Таны “Үнс болоогүй нүүрс” нийтлэлийг Зууны мэдээ сониноос уншаад зарим нэг зүйлийг тодруулах гэсэн юм. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Х.Баттулгыг өрөөндөө дуудаж уулзах үедээ “Бид ингэж хагаралдах хэнд хэрэгтэй юм бэ. Улс төр хийж болдоггүй хэдэн чухал сэдэв байдаг. Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, гадаад бодлогоор улс төр хийж болдоггүй” гэж хэлсэн байдаг. Энийг би сайн ойлгохгүй байгаа юм, сэтгүүлч хүний хувьд Үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолын талаар байр суурь илэрхийлж болохгүй гэж хориглох нь байж боломгүй санагдаад. Тэр яг ямар утгаар хэлсэн үг вэ?
– Бичлэгийг ахиад сонсвол “дуртай хүн нь ярьж болдоггүй 3 сэдэв байдаг” гэх маягийн зүйл хэлсэн байдаг. Чиний зөв шүү. Монгол хүн бүр тусгаар тогтнол, эв нэгдлийн талаар ярих, бичих эрхтэй. Ийм эрх чөлөөг Үндсэн хуулиар олгосон юм. Ц.Элбэгдорж яагаад тэгэж хэлсний хувьд бол тодорхой. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэгт Тавантолгойн хувьчлалын асуудлыг оруулмааргүй л байсан учраас. Би бичсэн, цаадах бүлэглэлдээ амлалт өгчихөөд, бантахдаа камерын өмнө загнасан юм аа гэж. Үндэстэн хагараад сүйд болсон юм бол байхгүй. Нийтийн баялгийг хэдэн хүн гадны компанийн нэр барьж байгаад булааж авах гэж байгааг сэрэмжлүүлсэн төдий. Хэрвээ асуудалд ажил хэрэгчээр хандсан бол Ерөнхийлөгч тамгын газраараа дамжуулан мэдэгдэл хүргүүлэх, албан ёсоор байр сууриа илэрхийлэх, ажлын хэсэг байгуулж нэвтрүүлэгт дурдсан зүйл бодитой эсэхийг тогтоох гэхчилэн иргэншсэн олон арга бий. Ааштай чавганц шиг өрөөндөө дуудаж загнах гэдэг Ц.Элбэгдоржоос өөр хүний толгойд орохгүй л мэх. Зөвхөн Ц.Элбэгдорж гарамгай хийдэг хэдэн мэх байдаг юм. Камерын өмнө загнах, наадмаар дэвэх, бэлтгэсэн сэтгүүлчдийг тойруулж суулгаж байгаад бүлтрэх… гэх мэт.
Таны бичсэнээс харахад тэр гэрээ хэрэгжсэн бол Тавантолгойн хувьцааны 51 хувийг ММС эзэмшиж, 49 хувь нь Шинхуа энержид очих байжээ. Гэтэл тэр үед дан Шинхуа л авах гээд байгаа юм шиг шуугиж байсан биз дээ?
– “Шинхуа л авах гэж байгаа” гэж харагдуулах нь бүлэглэлийн тухайн үеийн туйлын зорилт байсан болов уу. 51:49 хувийн тухайд бол би бичээгүй, сануулсан. М.Энхсайхан гэх сайд Ц.Элбэгдоржоос даалгавар авч гэрээний төсөл бичсэн. Анхнаасаа Үндэсний эрх ашгийг боддог, эв нэгдэл тусгаар тогтнолдоо санаа тавьдаг хүн байсан юм бол Ц.Элбэгдорж гэрээний дундуур орох хэрэггүй л байсан юм. Хоёр улсын Засгийн газар нь хоорондоо харилцаад, компаниуд нь хоорондоо харилцаад болчих юман дээр дундуур нь гуравдагч этгээд шургалуулсан нь л бүх бүтэлгүйтлийнх нь шалтгаан юм. Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг шиг гэрээний дундуур хүзүүгээ шургалуулсан нь дэмий болсон. Хошуу хуруугаа гэрээнд дүрдэг нь бүлэглэл байгуулж, олон нийтийг төөрөгдүүлэх замаар ММС-д хувьцааны ихэнх буюу 51 хувийг л авч өгөх гэж анхнаасаа улайрсан учраас тэр гэрээ батлагдах хэрэгжих боломжгүйд хүрсэн. УИХ-ын тогтоолоор даалгасан зүйлсийг гэрээнд оруулаагүй гэхээр ямар бүдүүн зүрхтэйгээр нийтийн баялаг руу дайрч байсныг төсөөлж болно.
Шинхуа энержи анхнаасаа ММС-тэй хамтрах сонирхолтой байсан уу?
