
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулахдаа,
Энэ оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж буй Улс төрийн намын тухай хуульд намын дүрмээр гишүүдийн эрх, үүрэг, зохион байгуулалтын бүтцээс гадна намын удирдах дээд төлөөллийн төв байгууллага, гүйцэтгэх болон хяналтын байгууллагыг байгуулах журам, тэдгээрийн бүрэлдэхүүн, бүрэн эрхийн хугацаа, эрх хэмжээ болон намын салбар, бүтцийн нэгжийг байгуулах, татан буулгах зэрэг асуудлыг цогц байдлаар зохицуулахаар заасан. Түүнчлэн намын дүрэм, хөтөлбөрийг шинэчлэхэд гишүүдийн оролцоо ил тод байдлыг хангах олонхын саналаар шийдвэрлэх зарчмыг баримтлах, намын дүрэм, хөтөлбөрийг батлах түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг намын удирдах дээд байгууллагын онцгой бүрэн эрхэд хамааруулан хуульчилсан байна. Намын бүтэц, дүрмийг ардчиллын зарчимд нийцүүлэн шинэчлэхэд намын бүтцийн байгууллагуудад жендэрийн тэгш байдал, хүйсийн төлөөллийн оролцоог хуульд заасан хэмжээнд бүрдүүлсэн байх шаардлага мөн тавигдаж байгаа.
Эдгээр шаардлагыг богино хугацаанд хангахад ялангуяа Улсын Их Хуралд суудалгүй болон Улс төрийн намууд буюу нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан байх нөхцөлийг хангаагүй намуудад боломж хязгаарлагдмал байгаа гэх үндэслэл бий гэлээ.
Хуулийн дагуу Улсын дээд шүүхэд шинэчлэн бүртгүүлэх хугацааг хойшлуулах талаар Бүгд найрамдах нам, Шинэ нам, Эх орончдын нэгдсэн нам, Зүй ёс нам, Гэр хороолол хөгжлийн нам, Монголын социал демократ нам, Үнэн ба зөв намаас санал ирүүлснийг харгалзан хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан гэлээ.
Тэгвэл УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН нам, Үндэсний эвслийн төлөөлөл болсон гишүүд уг хуулийн өөрчлөлтөд эсрэг, тэсрэг байр суурьтай байна.
Хуулийн өөрчлөлттэй холбоотой санал хураалтыг өнөөдөр явуулна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
Ер нь улс төрийн намууд хариуцлагатай байх ёстой. Гэтэл парламентад суудалгүй намууд юу гээд байна гэхээр, хоёр сонгууль болсон. Одоо нэг сарын дотор дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлээд, 40%-ийн жендерийг бариад явах гэхээр хугацаа байхгүй. Тодорхой хугацаа сунгаж өгөөч гэж байгаа. УИХ шийдвэр гаргаад, энэ хугацааг сунгаад батлагдвал тэр хугацаандаа парламентад суудалтай, суудалгүй бүх намууд хуулиа хэрэгжүүлэхгүй байвал Улсын дээд шүүх бүртгэхгүй гэдэг тайлбараараа илэрхийлсэн байна лээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
Ер нь энэ Хамтарсан засагт намууд бүгдээрээ очоод орчихсон. Намууд ялгаагүй болчихсон. Дээрээс нь дотоод зохион байгуулалтын олон дэвшилтэт болон нийгмийн хэрэгцээ шаардлагыг олон зүйл дээр хийхгүй юм байна. Эцсийн дүндээ хэдэн намуудын асуудал биш Монголын парламентын чадавх, үнэлэмж, дархлааны асуудал , үүний цаана Монгол төрийн үнэлэмжийн асуудал болж хувирах вий гэдэгт санаа зовнисондоо хуулиа хэрэгжүүлье л дээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
МАН-ын хувьд энэ хуулийг хойшлуулах хэрэгцээ шаардлага бол байхгүй. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаа. МАН-ын бүлгийн хувьд хуулийн төслийг хэлэлцээд, ингэхдээ Ажлын хэсэг гаргаад хугацааг нь ажлын хэсэгтээ шийдээд 2027 оны наймдугаар сар гэдэг бол их хугацаа гэдгийг гишүүд хэлж байгаа учраас тодорхой яриад шийдэх боломж байгаа гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Б.Найдалаа:
ХҮН намын хувьд дүрмийн өөрчлөлт болон шинэ хуульд нийцэхэд ямар ч асуудал байхгүй. Ирэх долоо хоногт ч хурлаа хийгээд дүрмээ хэлэлцүүлээд Дээд шүүхэд бүртгүүлчихэж чадна. Бусад намууд, парламентад суудалгүй намууд нэгэнт ийм хүсэлт тавиад Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэх хугацааг нь хойшлуулах бодитой хэрэгцээ байгаа бол энд сууж байгаа гишүүд, намууд хүндэтгэх ёстой гэж үзэж байна. Улс төрийн намын шинэчлэлийг 2-3 жилийн дотор хүү хаа гээд хийдэг зүйл биш. 20 жил явж байгаа зүйл, дахиад энэ хууль нь хэрэгжээд явж байгаа, дүрмүүдээ бүртгүүлээд бэхжээд, дүрэм нь зөвхөн цаас биш ажил, амьдрал дээр хэрэгжээд үйлдэл болоод институц болох хүртэл 2-3 жил биш 5, 10 жил болно.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
“Үндэсний эвсэл”-ийн зүгээс энэ хуульд нийцүүлэн өөрчлөлтүүдийг хийж, тодорхой алхам хийж, хэрэгжүүлсэн. Үндэсний эвсэл гэх аппликейшн гаргасан, хэрэглэгдээд явж байгаа. Манай үүсгэн байгуулсан Монголын ногоон нам, Монголын Үндэсний ардчилсан нам бол дүрмээ шинэчлээд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байгаа. Парламентад суудалгүй намууд санал гаргасны дагуу хэлэлцэж байна гэж байна. Гэтэл парламентад суудалтай, ялангуяа МАН, АН энэ журамд нийцүүлэн дүрмээ шинэчлэх бүрэн боломжтой. Үүнийг би жинхэнэ шалтгаан биш шалтаг болгон ашиглаж байна гэж үзэж байна. Бүтэн 2 жил юугаа хийх гээд Их хурлаа хийж чадахгүй гэж далимдуулж хойшлуулах, 2027 оны наймдугаар сар гэхээр 2 жил 10 сарын хугацаа. Хэдийгээр хойшлууллаа гэхэд 6 сараар хойшлуулж болохгүй юу?