
Бид энэ удаа контент бүтээгч, бизнесмэн Ё.Мөнхдэмбэрэлтэй ярилцлаа. Алхам тутамдаа өөрчлөлт, шинэчлэл эрэлхийлдэг тэр өнгөрсөн хугацаанд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа нэг хэсгээс хуваалцсан юм.
БИ ӨӨРТӨӨ СЭТГЭЛ ХАНАМЖГҮЙ БАЙСАН
-Таны сошиал хаягийг харахаар өөртөө их итгэлтэй, сэтгэл ханамжтай байгаа санагддаг. Анхнаасаа ийм байсан болов уу?
-Би огт өөр байсан. Арван жилдээ маш томоотой, янз бүрийн үйл ажиллагаанд идэвх муутай, эргээд бодохоор их залхуу хүүхэд байсан ч байж магадгүй. Жаахан сул дорой хүүхдүүд байдаг шүү дээ. Тийм хүүхэд байсан. Ямар сайндаа манай арван жилийн охин надаас асууж байсан. Ангийн төгсөлт дээр, “Чамайг хэн гэдэг билээ?” гээд. Би бүрэг ичимхий учраас маш эвгүй байдалд орсон. Хүүхдүүд ч инээгээд, би нэрээ хэлж байсан юм. Би өөртөө сэтгэл ханамжгүй байсан. Оюутан болж ирэхдээ, өөртөө нэг дүгнэлт тавьсан байсан юм. Тэр нь юу гэхээр, хүүхдүүд намайг ингэдэг, тэгдэг гээд гомдоллоод байх зүйл биш байна. Энэ бол зөв зүйл юм байна. Дарамт дээрэлхэл биш, шаардлага байгаа юм. Хувь хүн чинь бие хүн болох ёстой. Нас нь яваад байдаг оюун ухаан нь хөгжихгүй байж болохгүй шүү дээ. Одоо ч тийм хүмүүс байгаа шүү дээ. 30 нас хүрсэн гэчхээд, үг хэл, сэтгэж байгаа нь, байж байгаа нь өнгөрсөндөө үлдчихсэн. Хүн юм үзэх хэрэгтэй, төлөвших хэрэгтэй. Ухаарах хэрэгтэй. Тэгэхээр тэр бол яг зөв процесс юм байна гэж бодсон.
ГУРВАН ЖИЛ УУСАН МИНЬ ҮНЭН
-Өөрийгөө голж, өөртөө буруу өгөхөөс өнөөдрийн та бүтсэн гэсэн үг үү?
-Яг тийм. 14 жилийн өмнө би өөрийгөө өөрөөр харсан. Хоёрт, бүх бурууг өөртөө өгсөн. Ямар нөхцөл байдал байх нь үнэхээр сонин биш. Тэр нөхцөл дунд өөрийгөө юу гэж харж байна вэ гэдэг маш чухал. Миний бичлэгээр нэг мийм явчихсан байсан шүү дээ. Гурван жил би архи уусан. Яагаад гэвэл би өөрийгөө хайсан гээд. Яг үнэндээ тэр үнэхээр үнэн л дээ. Би дандаа л ялагдаж амьдарсан. Үнэхээр түүнээс залхаж байгаа юм. Дандаа ялагдаж амьдрахаас. Одоо үгүй. Дахиж би тэгэхгүй. Ядаж өөртөө хэлсэн нэг үгэндээ хүрч үзье, нэг зүйлийн ард гарч үзье гэж шийдсэн. Энэ байдал одоо бол дадал болчихсон. Би өөртөө үнэнч байдаг. Хүмүүсийн юу хэлэх нь нөлөөлөх нь нэг өөр асуудал.
Гэхдээ би түүнийг шийдэх юм бол, өөртөө амласан бол түүнийхээ төлөө явна. Хагалгааны дараа хүмүүс маш их мессеж бичсэн. Их гоё зохисон байна. Гоё болсон байна гээд. Би ч гэсэн өөрөө сэтгэл ханамжтай байгаа.
-Гоо сайхны хагалгаа хийлгэсэн эмэгтэйг хулхи гэдэг ч юм уу, хагалгаа хийлгэсэн хүмүүс ч өөрсдөө нуудаг асуудал түгээмэл. Үүнийг та юу гэж хардаг вэ?
