэрхэн ажилладаг юм бэ гэдэг дээр бид нар төвлөрч ажиллаад байгаа. Мөн барилдаан дээр нэг ёсондоо 90 хувь нь бид нарын хэлж заншсанаар далд ухамсрын түвшинд гэж яриа байдаг.
Тамирчдад хамгийн сайн ур чадварууд, туршлагуудыг цуглуулахад спортын сэтгэл судлаач мэргэжлийн гол зорилго оршдог
Хүний өөрийн удирдлагагүйгээр үйлдлүүд гарч байдаг. Үүнийг нь ашиглаад эргээд хамгийн сайн ур чадварууд, хамгийн сайн туршлагуудыг цуглуулахад манай мэргэжил оршдог.
Ярилцсанд баярлалаа.


Спортын сэтгэлзүй мэргэжлийн зах зээлд тодорхой нэр хүндтэй, эрх мэдэлтэй, чадавхитай салбар юм. Спортыг нийгмийн эрүүл мэндтэй холбосон аянууд улам олон хүнийг спортыг амьдралдаа оруулахыг уриалж байна. Энэ нь спортын сэтгэл зүйчдэд биеийн тамирын дасгал, чөлөөт цаг, зугаа цэнгэлийн спорт эсвэл онцгой хэрэгцээтэй хүмүүст шинэ боломжуудыг нээж өгөх нь дамжиггүй юм. Иймээс спортын сэтгэлзүйтэй, спортын сэтгэлзүйч салшгүй холбоотой. Тэд шинжлэх ухаанчаар судалсан судалгааны үр дүнд тамирчдын амжилт, ялалт өсөн дээшлэх Монгол улсын нэрийн хуудас болсон спортын нэр хүнд дэлхий дахинд дуурснаа.