– Наадах чинь миний хариулах зүйл биш. М.Энхсайхан эсвэл ММС-ийн талаас хариулбал оновчтой байх. Учир нь бид тэр үед ч, одоо ч хөндлөнгийн ажиглагчид шүү дээ. Сүүлд ирүүлсэн ажлын хэсгийн ахлагчийн захидлыг харж байхад ММС, М.Энхсайхан нар л болно, бүтнэ гэж итгүүлэх, ятгах замаар тэднийг хөтлөөд, шахамдуулаад байсан нь мэдрэгдэж байна лээ. Одоо бол тэдний яриад байсан зүйлийг орхиё, танай хууль номын дагуу харилцан ашигтай ажиллая гэсэн байгаа.
Ц.Элбэгдорж өрөөндөө дуудаж загнах үедээ “нүүрсний төмөр замыг нарийн царигаар тавих ёстой” гэж хэлсэн. Яагаад тэгэж хэлсэн юм бол?
– Уг нь УИХ төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулаад баталчихсан байсан. Бүр 2010 онд. Тэгэхэд төрийн тэргүүн нь парламентын бодлогыг үгүйсгээд, тэгэх ёстой гээд сууж байсан нь ойлгомжгүй л байгаа юм. Улсынхаа хуулийг үл тоохоор тийм хэмжээний нөлөөлөлд л орсон юм болов уу даа гэж таамагладаг. Нүүрсний сонсголын үеэр Бодь интернэшнл группын Д.Баясгалан “холболтын цэг зөрсөн”, “нарийн царигаар барих ёстой байсан” зэрэг бүх гүтгэлэгт маш тодорхой, техникийн тайлбар бүхий хариулт өгсөн байдаг. Тэрийг олоод уншчих хэрэгтэй. Товчхондоо хятадын талд анхнаасаа цариг ямар байх нь огт хамаагүй байсан юм билээ. Тэгэхээр бүлэглэлд л ямар нэг сонирхол байж гэж хардахаар. Одоо жишээ нь, Чайна энержи групп цариг дээр маргаан хийхгүй гэсэн байгаа биз дээ. Хоёр тал учраа олчих юман дээр Ц.Элбэгдорж бүлэглэл байгуулж дундуур нь хутгаснаас л гацсан, зогссон гэдэг нь тодорхой боллоо. Хутган, үймүүлж байгаад дундаас нь ашиг хүртэх сиймхий гаргах гээд л байсан юм шиг харагддаг. Орос биллиард тоглож байгаа юм шиг, бужигнаан дундаас буланд… гэх маягтай.
Ц.Элбэгдоржийн цаад сонирхол нь юу юм бэ?
– Мөнгө. Маш их мөнгөөр улс төрд хязгааргүй ноёрхлоо тогтоож болно гэж бат итгэсэн хүн. Эрдэнэтийг сүүгүй үнээ, овоолгыг нь хог гэж нүд үзүүрлэж байгаад Ачит Ихтийг байгуулж маш их мөнгө олсон. Тэр мөнгөөрөө монголын улс төрийг худалдаж авах гэж үзээд, цаашид үүрд хяналтдаа байлгах гэж мөрөөдсөндөө л Тавантолгойн 51 хувийг авах гэж улайрсан хүн. Тэр гэрээ батлагдсан бол улс төр маш бохир, маш тогтворгүй болох байсан. Улсаа утгаар нь самрах гэж байсан хүн шүү.
Ц.Элбэгдорж эх орондоо ирэхгүйгээр шийдсэн гэх агуулга таны нийтлэлд дурдагдсан. Тэр талаар тодруулаач?
– Монгол дахь үл хөдлөх хөрөнгүүдээ зарж байгаа зар, мэдээлэлд үндэслэсэн юм. Тэнгэр виллад амьдарч байсан хаусаа 3,6 тэрбумаар зарна гээд зар тавьсан. Стэнфордын зочин судлаач гэдэг нь төлбөр төлөөд тийм нэр авдаг тэр сургуулийн бизнес юм байна лээ. Ц.Элбэгдоржийн хичээлд суусан хүн байхгүй. Судалж байгаа сэдэв ч гэж байхгүй. Тэнд толгой хоргодох гэхдээ л элдвийг сэдээд, Украинд ч очоод, жагсаал цуглаан ч хийлгээд байсан юм билээ. Монголд улам бүр явуургүй болж байгаагаа мэдэрсэн, мэдсэн хүний л үйлдэл.
Тавантолгойг цаашдаа ямар тавилан хүлээж байна вэ?
– Тэрийг компаний удирдлага, Засгийн газар л сайн мэдэх байх. Би чамтай адилхан Тавантолгой монголчууд биднийх гэж итгээд, ногдол ашиг зэргээ өгөөсэй гээд хүлээж суудаг жирийн иргэн. Ямар ч байсан ард түмэндээ үлдсэн байна. Гацаа нь арилж, хөндлөнгийн хүний идэш болохооргүй болж. Чайна энержи асуудлаа ойлгож, хамтын ажиллагаагаа эхлүүлье гэж. Хэрхэхийг цөмөөрөө харах л үлдлээ.