-Энэ бол үнэндээ сэтгэл зүйн өвчин шүү дээ. Атаархал гэх мэтийн зүйл бол өөртөө сэтгэл ханамжгүй хүнээс гардаг. Тэр хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, гурван хамартай болно уу, дөрвөн хамартай болно уу хэнд хамаатай юм. Рокит бэйн дуу шиг чиний тархинд түрээсгүй амьдраад байгаа юм. Түүнийг тоох үгүй нь хүний эрх чөлөөний асуудал.
ХОЁР ДАХЬ АМЬДРАЛААРАА АМЬДАРЧ БАЙГАА ХҮН ШИГ Л САНАГДААД БАЙГАА
Одоо бол би хоёр дахь амьдралаараа амьдарч байгаа хүн шиг л санагдаад байгаа. Ер нь хүн болгон өөрчлөгдөх ёстой. Яагаад вэ гэвэл, бүх зүйл өөрчлөгдөж байгаа учраас бид ч гэсэн өөрчлөгдөх ёстой. Энэ чинь л амьдралын хамгийн гоё утга учир байна шүү дээ.
-Байнга өөрчлөгдөх гээд, хөгжих гээд хичээх төвөгтэй биш үү? Тайван амьдралын үндэс нь өөрийгөө бусдыг хүлээн зөвшөөрөх байдаг шүү дээ.
-Өөрчлөгдөхгүй бол би амьдарч чадахгүй. Зарим тийм хүмүүстэй би уулздаг. Яг л хэвээрээ л байдаг. Яриа нь хэвээрээ, амьдрал нь хэвээрээ, байж байгаа нь хэвээрээ. Түүнийхээ төлөө нэг ч өөрчлөлт хийхгүй байж гомдоллосон, хүн шүүмжилсэн, өөрөө шүүмжлээд байгаа хүнээсээ хэд дахин хачин бие хаагаа авч явдаг. Тэр амьдрал надад бүр хэцүү санагдаад байгаа юм.
ХҮНИЙГ ДУУРАЙГААД БАЙВАЛ ӨӨРИЙГӨӨ ХЭЗЭЭ Ч ОЛОХГҮЙ
-Та хүсэж байсан амжилтдаа хүрч чадсан уу?
-Би ерөөсөө л амжилттай байхын төлөө явсан. Түүндээ ч хүрсэн. Гэхдээ дараа нь харахад тэр бүх зүйл надад хэрэггүй байгаа юм. Би маш том гэрт, үнэтэй матрасан дээр шөнө бүр, минут секунд тутам зууханд байгаа юм шиг тарчилж хонож байна шүү дээ.
14 жилийн өмнө би амьд байгаагаа маш их үнэлсэн гэх юм уу. Эргэн тойрны хүмүүсээсээ хагацсан. Хүн ингээд л байхгүй болчихдог юм байна. Хүн байхгүй болсон ч бүх зүйл үргэлжлээд л явдаг юм билээ шүү дээ. Үсрээд л эргэн тойрны таван хүнд маш хүнд байна. Тэд 2-3 жил зовно. Тэгээд л бүх зүйл явдгаараа явна. Би эхээс гурвуулаа дээрээ нэг эгчтэй. Доороо нэг дүүтэй. Бид гурвуулаа л хамт өссөн. Дүүгээ гэнэтийн байдлаар алдахад жил гаруй хугацаанд сэтгэл зүйн асуудалтай болохоо алдсан. Түүнээс хойш ойлгосон зүйл бол. Хүн амьдрах хэрэгтэй. Амьдрал гэдэг бол дурсамж. Одоо би цагандаа маш харамч болсон. Нэгдүгээрт хамгийн хайртай хүмүүстээ л цаг гаргадаг. Ер нь тэнцвэржүүлэх ёстой.
-Үзэгчдэд хандаж хэлэх үг бий юу?
Чиний бүх шийдэл дотор чинь байгаа. Өөрийгөө маш үнэтэйд тооцож олборлоод, дотор байгаа баялгаа нээж илрүүлээрэй. Хүмүүсийг их дуурайх гээд байдаг. Гялалзаж байгаа хүмүүсийг хараад , ингэхээр л болдог юм байна гэж хараад байгаа юм. Хүнийг дуурайгаад байвал өөрийгөө хэзээ ч олохгүй.